Б.ДАРЬСҮРЭН

“Зууны мэдээ” сонин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-ШӨХТГ-ын удирдлагаар томилогдохдоо ямар төсөөлөлтэй ажлаа хүлээн авч байсан бэ?

-Миний бие төрийн байгууллагад мэргэжилтнээс эхлээд Хэлтсийн болон Тамгын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байлаа. Энэ үеэс л ШӨХТГ-тай тодорхой асуудлууд дээр хамтарч, иргэний хувиар ч гомдол, саналаа шийдвэрлүүлж байсан учраас энэ байгууллагын талаар тодорхой хэмжээний ойлголттой асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхэд хангалттай гэж харж байсан. Гэвч яг ирээд ажиллахад хүн хүчний дутагдал болон байгууллагаа бэхжүүлэх асуудал тулгарч байна. Мөн өрсөлдөөний орчныг сайжруулах, үүгээр дамжуулан хэрэглэгчдэд чанартай, өргөн сонголттой бараагаар үйлчлэх, эрэлт нийлүүлэлтийг зохицуулах асуудал гарч ирж байна.

-НИТХ-ын төлөөлөгч болон ШӨХТГ-ын даргаар ажиллахын ялгаа нь юу байна вэ?

-НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахад мөн л иргэд рүү чиглэж, санал гомдлыг шийдвэрлэхэд анхаарна. Гэхдээ өөрөө бие даан шийдвэрлэх боломж хомс л доо. ШӨХТГ-ын хувьд санал гомдол, хувийн хэвшил хоорондын өрсөлдөөнтэй холбоотой асуудлуудыг хууль эрх зүйн үндэслэлтэйгээр бие даан шийдвэрлэдгээрээ давуу талтай. Жишээлбэл, авто зогсоолын төлбөрийн асуудал байна. НИТХ-ын төлөөлөгч энэ асуудлаар тогтоол баталдаг бол ШӨХТГ хяналт тавьдаг. Намайг ажил авснаас хойш зогсоолын төлбөрийн асуудал хурцаар яригдсан. Зогсоолоор дамжин өнгөрч хүн буулгах, зогсоол зайгүйгээс буцаж гарсан тохиолдолд “орсон л бол орсон” гээд төлбөр авч буй нь иргэдийг хохироож байсан нь ил болсон. Энэ асуудлыг албан бичгээр хүргүүлснээр НИТХ долдугаар сарын 1-нд ээлжит бусаар хуралдаж, зогсоолын эхний 15 минутыг үнэгүй байх зохицуулалт хийсэн. Харин шатахууны тусгай зөвшөөрөл, цемент, хүнсний ногооны үнийн өсөлттэй холбоотой асуудлуудаар судалгаа хийж, санал дүгнэлт боловсруулан харьяа бодлогын яамдад нь хүргүүлэн ажиллаж байна.

-Таныг ажлаа авснаас хойш хэчнээн зөрчилд ямар хэмжээний торгууль ногдуулсан бэ. Аль салбарт зөрчил их гарч байна?

-Ажлаа авснаас хойш таван сарын хугацаанд ирсэн гомдол саналуудыг авч үзвэл зах, дэлгүүр, худалдааны төвүүдтэй холбоотой хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн гомдол 40 гаруй хувийг, өрсөлдөөнийг хязгаарласан, хууль бус худалдааны арга хэрэглэж хэрэглэгчдийг хохироосон тухай гомдол 40, бусад гомдол 20 хувийг эзэлж байна. Мөн хувийн хэвшлийн хийх ажлыг төрийн байгууллага гүйцэтгэдэг, тэндээ өрсөлдөөнийг хязгаарласан шийдвэр гаргадаг, төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулахдаа аль нэг талд давуу байдал бий болгосон гомдлууд ирж байна. Давтамжтай ирж буй нийтлэг  гомдлуудыг судлан нэгтгэж, тухайн салбарт нь нэгдсэн хяналт шалгалтыг хийж, зөрчил гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоож, тухайн төрлийн гомдол дахин гарахгүй байх арга замыг судалж, шийдвэрлэн ажиллаж байгаа. Сүүлийн таван сарын байдлаар 403 хэрэглэгчийн 260 сая 237 мянган төгрөгийн хохирлыг барагдуулж, 51 захиргааны хэрэг шалгаж, 45 иргэн, ААН-д 405.2 сая төгрөгийн торгууль оногдуулж, хоёр хэрэг нэхэмжлэгч талд шийдвэрлэгдэж, дөрвөн хэрэг дээр иргэний хохирлыг барагдуулж, эвлэрч шийдвэрлэсэн байна.

-ШӨХТГ-ын даргаар томилогдоод таван сарын хугацаа өнгөрчээ. Монгол Улсад шударга өрсөлдөөн ямар байна вэ. Өрсөлдөөний орчныг бэхжүүлж, хуулиудад хяналт тавихад хүн хүчний хүрэлцээ ямар байна?

