П.АМГАЛАНБАЯР

 

Чимээгүй орших нам гүм. Нам гүм орчныг алгуурхнаар өөртөө уусгах хөгжмийн тансаг аялгуу. Уран бүтээлчийн хөг, онгод. Өөрийнхөө дотоод ертөнцийг уудлан алхах цаг хугацаа, магадгүй гэнэт орж ирсэн  мэдрэмжээ буулгасан цаас. Ийм нэгэн энгийн хэрнээ дэндүү тансаг  дүрслэл бүхий орчноос олон гайхалтай уран бүтээлээ өлгийдсөн нэгэн бол Монголын хөгжмийн салбарын ноён оргилын нэг Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч, Гончигийн Бирваа гуай юм. Тэрбээр  хөгжмийн салбарт өнөөг хүртэл уран бүтээлээрээ амьдарч буйгаас гадна түүний хүүхдүүд аавынхаа, өвөөгийнхөө авьяасыг өвлөн Монголын урлагийн ертөнцөд тод гэрэлтэж явна. Тиймээс бид энэ удаагийн “Удмын бахархал” буландаа Г.Бирваа гуайн зээ Монгол Улсын филармонийн төгөлдөр хуурч М.Мөнх-Эрдэнийг онцолж байна. Монголын хөгжмийн урлагт удмын хэлхээ тасралгүй, энэ ертөнцөд зүрх сэтгэл, амьдралаа зориулж яваа нэгэн гэр бүлийн  дурсамж бүхий түүхэн жимээр хамтдаа аялцгаая. 

Нэгэн цаг үед авьяасаар тодорч явсан Г.Бирваа хэмээх агуу хөгжмийн зохиолчийн амьдралын цаг хугацаагаар аялахаар түүний зээ хүү М.Мөнх-Эрдэнийг зорилоо. Түүнтэй уулзахаар Монгол Улсын филармонид очиход биднийг тун ч найрсагаар угтаж, яриагаа өрнүүлсэн юм. Ийнхүү М.Мөнх-Эрдэнэ өвөө Г.Бирваа гуайн тухай өрнүүлсэн дурсамж яриаг сийрүүлэн хүргэе.

 

ӨВӨӨГИЙН ДУРСАМЖ

 

Гончигийн Бирваа 1916 онд одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төржээ. Тэрбээр нэг настайдаа Гончигийнх хэмээх айлд үрчлэгдсэн байна. Түүний аав Гончиг гуай нутагтаа “гайхамшигт” хэмээн алдаршсан  уртын дууч, ерөөлч, магтаалч хүн байж. Түүний гайхамшигт хэмээх алдар нь Буддын шашны найман тахилын дууг сайхан дуулсан учраа нутгийн зон олон нь ийн нэрийддэг гэнэ.Г.Бирваа гуай 22 настайдаа цэргийн албанд мордож, түүний урлагийн замнал эхэлсэн түүхтэй. Тухайн үед цэргийн хөгжмийн комиссынхон цэргүүдийг шалгаруулж авдаг байж. Хөгжим тоглох, бүрээ үлээх эсэхийг шүдийг нь хараад шинжчихдэг байсан гэнэ. Ингээд тэрбээр цэргийн бүрээчээр 2-3 жил суралцжээ. Г.Бирваа цэрэгт байхдаа 1939 оны Халхын голын дайныг үзэж, тэр үеийн анхны гурван бүрээчний нэг байсан аж. Г.Бирваа ЗХУ-ын Москва хотноо П.И Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн дэргэдэх цэргийн хөгжмийн удирдаачийн салбарт суралцаж байж. Тэрбээр  цэргийн ангийн удирдаачаар 17 жил ажиллажээ.

 

