Д.ДАРАМБАЗАР
Монголын бүх ард түмний XV спортын наадмын воллейболын төрөлд түрүүлсэн “Эрчим” клубын тамирчин, спортын мастер Л.Хосбаяртай ярилцлаа.
-Алтан медалийн төлөөх тоглолтод “Тэнүүн-Огоо” багтай таван үе хүчтэй өрсөлдөж ялсан. Тоглолтын үеэр ямар тактикийг боловсруулж тоглов?
-Аваргын төлөө тоглосон “Тэнүүн-Өлзий” багтай энэ тэмцээний үеэр нэг ч тоглолгүй өрсөлдөж байгаад эцэст нь таарч тоглосон. “Тэнүүн-Огоо” багтай өмнө нь манай баг энэ оны таван сард болсон Hobby challenge тэмцээний үеэр мөн аваргын төлөө таарч, хожсон. Тус тэмцээнд оролцсон тамирчдын бүрэлдэхүүн хэвээрээ байсан ч 1-2 тоглогчийн өөрчлөлт орсон нь ялгаатай талыг үүсгэсэн. Тэмцээний үеэр дасгалжуулагч “Бид нарын давуулалт эсрэг багийн сул тал учраас эхний бөмбөг муу авдаг тоглогч руу давуулалтаа чиглүүлээрэй” гэж хэлсэн. Эхний хэсгийн тоглолт дундаа ороход эсрэгээрээ манай багийн нэгдүгээр бөмбөг авалт муу болж оноонуудаа алдсан. Тиймээс эхний “пасс”-аа сайжруулж хурдан довтолгоог хийх даалгаврыг дасгалжуулагч өгсөн. Мөн давуулалтаа сайжруулах хэрэгтэй гэж зөвлөсөн. Үүний үр дүнд эсрэг багаа 3-2 харьцаатайгаар хожиж энэ тэмцээний аварга баг болсон.
-Оноо дутуу тоглолтод жижиг алдаанаас хамаарч алдаа гаргасан тохиолдол байсан уу?
-Жижиг алдаануудыг гаргасан. Энэ тэмцээн дээр багийн бэлтгэл муу орсон учраас олон алдааг нэг дор гаргасан. Холболтын үеүд дээр нам хагасын довтлогчийн гарт бөмбөгөө өгч чадахгүй, шууд өндрийн тоглогч руу чиглүүлж шидэж байсан. Байнга өндрийн тоглогч довтлоод ирэхээр хамгаалалтад орсон тохиолдол гарсан. Эсрэг багийн хаалтыг саринуулж чадахгүй байсан.
-Та саяхан энэ багтайгаа нэгдсэн шүү дээ. Яагаад энэ багийг сонгох болов?
-Өмнө тоглож байсан “Хобби Эйсс” клубтээ 2021 он хүртэл гэрээтэй байсан. Лигийн тоглолт дуусаж гэрээгээ дахиж сунгахгүй гэж бусад дөрвөн тамирчинтайгаа ярилцсаны дараа шинэ багт нэгдэх боломж гарсан. “Эрчим” клубт нэгдэж шинэ багийнхаа өмсгөлтэй анхны алтан медалиа аваад байна. “Эрчим” клубт нэгдэх болсон шалтгаан нь энэ баг олон жилийн түүхэн амжилтуудтай баг. Гэхдээ уналтад орсон энэ хугацаанд нь дахин шинэ түүхийг бүтээхийг хүссэн.
-Оноо дутуу үед холбогч л тоглолтыг илүү найруулж оноог явуулах ёстой. Ийм үед хэрхэн тоглолтыг мэдэрч оноо авдаг вэ?