-Миний хувьд энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар энэ албанд томилогдсон. Үүнээс хойш байгууллагыг удирдан Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Монгол хэлний тухай, Нөхөрлөлийн тухай, Зар сурталчилгааны тухай, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай, Сонгуулийн тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад хяналт тавин, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Дэлхий дахинд үүсээд буй эдийн засгийн хүндрэлтэй энэ үед шударга өрсөлдөөний орчныг бэхжүүлж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг нэн түрүүнд тавьж байна. Монгол Улсад цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор импортын барааны хомстол, үнийн өсөлттэй уялдаад өрсөлдөөний зарчмаар явахгүй байх явдлууд гарч байна. Мөн эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор төрийн байгууллагуудын зүгээс гаргаж буй зарим шийдвэрүүд өрсөлдөөнийг хязгаарласан байж болзошгүй шийдвэрүүд гарч байна.

ШӨХТГ 2005 онд 33 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж ганцхан Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд хяналт тавьж ажиллаж байсан бол өнөөдөр 36 алба хаагчтайгаар есөн хуульд хяналт тавин ажиллаж байна. Иймд хүн хүчний хүрэлцээ муу байдаг. Жишээлбэл, ломбарднуудад шалгалт хийж, торгуулийн арга хэмжээ авсан талаар мэдээллэхэд, иргэд “угаасаа ийм байсан, одоо л мэдэж байгаа юмуу” гэх мэт сэтгэгдэл ирүүлж байсан. Гэтэл манай 36 алба хаагчийн найман байцаагч нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг бөгөөд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1500 гаруй ломбардны хаана нь ч хүрэхгүй. Тиймээс бид иргэдтэйгээ хамтран ажиллаж байна. Хэрэглэгч өөрт тохиолдсон болон бусдын эрх зөрчигдөж болзошгүй асуудлын талаар тухайн байгууллагад нь шаардлага тавих, хүлээн аваагүй тохиолдолд бидэнд хандан шийдвэрлүүлж орон тооны бус байцаагч мэт хяналт тавьж ажиллуулахын тулд “ШӨХТГ-ын 3 сая 400000 орон тооны бус байцаагч” гэх уриалгыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Мөн “хэрэглэгчийн утас 115” дугаарын үнэ төлбөргүй утас ажилладаг, олон нийтэд нээлттэй ажиллаж эхэлснээр бидэнд ирэх гомдлын тоо эрс ихэссэн. Тэдгээрийг салбар бүрээр нь ангилж, нэгдсэн байдлаар шийдвэрлэж байна. Тухайлбал, модны зах, банк, авто засвар, үүрэн телефоны операторуудтай холбоотой гомдлыг шат дарааллаар нь шалгаж байна. Өргөдөл, гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэх боломжтой. Хэдийгээр хүний нөөцийн асуудалтай ч гэсэн одоогоор хугацаа хэтэрсэн нэг ч гомдол байхгүй.

-Хамгийн сүүлд олны анхаарлыг татаад буй банкуудын нэг хувийн шимтгэлийг шалгаж, банк тус бүрт 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Үүнтэй холбоотойгоор танд ямар нэгэн дарамт ирж байна уу?

-Анх 14 жилийн өмнө төрийн албанд мэргэжилтнээр орохдоо Төрийн албан хаагчийн тангараг өргөснөөр одоог хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. Би болон манай байгууллага хууль хэрэгжүүлэгч учраас хуулийн хүрээнд ажиллахад айж эмээх зүйл алга. Одоогоор надад ирсэн дарамт, шахалт алга.

Тангараг өргөсөн төрийн алба хаагчийн хувьд ямар нэг гадны нөлөөнөөс ангид байж, ажиллах хугацаандаа тухайн байгууллагын чиг үүргийн хүрээнд тултал нь ажиллая гэсэн зорилго бий.

Банкны зээл олгосны нэг хувийн шимтгэл авч буй асуудал  хуулинд нийцэхгүй буюу иргэдийг хохироож байгаа учраас арга хэмжээ тооцсон. Эргэн сануулахад, наймдугаар сарын 12-нд Улсын байцаагчийн шийдвэр гарч 30 хоногийн хугацаанд зөрчлөө арилгаж, торгуулиа төлөх албан даалгавар хүргүүлсэн. Энэ хугацаанд банкууд гомдол гаргах эрх нь нээлттэй. Одоогийн байдлаар Богд, Капитрон банкнаас “Энэ шийдвэр нь хуулинд нийцэхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэх гомдол манайд ирсэн. Нотлох баримтын хүрээнд хуулийн дагуу гаргасан шийдвэр тул хүчингүй болгох боломжгүй. Бусад банкнаас ч шүүхэд гомдол гаргасан байх боломжтой тул ажлын тав хоногт хүлээгээд хандаагүй тохиолдолд шүүхийн журмаар шийдэж, үр нөлөөг арилгуулахаар ажиллах юм.

-Хоёрдугаарт, чингэлгийн бөөгнөрөл, ачаа тээврийн асуудал иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Үүний дагуу танайх цахим хурал хийгээд ямар шийдэлд хүрэв?

