П.АМГАЛАНБАЯР
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Хөх тэнгэрт мандсан наран” япон гэрэл зурагчдын гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг Д.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр дэлгэнэ. Үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл гэрэл зураг сонирхогчдод хүрэх юм. Уг үзэсгэлэнд Японы гэрэл зурагчин Асакүра Ясүнори, Мацүмото Ёшико нар Ховд аймгийн малчин залуу гэр бүлийн амьдралыг 20 жилийн турш авсан бүтээл багтжээ. Харин гэрэл зурагчин Тэцүро Шимизү 1997 оноос хойш Монголд тавь гаруй удаа ирсэн бөгөөд Монголын тухай таван гэрэл зургийн цомог гаргасан уран бүтээлч юм. Мөн манай гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчидтой уулзалт, ярилцлага хийж, туршлага солилцох аж.
Тухайн агшныг дахин давтагдашгүй өнгө төрх, дүр дүрслэлээр буулгаж, он цагийн уртад илүү үнэ цэнийг мэдрүүлэх зүйл бол гэрэл зураг билээ. Тиймээс бид Япон улсын гэрэл зурагчин Тэцүро Шимизүтэй ярилцаж, түүний уран бүтээлийн орон зайгаар аялалаа.
-“Хөх тэнгэрт мандсан наран” үзэсгэлэнд таны Монголын ахуй амьдралыг буулгасан олон гайхалтай зураг багтжээ. Анх Монгол оронтой таны гэрэл зургийн замнал хэрхэн холбогдсон бэ?
-Би долоон настайгаасаа эхэлж гэрэл зураг авч эхэлсэн. Нэг удаа аав ээжтэйгээ далайд усан онгоцоор аялаж байхдаа жаргаж байгаа нарны зургийг авсан нь миний анхны уран бүтээл байсан юм. Тэгээд тэр зургаа аав, ээждээ үзүүлэхэд “Миний хүү чинь ямар гоё зураг авсан юм бэ” гэж магтахад их баярласан. Тэгээд ахлах ангиа төгсөөд гэрэл зургийн сургуульд сурч, төгссөн.
Сургуулиа төгссөнийхөө дараа Тошинобу Такеүчи хэмээх алдартай гэрэл зурагчны туслах зурагчнаар ажиллаж эхэлсэн. Би зураг авахдаа сонирхолтой болж эхэлснээсээ хойш амьтны хүрээлэнд амьтдын зураг авдаг байлаа. Тэр үед ирвэс анх харсан.Тэгээд ирвэс хаана амьдардгийг судлаад Монголын алтайн уулсаар ирвэс байдгийг мэдсэн юм. Гайхалтай нь энэ үед багш маань Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойгоор үзэсгэлэнгээ гаргахаар болсон. Тэгээд л ирвэсний зургийг дарах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж 1997 онд анх Монголд ирж байлаа. Энэ удаа 50 жилийн ойгоор хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байна. Үзэсгэлэнд Монгол орны түүхэн цаг хүүрнэсэн 81 зураг дэлгэсэн. Үзэсгэлэнг гаргахад дэмжлэг үзүүлсэн Гадаад харилцааны яам, “Гамма” агентлаг, Капитрон банкны хамт олонд баярлалаа.
-Та Монголд ирээд ирвэсний зургаа дарж чадсан уу?
-Монголд ирэхдээ олон гэрэл зурагчинтай уулзаж, ирвэс хаана байдгийг асуухад “Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байгаа. Хоёр сар болоход ирвэсний зургаа дарж чадна” гэсэн. Тиймээс дараа жил нь чөлөөт гэрэл зурагчин болж, ирвэсний зургийг авахаар найзтайгаа хамт говь нутгийг анх зорьж байлаа. Монголд рээд ирвэс хамгаалах сангийн Дорж гэдэг хүнтэй танилцсан юм. Би Токио хотод өссөн учраас анх говьд ирэхэд нам гүм байдал нь надад их таалагдсан. Гэвч говь нутаг ус ховор, их халуун байсан. Гэхдээ говьд өнгөрүүлсэн хоёр сар их туршлага хуримтлуулсан цаг хугацаа байсан юм. Тухайн үед ирвэсний зургаа авахын тулд олон газраар явсан. Машин эвдрээд хаашаа ч явж чадахгүй арав гаруй хоног алхаж байлаа. Нэг удаа хамт явсан нутгийн хүн Дорж гуай “Энд ирвэс ирсэн байна. Заавал буцаж ирнэ. Маргааш өглөө үүрээр ирээд хүлээе” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь бараг шөнө дунд нөгөө уул руугаа гарсан юм. Тэгээд ирвэсээ хэзээ ч ирж магадгүй гээд үргээхгүйн тулд ханиаж, хөдөлж болохгүй, зөөлхөн амьсгалаад л хүлээж байтал үүр ч цайв. Тэгсэн Дорж гуай ирвэс ирлээ гэлээ. Гэтэл би хараад олдоггүй. Бараг 30 минутын дараа л харсан байх. Тэр үеийн аппарат их чанга дуутай хальс татдаг байсан юм. Ирвэс зугтчих юм болов уу, хэзээ зургийг нь дарах уу гээд хүлээгээд байдаг. Тэгээд гурван удаа дарсан. Гэвч холоос дарсан учраас цаана жижигхэн гарсан байсан.