-Дасгалжуулагч алдсан онооны статистакыг минутын амралт авч байгаад танилцуулдаг. 15 оноо алдсан бол дөрөв нь хамгаалалтаас, гурав нь довтолгооноос гэж хэлдэг. Тиймээс энэ алдаануудаа ойлгож дахиж давтахгүйн тулд холболтоо сайн хийж довтолгооны хувилбарыг найруулдаг. Энэ үед дасгалжуулагч хаашаа өгвөл илүү хамгаалалтгүйгээр оноо авахыг хүртэл хэлж өгдөг. Тиймээс гүйцэтгэл сайн хийхийг хичээдэг. Холболт муу байвал хэсэг сууж байгаад өөрөө өөртэйгөө ярилцдаг.
-Оноо дутуу үед сэтгэл зүйгээ хэрхэн тогтвортой байлгадаг вэ?
-Багийн сэтгэл зүйг бэлдэхэд дасгалжуулагч болоод багийн ахлагч чухал үүрэгтэй. Дасгалжуулагч багийнхаа тамирчдад давуу талыг нь сайн ойлгуулж өгөх нь их чухал. Өөрийнхөө давуу тал онцлогийг ойлгосон тамирчин өөртөө итгэлтэй сайн тоглолт үзүүлдэг. Миний хувьд ямар ч тоглолтын шийдвэрлэх үед сэтгэл зүйгээ тогтвортой байлгадаг гэж боддог. Тиймээс аваргын төлөөх тоглолтуудад яаж оноог ойртуулах, багийнханаа, довтлогчдыг яаж сул довтлуулах талаар л боддог.
-Олон жил тоглож байгаа болохоор бие биенээ ойлголцоход амар байдаг байх даа?
-Тиймээ. Тоглолтын дундуур яаж довтлох, хуурахаа мэддэг болохоор холболт хийхэд амар байдаг. Шинэ багийн хувьд өмнө нь тоглож байсан тоглогч нар болохоор ойлголцохгүй гэсэн асуудал байхгүй.
-Воллейболын спортод өндөр намын зөрүү ялгаатай талыг үүсгэдэг. Таны хувьд өөрийгөө намхан гээд сэтгэлээр унаж байсан үе байгаа юу?
-Зургаадугаар ангид орох жил аав маань Д.Эрдэнэчулуун багш дээр дагуулан очиж “Энэ хүүхдийг сайн холбогч болгоорой” гэж хэлээд шавь болгон оруулж байсан. Түүнээс хойш энэ спортоор 14 жил хичээллэхдээ “больё” гэж бодож байсан үе бий. Учир нь намхан учраас их “гологддог”. Харин сүүлийн үед воллейболын спортод холбогчийг хүн бүхэн хийдэггүй юм аа гэдгийг ойлгосон. Мөн намхан гэдэг ойлголт намайг илүү хурцалж өгсөн.
-Үзэгчид спортын ордонг дүүргэдэг болсон байна. Өмнөх үеэ бодвол эмэгтэй воллейбол хэр хөгжиж байна?
-Үзэгчид спортын ордонг дүүргэж байгаа нь энэ спорт хөгжиж байгаа илтгэж байна. Хэдэн жилийн өмнө өндөр тоглогчид их байсан бол одоо намхан болсон. Намхан тоглогчид их болсон ч тоглолтын хэв маяг өмнөх үеэсээ өөрчлөгдөж илүү сайн болсон. Монголын эрэгтэй воллейболчид илүү өндөр болсон. Үүнтэй харьцуулж үзвэл сулбагар байгаа. Учир нь шинэ, өндөр тоглогчид доороос дэвшиж гарч ирж чадахгүй байна. Шинээр гарч ирсэн ганц нэг тамирчдыг өөр улс иргэншил өгөөд өөрийн улсын нэр дээрээ тоглуулдаг. Мөн бусад орны тамирчдыг харахад 1.80 см-ээс дээш өндөртэй тоглогчид байдаг. Тэд өндрөөс гадна ур чадвар сайтай, хүчтэй. Манай тамирчид эдгээр тоглогчдоос өндрөөс гадна бэлтгэл, туршлага дутдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 186 (6918)