П.АМГАЛАНБАЯР

 

Танхимд ороход  намуухан эгшиглэх хөгжмийн аяс, ер бусын мэдрэмж төрүүлэх, өвөрмөц агаад этгээд дүрслэл, өнгөний хослол бүхий уран зургууд хослон тансаг орчинг бүрдүүлнэ. Халуун кофе уунгаа уран зургийн утга санаа агууламжийг хүүрнэн зогсох залуу хосууд, зураачийн дотоод ертөнц, ур чадварын илэрхийлэлийн хослол энгийн агаад тансаг аж. Энэ бол хотын төвд орших  “Аrtofub”-д дэлгэсэн зураач Б.Цолмонбаярын  “Домгийн цуурай”  үзэсгэлэнгийн оршихуй. Үзэсгэлэнд  42 зураг дэлгэснээс 12 нь зотон дээр зурсан өнгөт бүтээл, 30 нь хар, цагаан цаасан дээр бэхээр зурсан зураасан зураг байна. Тэрбээр монгол уламжлалт маягаар дижитал зураг зурдаг. Б.Цолмонбаяр үзэсгэлэнгийнхээ талаар “Цар тахлын дараа дэлхий ертөнц дээрх олон зүйл өөрчлөгдсөн. Тиймээс өөртөө 30 хоногийн сорилт тавьж, өдөрт нэг зураг зурахаар болсон юм. Тухайн өдөрт нь зургийнхаа зохиомжийг гаргаж, санаагаа олоод зураасан зургаа зурж дуусгадаг байлаа. Мөн зотон дээр ашиглаж үзээгүй материалаар зурахыг зорьсон. Үзэсгэлэн дэх зургууд өрнөдийн поп арт төрлийн чиглэлийн зургуудтай төстэй. Тиймээс поп артыг монгол сэтгэхүйгээр буулгахыг зорьсон” гэлээ.

 

“Эссэн дарсны амт”

Алс Торгоны замын худалдаачдаас ноён нь хатандаа иссэн дарс авчирч өгөөд хатны хацраас улаан бутарч суугаагаар  “Эссэн дарсны амт” зургийн агуулгыг дүрсэлжээ. Ширээн дээр тоор, усан үзэм тавьсан нь  жимсний дүрслэл, өнгөний уусалт энгийн агаад тансаг мэдрэмжийг төрүүлнэ. Зураач Б.Цолмонбаяр энэ зурагтаа XIII зууны үеийн хатны эдлэл хэрэглэлийг буулгасан байна. Мөн ширээн дээр  Юань улсын хөх шаазан ваарыг дүрсэлж оруулсан гэдгээ онцолж байлаа. Ширээн дээрх лаа асаасан байгаа нь үдшийн үзэгдэл гэдгийг харуулах аж. “Эссэн дарсны амт” зурагт хэдэн зууны тэртээх орчин, бүсгүйн гоо сайхныг буулгахдаа орчин үеийн элементүүдийг шигтгэн оруулсан нь зургийг дэндүү ихэмсэг, донжтой харагдуулж байлаа.

 

“Мангасын хатун”

Танхимын голд байх хурц тод улаан өнгийн дэвсгэр дээр үзэсгэлэнт хатныг буулгасан  байлаа.  Тэрбээр энэ зургийнхаа талаар “Монголын үлгэр домогт хүчирхэг, гоо үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд их дүрслэгдэн үлдсэн байдаг. Тиймээс аман зохиолын эшлэлүүдэд хөглөгдөж зургийнхаа утга агуулгыг гаргасан.  Монгол ардын аман зохиол болон угсаатны зүйн судалгаанд тухайн  үеийн аж байдал болон хүмүүсийн бичиж үлдээсэн материалыг цуглуулдаг. Судалгаан дээрээ тулгуурлаж зургууддаа орчин үеийн элементүүдийг шингээж зурсан. Тухайн үеийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл үлгэр домог тууль дээр гардаг. Тиймээс домог туульс  дээр гардаг үйл явдлыг уран сэтгэмжид оруулж зурсан.  “Мангасын хатун” зураг Монголын аман зохиолын ертөнцөд мангасууд үзэсгэлэнт хатантай суудаг. Туульс дахь мангасууд хатныхаа төлөө байлдаж байгаад үхсэн үү. Эсвэл хатан нь мангасыг алсан уу гэсэн эргэцүүлэлийг хүмүүст үлдээсэн.

 

“Өөрөөрөө өглөө”

Залуухан хатан эртлэн босож, унтлагын хувцасаа хараахан сольж амжаагүй  аж. Хатны хажууд байх тайга нохой нь нойрноос сэрэн эвшээлгэнэ. Харин  идлэг шонхор нь соргог харагдана. Ширээн дээр бортгон малгай, энгэсэгний  савыг дүрсэлсэн нь “Өөрөөрөө өглөө” зургийг илүү тодотгох аж. Тун ч тансаг, донж хэв маягтай зурагт XIII зууны өргөн ханцуйтай дээлийг мөн дүрсэлжээ. “Орчин үед монгол язгууртан эмэгтэйн өглөө яг л ийм хэв маягаар эхлэх болов уу гэж эргэцүүлсэн” гэдгийг зураач Б.Цолмонбаяр онцолж байлаа. Хатны сууж буй сандал нь орчин эвхэгддэг сандал гэдгээрээ этгээд агаад онцлог байлаа. Монголын XIII зууны түүхэн  зураг болох  Сүхбаатар аймгийн Дарьгангийн орчимд  байдаг хүн чулуун дээр ийм сандал дүрслэгдсэн байдаг. Төдийлөн зурагт буудаггүй эдлэл хэрэглэлийг зурагтаа шингээж харуулахыг зорьсон гэдгийг тэрбээр хэлж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 198 (6930)