Х.ХАТАН
Европ дахь монголчуудын Волейболын аварга шалгаруулах наймдугаар тэмцээн "Хоггүй цэмцгэр орчин" уриатайгаар Швейцарын Холбооны улсын Женев хотод эхэллээ.
Энэ удаагийн тэмцээнд орон орноос ирсэн 37 багийн 350 гаруй тамирчид өрсөлдөхөөр нээлтийн ёслолд жагссан байна. Уг тэмцээнийг Бельги улсад амьдран суудаг Гаадангийн Нямрагчаа, Дашнямын Төгс-Отгон нар 2013 онд анх санаачлан зохион байгуулж эхэлсэнээс хойш Европт амьдран суугаа монголчуудын хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээнүүдийн нэг болжээ.
2019 онд Герман улсын Берлин хотноо долдугаар тэмцээн зохион байгуулагдсанаас хойш цар тахлын нөлөөгөөр гурван жил завсарласны эцэст ийнхүү дахин зохиогдож байна.
Энэ удаагийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Л.Батчулуун үүсгэн байгуулагчтай Швейцарын монголчуудын"GM-STAR” спорт клуб, хамтран ажиллагчаар Монгол Улсын элчин сайдын яам, Европ дахь монголчуудын Волейболын холбоо, Швейцарь Монголын нийгэмлэг, Монголын волейболын холбоо, Натур мед ноён клуб ажиллаж байна.
Санхүүгийн хувьд чамгүй зардалтай, олон хүний хүч хөдөлмөр шаардсан уг арга хэмжээг Sodgerel Cachemire de Mongolie, MGL Sushi, Shushi men, Инвескор, Bloro Muzla сomme des nomads, Super jamp world association, Натур мед клуб, Tunga Urtnasan Франц хэлний сургалт, Beaute et bien-etre massotherapie Saraa Baiviikhuu, Лузанн хотын "Гуч" компани Э.Чинзориг, Женевийн хүүхдийн нийгэмлэг, Европын Монгол шагай харвааны хамт олон зэрэг олон компани, хувь хүмүүс ивээн тэтгэжээ.
Тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилж, хоёр насны ангилалд аваргуудаа тодруулна.
Эх сурвалж: www.polit.mn