Б.НЯМСҮРЭН
Зууны мэдээ сонины “Хөгжим хэмнэл” буландаа лимбэ хөгжмөөр аялгуу урлаж эгшиглүүлэх Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын лимбэчин С.Мөнх-Эрдэнийг урилаа. Тэрбээр хүний сэтгэлийн нандин утсыг хөглөж, аз жаргал, амар амгаланг хөгжмөөр дамжуулан мэдрүүлдэг авьяаслаг нэгэн билээ.
-Лимбэ нь битүү амьсгааны урлаг гэдэг. Битүү амьсгааны арга барил нь хэзээнээс бий болсон бэ?
-Эрт цагаас монгол түмэн лимбийг ашиглахдаа битүү амьсгаагаар хөгжимдөх арга барилыг бий болгосон. Манай соёлын биет бус өв билээ. Лимбээр уртын дууны аялгууг тоглож болдог. Уртын дууны хөг аялгуутай хамтран тоглоход тохиромжтой хөгжмийн зэмсэг бол лимбэ. Битүү амьсгааны хосгүй урлаг нь 2011 онд ЮНЕСКО-гоос яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг.
-Та лимбэ хөгжмийг багаасаа тоглож сурсан гэсэн үү?
-Одоогоос 10 жилийн өмнө авга ах Ш.Жанцанхүүгээр нотыг нь заалгаж сурч байлаа. Тэр үеэс л сурахын төлөө уйгагүй хөдөлмөрлөсөн. Эргэлт буцалтгүйгээр хөгжимчин болох хүсэлдээ хөтлөгдөж СУИС-д суралцаж төгссөн. Монголын урлагт тодоор гялалзсан хүмүүсийг төрүүлэн гаргасан сайхан сургууль багш нараараа үргэлж бахархдаг.
-Монголын Лимбэчдийн холбооны тэргүүн, доктор Ц.Цэвэгсүрэн таны багш юм билээ. Багшийн захиас юу вэ?
-Багш нараараа хөгжмийн онол, арга барилыг заалгасандаа баяртай байдаг. Ц.Цэвэгсүрэн багшийнхаа удирдлага дор дөрвөн жил суралцсан. Хөгжим хүнээс хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Тиймээс багш дээрээ лимбэ хөгжмөөрөө мэргэшихээр магистрт сурч эхэлсэн. Тоглож байгаа зохиол дээрээ сайн ажиллах хэрэгтэй гэж хэлдэг. Мөн хөгжмөөрөө олон сайхан бүтээл туурвих урам өгдөг. Багшийнхаа итгэлийг алдахгүйн төлөө лимбэ хөгжмөөр олон сайхан бүтээл гаргаж, түгээн дэлгэрүүлэн сурталчилна.
-Өөрийнхөө тоглодог уран бүтээлээс хуваалцаач?
-Хоёр сэтгэл, Хайрын аялгуу, Эетэн Монгол, Лимбэ нутаг зэрэг бүтээлүүдээ язгуур хөгжмийн хамтлагтай хамтарч гаргасан. Уран бүтээлээс маань Лимбэ Нутаг бүтээлийг маань хүмүүс сонсоосой гэж хүсдэг. Одоогоор Сэр сэр салхи хэмээх уран бүтээл гаргахаар ажиллаж байна.
- “Лимбэ Нутаг”- ийг хүмүүс сонсоод юу мэдрээсэй гэж боддог вэ?
-С.Эрдэнэбулгийн зохиол “Лимбэ Нутаг” хэмээх бүтээлээ гаргасан. Хүн бүрийн сэтгэлд төрсөн нутаг нь уяатай байдаг. Тиймээс нутгийнхаа сайхныг хөгжмөөрөө дүрсэлж гаргахыг зорьсон. Нүдээ аниад бүтээлийг маань сонсоход нутаг нь дүрслэгдэх болов уу. Алс хол амьдарч байгаа болон нутгаа хайрладаг хүмүүсийн сонсох дуртай хөгжмийн нэг болоосой гэж хүсэж байна. Хөгжимчин тоглож буй бүтээлээ хүний сэтгэл зүрхэнд хүргэх ёстой. Тайзнаа гарахдаа үзэгчдэд лимбэ хөгжмийн гайхамшигт шидийг мэдрүүлэхийг чухалчилдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 179 (6911)