Б.ОДМАГНАЙ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Урлаг” буландаа ятгын уянгалаг эгшгээр сонсогч олноо уяраах авьяаслаг уран бүтээлч Ө.Ариунхишигтэй холбогдож ярилцсан юм. Тэрбээр ятга хөгжмөөр 15 жил хичээллэж буй мэргэжлийн уран бүтээлч билээ.

-Таны хувьд багаасаа ятгаар хичээллэж эхэлсэн. Анх энэ хөгжимтэй холбогдсон түүхээсээ хуваалцаач?

-Миний хувьд багаасаа урлагт дуртай, хөгжим сонсдог  хүүхэд байсан. Тухайн үед төгөлдөр хуур сурахаар орос багшид шалгуулахаар очиж билээ. Гэвч намайг “Арай л жаахан байна. Дараа жил ирээрэй” гэж байсан. Үүний дараа тавдугаар ангидаа хуучнаар Хөгжим, бүжгийн коллежид шалгалт өгч ятгын ангид суралцаж эхэлсэн түүхтэй.

-Анхны тайз сэтгэлд тань хадгалагдан үлдсэн байх?

-2008 оны хавар “Ятгачны ач” гээд багш маань тайлан тоглолтоо хийсэн. Энэ тоглолт миний анхны тайз байлаа. Монгол ардын “Янжуур тамхи” уран бүтээлийг   төгөлдөр хуурын н.Цэцэгмаа багштай хамт тоглож байсан. Үнэхээр сайхан дурсамжтай санагддаг.

-Тайзан дээр хөгжмөө тоглох мэдрэмж ямар байдаг вэ?

-Бага байхдаа тайзан дээр гарахад их сандардаг байсан. Урлагийн хүмүүс  олимпын тамирчидтай яг адилхан. Урт хугацааны бэлтгэлийн үр дүн богино хоромд харагддаг. Багш маань “Чи 100 хувь давтлаа гэхэд тайзан дээр 50 хувийг нь гаргана гэж тооцоолоорой” гэж захьдаг. Тэгэхээр 200 хувь давтах шаардлага гарч байна. Олон удаа тайзан дээр гарахаар дадал суугаад сандрахгүй болно гэсэн ойлголт байдаггүй. Учир нь тайз бүр өөр мэдрэмж төрүүлдэг. Тайзнаас авдаг мэдрэмж бол үгээр хэлэмгүй тийм л нандин. Их аз жаргалыг мэдэрдэг.

-Та олон улсын хэмжээний гурван тэмцээнд оролцсон шүү дээ?

-Ятгаар өнөөдрийг хүртэл эх орондоо болон олон улсын гурван том хэмжээний тэмцээнд оролцож шагнал хүртсэн. Үндэсний хөгжимчдийн дунд болдог олон улсын хэмжээний тэмцээн бага зохион байгуулагддаг. Хамгийн сүүлд Б.Шаравын нэрэмжит олон улсын II уралдаанд оролцсон. Энэ тэмцээнд ангилалгүй өрсөлдсөн. Сүүлийн шатанд зургаан хөгжимчин үлдсэний нэгээр шалгарч байлаа. Үүнээс хойш зургаан жилийн хугацаанд тэмцээнд оролцохоос илүү олон арга хэмжээнд уригдаж хөгжмөө тоглосон.

-Мэргэжлийн хөгжимчин болоход хувь хүнээс ямар ур чадвар шаарддаг вэ?

-Ятга нь үндэсний агуу түүхтэй үнэхээр гайхалтай хөгжим. Хөгжим тоглодог хүн, хөгжимчин хоёр ялгаатай. Мэргэжлийн хөгжимчин болоход олон жилийн хөдөлмөр, тууштай байх, хичээл зүтгэл, тэвчээр их шаарддаг. Хөгжим тоглох нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Тухайлбал, хүүхэд байхдаа гадаа тоглохын оронд хөгжмөө давтдаг байсан. Залуучууд маань өв соёлоо дээдэлж, уламжлалт хөгжмөө сонсдог болоосой гэж хүсдэг.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Би хэдий залуу уран бүтээлч ч гэсэн чадахаараа олон зүйл хийсэн гэж боддог. Одоогоор би БНХАУ-ын Тяньжин хотын Урлагийн их сургуульд анхны монгол оюутнаар суралцаж байна. Ирээдүйд хөгжмийнхөө чиглэлээр шинэ зүйлийг хийнэ. Өнөөгийн нийгэмд хөгжлөө дагаад хоёр мэргэжилтэй байх шаардлага гарч байгаа. Тиймдээ ч Хятадад Соёлын бүтээлч үйлдвэрлэл мэргэжлээр Taipei National University of the arts сургуульд суралцаж байна. Мөн Сhinese Culture University сургуульд ятгын хичээлд хамрагддаг. Цаашид сурсан зүйлээ өөртөө хадгалахгүйгээр түгээн дэлгэрүүлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 187 (6919)