Б.НЯМСҮРЭН

УДЭТ-ын жүжигчин О.Хонгорзулыг онцолж байна. Тэрбээр өөрт оноогдсон дүрээ чадварлагаар гаргадаг залуу уран бүтээлч билээ.

 

-Та СУИС-ийн Театр урлагийн сургуульд сурч 2020 онд дүүргэсэн юм билээ. Жүжигчний ур чадварыг зааж сургасан багш нар нь театрын уран бүтээлч болоход нөлөөлсөн үү?

-Одоогоос зургаан жилийн өмнө СУИС-ийн хөгжимт театрын жүжигчний дөрвөн жилд нэг удаа элсэлтээ авдаг шалгуур өндөртэй ангид шалгалт өгч байлаа. Шалгалтдаа тэнцэж Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ц.Батнайрамдал багш нарын шавь болсон. Хоёр багшаасаа их зүйлийг сурч мэдсэн. Хувь хүн талаасаа хүн байх ухаан, биеэ зөв авч явах, аливаад үнэн  ч шударга байх  гээд олон зүйл сурсандаа талархдаг. Багш нар маань “Театрын од болох ёстой шүү” гэж урам өгдөг байсан. Тэгээд л театрын уран бүтээлч болох хүсэлдээ хөтлөгдсөн.

-Оюутны ширээнээс гараад удаагүй шинэхэн жүжигчин театрын юунд татагдав?

-Оюутан байхдаа театрын жүжиг, уран бүтээл их үздэг байсан. Тайзан дээр өөрийгөө байгаагаар их төсөөлдөг байлаа. Тухайн үед мөрөөдөж боддог бүхэн  минь биелсэн. Жүжигчин хүн бүр театрын уран бүтээлч болох хүсэл байдаг болов уу. Театрын үүдээр ороход л цаанаасаа өөр мэдрэмж төрдөг.

- Анх Лев Николаевич Толстойн “Анна Каренина” жүжгийн гурван дүрд ажилласан.  Өөр ямар тайзны бүтээлд ажиллав?

-Анх “Анна Каренина” сонгодог жүжигт дүр ажилласан.  Жүжгийн Кити Шербацкая, Сорокин вангийн гүнж Сорокина, асрагч гэсэн дүрүүдэд ажилласан.  Учир нь романаа уншиж, киног нь үзэж байсан. Их таалагддаг. Хэзээ нэгэн цагт энэ зохиолын дүрд ажиллах  боломж гаргаасай гэж хүсдэг байсан. IV курст байхад тус бүжигт сонгон шалгаруулалтад орж дүрд ажиллах боломж нээгдсэн. Сонгодог бүтээлд ажиллах боломж олгосон Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар багшдаа баярлаж явдаг юм. “Анна Каренина” жүжгийн дараа Д.Цогнэмэх найруулагчийн “Хаадын хаан” түүхэн жүжигт Чингис хааны хайртай хатан болох Хулан хэмээх эрэмгий зоригтой хатны дүрд ажилласан. Мөн Д.Намдаг  найруулагчийн “Шинэ байшинд” жүжгийн Цэцгээгийн дүр бий.  Одоогоор “Миний аав супер баатар” хүүхдийн жүжигт цох охины дүрээр ажиллаж байна. Үе үеийн УДЭТ-ийн уран бүтээлчдээсээ үлгэр дуурайлал авч суралцахыг хичээдэг. Дүр бүтээхдээ мундаг чадварлаг хүмүүсээс суралцаж, тэдний заавар зөвлөгөөг дагадаг.

-Сонгодог жүжгийн аль дүр нь  хүмүүст  их хүрсэн бэ?

-Дүр бүрээ хүмүүст хүргэхийн тулд чадахаараа хичээж ажилласан. Дүрүүдээсээ онцолбол Китиг Шербацкая дүр. Энэ охин нь 18 настай. Сорокин Вангийн отгон охин юм. Дүр талаасаа маш гэнэн, сэтгэл хөдлөл ихтэй. Өмнө нь огт хүнд дурлаж үзээгүй. Түүний амьдралд хоёр залуу гарч ирдэг. Тэрбээр  Вронскийд  хайртай. Харин түүнд Левин чин сэтгэлээсээ хайртай. Гэвч Вронский хэмээх залууг сонгосон ч өөрийг нь гомдоож сэтгэлийг шархлуулан, өөр хүнд дурлаж, түүнийг хаяаад явчихдаг. Тэгээд Кити Левинтэй амьдардаг. Энэ хэсэг хүмүүст их зүйлийг ойлгуулсан гэж боддог.

-Өөрт оноогдсон дүрээ хүмүүст хүргэхдээ ямар зарчим баримталдаг вэ?

-Дүрийнхээ зорилгыг тодорхойлдог. Хэрэв би байсан бол ямар хандлага үйлдэл гаргах  уу гэдгийг бодож  анхаарч ажилладаг.

-Театрт орж ажилласнаар ямар ур чадвараа хөгжүүлсэн гэж боддог уу?

-Багаасаа үзэж өссөн уран бүтээлчидтэйгээ хамт тайзнаа ажиллах үнэхээр сайхан. Театрт орж ажилласнаар жүжиглэх чадвараа сайн хөгжүүлсэн. Тайзнаа жүжиг, уран бүтээл амилуулахад жүжигчний дуу хоолойны цар хүрээ сайн байх ёстой. Театрт орсноос хойш дуу хоолойны дасгал хийж байгаа.

- Мэргэжлийн жүжигчин хүний хувьд тайз болон дэлгэцийн уран бүтээлийн ялгааг тодорхойлооч?

-Театр, дэлгэцийн уран бүтээл хоорондоо асар ялгаатай. Театрт хөшиг нээгдсэн бол алдах эрх байхгүй. Бүх зүйл үзэгчдэд шууд амьдаар хүрдэг.  Тиймээс дээд зэргийн анхааралтай байх хэрэгтэй. Тайзны уран бүтээл далайцтай, үйлдэл нь тодорхой байх ёстой. Тэгснээр дуу хоолой хамгийн арын суудлын хүнд ч хүрнэ. Киноны хувьд маш энгийн тоглолттой байх хэрэгтэй болов уу. Кинонд үг текстээ алдлаа гэхэд дахиж авах боломжтой байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдэээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 175 (6907)