Т.САЙХАН
Монголын хөлбөмбөгийн холбооны Моби дээд лигийн есдүгээр сарын 4-ний өдрийн 73 дахь тоглолт Дэрэн болон СП Фалконс клубүүдын хооронд явагдсан. Тус тэмцээний үеэр Дэрэн клубын 4 дугаартай дээрх тоглогч нь эсрэг багийн 13 дугаартай Тиаго Томайс руу сармагчны хөдөлгөөний үйлдэл гаргасан юм. Энэ асуудлыг МХБХ-ны Сахилгын хороо хэлэлцэн шийдвэрлэжээ.
Сахилгын хороо дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:
- Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэрт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.1, 42.1.2, 43.1.1, 54.4 дэх хэсгийг тус тус үндэслэн МХБХ-ны хөлбөмбөгтэй хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхийг шийдвэр гарсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хасах, мөн 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулах,
- Дэрэн клубт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгууль ногдуулах,
- Дэрэн клуб нь өөрийн багийн тоглогчдод болон албаны хүмүүст МХБХ-ны Сахилгын дүрмийн 36 дугаар зүйлийг болон сахилгын дүрмийг бүхэлд нь танилцуулж, сургалт, мэдээллийг зохион байгуулахыг үүрэг болгохоор болсон байна.
Эх сурвалж:www.polit.mn