-Өнгөрсөн долоо хоногт “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагууд болон тээвэр зуучлалын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, саналыг нь сонссон. Талуудын санал дээр үндэслэн ажлын хэсэг гаргаж, хамтран ажиллах албан бичгээ УБТЗ-д хүргүүлээд байна. Тээврийн асуудлаас шалтгаалсан үнийн өсөлт бий болсон тул иргэдээс ирсэн гомдлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран шийдвэрлэх юм. Хэрэглэгчийн талаас харахад, захиалсан бараа нь хугацаандаа ирдэггүй, хүнсний бараа нь хүлээгдэх явцдаа хугацаа нь дуусч хүнсний аюулгүй байдалд нөлөөлөөд зогсохгүй, эцсийн дүндээ худалдан авагчид хохирч байгаа юм.

-Түгжрэлийг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын сүүлийн орноор ангилж, хөдөлгөөнд оролцуулах асуудал үүссэн. Иргэдийн зүгээс яваагүй өдрийнхөө тоогоор татвараа хөнгөлүүлэх санал гаргасан. Ингэж болох уу?

-Жилийн 365 хоногийн 50 хувьд нь хөдөлгөөнд оролцоогүй бол тэр хэмжээний татвараа л төлөх ёстой. Хэрэглэгч гэдэг нь хэн бэ гэхээр бизнесийн бус зорилгоор бараа, үйлчилгээг амьдралынхаа хэрэгцээнд худалдаж авсан, түрээслэж буй этгээдийг хэлнэ. Гэтэл хуулиар “хэрэглэгч нь гарч буй зардалдаа нийцсэн үйлчилгээг авна” хэмээн заасан байтал бүтэн төлбөр төлчихөөд, тал үйлчилгээ авч байгаа нь хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн үйлдэл мөн. Тиймээс иргэдийн гаргасан санал нь зүй ёсны асуудал гэсэн үг.

-Олны анхаарлын төвд орсон асуудлууд ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй намждаг. Жишээлбэл, IPTV үйлчилгээ үзүүлэгч компаниуд ӨНТВ-ийн хураамжийг хэрэглэгчдээс нэмж авах асуудал байна л даа?

-Энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж байна. Уг нь “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн дагуу үйлчилгээ үзүүлэгч компани нь үндсэн багцын орлогоос “Монголын телевизүүдийн холбоо”-нд тушаах ёстой байтал хэрэглэгчдийн сарын төлбөр дээр тооцож буй явдал. Мөн орон сууцны ус, дулааны төлбөр дээр даатгалын төлбөр гэж 1500-2500 төгрөг авч гэнэтийн гал усны аюул нүүрлэсний дараа даатгалын компанид хандахад, нөхөн олговор олгохгүй байх гомдол ирсээр байна. Мөн СӨХ-той холбоотой буюу хуучин орон сууцанд 12 мянган төгрөг төлдөг байтал шинээр ашиглалтад орсон, ашиглалтын зардал бага орон сууцанд 30 мянга болон түүнээс дээш төгрөгийн төлбөр авч байна гэх асуудал бий. Үүнд иргэдийн оролцоо чухал юм. СӨХ-г оршин суугчид нэгдэн байгуулдаг тул ашиглалтын зардал ямар байхыг шийдэж, хяналт тавих ёстой. Манай зүгээс “Шилэн СӨХ” арга хэмжээг хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүд дурын аппликейшнээ сонгон өөрийн санхүүжилт, зардлаа тайлагнах боломж бүрдэж байна.

-Шударга өрсөлдөөн гэхээр голдуу хувийн хэвшилд шалгалт хийж, арга хэмжээ тооцдог бол төрийн байгууллагад хийх шалгалт ямар хэмжээнд байна. Төрийн үйлчилгээ авахад иргэдийн эрх багагүй зөрчигддөг шүү дээ?

-ШӨХТГ-аас төрийн байгууллагын гаргасан шийдвэрт хяналт тавих ганц функц байдаг нь төрийн байгууллагын гаргасан шийдвэр өрсөлдөөнийг зөрчсөн, ямар нэг байгууллагад давуу байдал олгосон байх тохиолдол юм. Төрийн байгууллагатай холбоотой ирдэг гомдлын дийлэнх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу төрийн байгууллага тендер зарлахдаа өрсөлдөөнийг хязгаарласан, аль нэг байгууллагад давуу байдал олгосон байж болзошгүй гэх гомдлууд байдаг. Энэ тохиолдолд бид тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж дахин зарлах, тендерийг бүхэлд нь хүчингүй болгох зэрэг арга хэмжээг авдаг. Үүнээс үүдээд хөрөнгө оруулалтын ажил хугацаа алдаж, зарим нь он дамжиж хэрэгжихгүй д ч хүрэх үр дагавартай юм. Гэвч төрийн байгууллага нэгнээ торгох боломжгүй тул гаргасан, зөрчлөө  арилгаагүй, эс үйлдэхүй үзүүлж буй тохиолдолд бид АТГ-т хандаж ажиллаж байна. Одоогоор хоёр байгууллагыг АТГ-аар шалгуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 177 (6909)