Д.ДАРАМБАЗАР

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа боксчин  Ч.Ариунзулыг урьж ярилцлаа. Тэрбээр залуучуудын улсын аварга болж амжилтын буухиагаа эхлүүлсэн юм. Мөн ОХУ-д зохиогддог тэмцээнүүдээс тогтмол медаль хүртснээс гадна олимпын гараа буюу бага насны улсын аваргаас хоёр удаа хүрэл медаль хүртсэн билээ. Энэ нь түүнийг  боксын дэвжээнд илүү тод гялалзах ирээдүйтэй тамирчин гэдгийг харуулна.

-Боксын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

-Манай гэр бүлийнхэн урлагийн хүмүүс. Тийм болохоор бага байхдаа урлагийг их сонирхдог байсан. Харин нэг удаа өвөө маань ээжтэй ярилцаад намайг спортоор хичээлүүлэхийг зөвлөсөн гэсэн. Надад ч гэсэн спорт их сонирхолтой санагдсан. Тэгээд анх жүдо бөхийн сургалтын төвд очсон ч элсэлт дууссан байсан учраас орж чадаагүй.  Тиймээс өвөө маань бусад спорт клуб элсэлт авч байсан болохоор өөрөө сонгоод спортоор хичээлээрэй гэж хэлж байсан. Тэгээд л би боксын спортыг сонгож, найм дахь жилдээ хичээллэж байна. Боксын спортын арга барил ухааныг н.Энхдэлхий, н.Дашбурмаа, Б.Есүхэй, Б.Энхтайван багш нараасаа суралцаж явна.

-Бокс тулааны спорт учраас хүнд бэрхшээлтэй үе байсан байх. Тэр бүхэнд шантарч байв уу?

 -Миний сонирхол, зорилго бол бокс. Тийм болохоор би хэзээ ч шантарч байгаагүй. Тэмцээн, тулалдаан бүр үнэ цэнэтэй. Хүч хөдөлмөр цаг хугацаа гаргаж оролцож буй тэмцээндээ амжилт гаргахад шантрахаа мартдаг. Миний хүсэл мөрөөдлийг ангийнхан, багш маань дэмжиж бэлтгэлээ сайн хийгээрэй гэдэг. Заримдаа ангийнхан маань миний хичээлийг нөхөөд өгчихнө. Тийм болохоор илүү их хичээх итгэл төрдөг. Гэхдээ зарим хүмүүс эмэгтэй хүүхэд боксоор хичээллэх нь хэцүү гэж  ярих нь бий. Харин тэмцээндээ амжилт гаргасны дараа “мундаг юм аа” гэж хүмүүс хэлэхэд их урам авдаг.Тиймээс боксын спортод эмэгтэй тамирчид амжилт гаргах боломж бий гэдгийг харуулахыг зорьдог.

 -Хамгийн өрсөлдөөнтэй ямар тулаан байв?

-Өрсөлдөгчөө оновчтойгоор хүчтэй цохих үе байсан. Анх боксоор хичээллэж эхлэхдээ өрсөлдөгчөө хүчтэй цохисны дараа өвдсөн болов уу, яасан бол гэж боддог байсан. Харин одоо бол өрсөлдөгчөө ялахын тулд хүчтэй цохих хэрэгтэй гэдгийг ойлгосон. Боксын эмэгтэй тамирчид өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулах тохиолдол бараг гардаггүй. Эрэгтэй тамирчид хүнд цохилтууд хааяа хийдэг.

-Таны хувьд ирэх жилээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх бил үү?

-Тийм ээ. Боксын спортын шилдгүүдтэй нүүр тулалдах учраас маш хариуцлагатай цаг хугацаа. Тиймээс өрсөлдөгчөө судлах хэрэгтэй гэж багш маань хэлдэг. Учир нь амжилтын үндэс зөвхөн бэлтгэл биш, судалгаа байдаг. Бэлтгэл сайн байсан ч өрсөлдөгч тамирчнаа ямар арга барилтай тулалддагийг нь мэдэхгүй бол ялалт байгуулах боломжгүй. Тиймээс одооноос насанд хүрэгчдийн ангиллын шилдэг тамирчдын тулааныг үзэж, судалгаа хийж байна.

-Цаашдын зорилгоосоо  хуваалцахгүй юу?

-Боксын насанд хүрэгчдийн  шилдэг тамирчдын тулааны арга барилыг судалж, өрсөлдөөнтэй тулаанд бэлдэх нь миний ойрын зорилго. Тамирчин хүн бүр олимпын тэнгэрт эх орныхоо дууллыг эгшиглүүлэхийг хүсдэг. Миний  ирээдүйн  зорилго ч гэсэн олимпын аварга болох. Миний хувьд спортын замнал минь дөнгөж эхэлж байгаа учраас илүү их хичээх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 168 (6900)