-Сайхан дурсамж байна. Та энэ олон жилийн хугацаанд ирвэсний зургийг өөрийнхөө хүссэнээр авсан болов уу?
-Тэр үед ирвэсний зураг дарах зорилгоо биелүүлэхийн тулд Монголд ирэхдээ их мөнгө зарцуулсан. Гэвч хүссэн зургаа авч чадаагүй нутаг буцахдаа сэтгэлээр унасан ч ахиад мөнгө олоод заавал зургаа авна гэсэн бодолтой байлаа. Тэр үед чөлөөт гэрэл зурагчин болсон учраас мөнгө муутай байсан. Тиймээс цагийн ажил хийж мөнгөө хуримтлуулаад эргээд Монголд ирсэн. Тэр үеэс Монголд илүү татагдаж, илүү ихийг судалж мэдэхийг хүссэн. Анх ирснээсээ хойш бараг жилд 2-3 удаа ирсэн. Монголд ирэх бүртээ ирвэсээ хайж уулаар их алхана. Тэгээд ирвэсний зургийг хамгийн сайн дарсан нь 2020 оны хоёрдугаар сард байсан. Анх 1998 онд ирвэсний зургийг дарахдаа 23 настай байсан бол энэ удаад би туршлагатай болсон байлаа. Бас аппарат дуугүй болсон учраас сайн зурагнууд авч чадсан. Ирвэс харах мөчид их сандарсан. Үнэхээр сүрдэм амьтан. Зураг авахаасаа илүү ирвэсийг хараад биширсэн хугацаа нь их байсан. Тэгээд ирвэсний зураг авах зорилгоо биелүүлсэн юм чинь Монгол дахь ажил болсон болов уу гэж бодсон ч үгүй байсан.
-Монгол орны ямар шинж чанар нь таныг илүү ихээр татсан юм бэ?
-Байгаль, ахуй амьдрал намайг илүү ихээр татсан юм. Монголын бүх аймгуудаар явсан. Тайгын амьдрал, Баян-Өлгий аймгийн нэг гайхалтай өвийг тээж байгаа бүргэдчид гээд зургийн хальсанд их гоё буудаг. Ер нь бүхий л байгаль илүү гайхалтай зураг авах зорилгыг минь хурцалж өгсөн. Жишээ нь, анх Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу явахад шороон замаар бараг 1000 км замыг туулсан. Энэ хугацаанд замдаа аялаад явах нь их сонирхолтой байсан. Монгол улс ирэх бүрт өөрчлөгдсөн харагддаг. Тиймээс “Change”, “New Type” номоо гаргасан.
-Таны гэрэл зургууд баримтат тал руугаа чиглэсэн харагдана. Баримтат зургийн онцлог нь юу вэ?
-Хүмүүсийн нүдэн дээр хараад өнгөрөх амьдралыг зураг болгоод үлдээнэ гэдэг баримтат гэрэл зургийн онцлог. Тиймээс би ирвэснээс гадна өдөр тутмын ахуй амьдралын зураг авах дуртай болгосон хүн нь “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Батзориг. Түүний дарсан гэрэл зургууд монголчуудын өдөр тутмын амьдралыг энгийнээр буулгасан байсан. Батзориг маань 2001 онд нисдэг тэрэгний ослоор нас барсан юм. Энэ үед түүний зургийн хальсуудыг нь Японд аваачиж угаасан. Ингэхдээ би миний өмнө харж аялаж байсан Монголоос илүү тэр хүний зургийн хальсанд буусан Монгол үнэхээр гайхалтай болохыг анзаарсан. Тиймээс энэ хүний энгийн дүр дүрслэлийг зургийн хальсанд буулгах арга ухааныг нь үргэлжлүүлээд авах ёстой юм байна гэж бодсон. Батзориг маань хүмүүсийн үйл хөдлөлийг илүү гаргадаг байсан бол би нэмээд эд зүйлсийг зургийн хальсанд буулгахыг зорьдог.
-Гэрэл зургийн ямар мэдрэмж нь таныг илүү татдаг вэ?
-Гэрэл зургийн хамгийн гайхалтай мөн чанар нь хэл хэрэггүй. Ямар ч орны хүн харсан ойлгоно. Хэн нэгний сонссон, ярьсан зүйлийг гэрэл зурагт буулгаж түүнийг хүмүүст түгээдэг мэдрэмж нь гайхалтай. Хэн нэгний зургийг авсны дараа “Ямар гоё гарсан юм бэ, баярлалаа” гэж хэлэх нь сайхан. Тиймээс Монголд зургийг нь авсан хүмүүст угаагаад өгдөг.
-Монголын гэрэл зурагчдын бүтээлээс юу ажиглагддаг вэ?
-Монголын залуус их хичээл зүтгэлтэй, сайн зураг авдаг. Гэрэл зургийн хамгийн сүүлийн шат нь цаасан зураг болж гарах. Гэрэл зурагчин бүтээлээрээ ном хийх, зургаа угаахдаа цаасны сонголт, ямар техник ашиглаж эцсийн бүтээгдэхүүн болгох тал дээр бага зэрэг дутмаг санагддаг.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 173 (6905)