Тухайн үед Соёлын сайдаар Ч.Лодойдамба гуай ажиллаж байв. Нэг өдөр Г.Бирвааг  дуудаж Хүүхэлдэйн театрт уран сайхны удирдаачаар ажиллах санал тавьсан байна. Ийнхүү тэрбээр энэ байгууллагад хоёр ажилласан байдаг. Мөн Улсын филармонийн симфони найрал хөгжмийн удирдаач, цэргийн хөгжмийн удирдаачаар ажиллажээ.  Г.Бирваа гуай Монголын хөгжмийн зохиолчдын холбооны хариуцлагатай  нарийн бичгийн даргаар 17 жил ажилласан юм. Тэрбээр  Улсын филармонид ажиллаж байхдаа эхнэртэйгээ танилцжээ. Эхнэр Б.Буянтогтох нь мөн хийлч мэргэжилтэй байсан аж. Одоо ч Монголын ард түмэн үргэлж аялдаг “Намрын шөнө” хэмээх дууны хөгжим нь тэдний хайр сэтгэлээс урган гарчээ. Анх эхнэрээ болзоонд урьсан боловч ирээгүй гэдэг. Тэгээд өдөржин хүлээж зогсохдоо “Намрын шөнө” хэмээх дууных нь ая орж ирсэн түүхтэй. Ийнхүү тэд гэр бүл болж гал голомтоо бадраан, удам, авьяасын үргэлжлэл болсон зургаан хүүхэдтэй болжээ. Том хүү нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж. Драмын театрын тайзнаа Монголын болон дэлхийн олон сонгодог жүжгүүдийг амилуулсан нэгэн.  Удаах охин Б.Мөнхцэцэг ЦДБЭЧ-д  хөгжимчнөөр ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарчээ. Харин охин Б.Мөнхшүр нь төгөлдөр хуурч мэргэжилтэй. Б.Мөнхбаяр нь аавынхаа мэргэжлийг өвлөж бүрээчин мэргэжлийг эзэмшиж Улсын филармонийн "Баянмонгол" чуулгад хөгжимчнөөр ажилладаг. Харин удаах охин Б.Мөнхжаргал нь урлагийн замыг сонголгүй өөр салбарт ажиллаж байна. Бага хүү Б.Мөнхболд нь олон гайхалтай бүтээл өлгийдөн авч,  Төрийн соёрхолт хүртэн, аавынхаа хөгжмийн зохиолч хэмээх хүсэл, мөрөөдөл үйл хэргийг нь үргэжлүүлж явна. Энэ удаагийн нийтлэлийн баатар М.Мөнх-Эрдэнэ бол Г.Бирваа гуайн хоёр дахь охин ЦДБЭЧ-ийн хөгжимчин Б.Мөнхцэцэгийн хүү билээ.

 

ЭЭЖИЙН ХӨРӨГ

 

“Миний хүү чинь яасан гоё дуулдаг юм бэ” хэмээн хүүгээрээ бахархан зогссон гайхалтай цаг хугацааны эзэн бол Б.Мөнхцэцэг.  Учир нь түүний хүү М.Мөнх-Эрдэнэ тавдугаар ангийн сурагч байхдаа дуучин Дашнамжил гуайн охин  одоо Улсын филармонид хийлчээр ажилладаг  Аззаяа болон Туул гавьяаттай хамт орос дууг тун ч хэвлүүхэн дуулж байсан гэнэ. Тоглолтын дараа М.Мөнх-Эрдэнэ өвөөгийнхөө өвөр дээр суугаад  автобусанд харьж явахад  хүмүүс “Бирваа гуай танай  хүүхэд чинь сайхан дуулдаг юм байна” гэж өвөөд нь хэлж байсныг зээ хүү нь одоо ч тод санадаг аж. Тэр үед миний дуулж байхыг хараад ээж минь их  баярлаж байсан гэлээ. М.Мөнх-Эрдэнэ хоёр сартай байхаасаа өвөө эмээ дээрээ өссөн амины хүүхэд нь ажээ. Ээж нь цэргийн хүн учир хүүгээ ийнхүү төрөөд удаагүй байхдаа аав ээждээ даатган өгчээ. Түүний ээж Б.Мөнхцэцэг Хөгжим бүжгийн сургуульд зургадугаар ангидаа элсэн орж хуучир хөгжмийн ангийг төгсчээ. Сургуулиа төгсөөд ажлын гараагаа Батлан хамгаалах яамны харьяа ЦДБЭЧ-аас хөгжимчнөөр эхлүүлсэн байна. Тэрбээр цэргийн байгууллагад 20 гаруй жил ажиллаад 40 гаруйхан настайдаа гавьяаны амралтдаа гарчээ. М.Мөнх-Эрдэнэ ээжийнхээ тухай “Ээж минь хэдийгээр ажлаа хийхгүй байгаа ч одоог хүртэл хөгжмийн урлагтаа үнэнч. Боломж гарвал хэдэн хамтлагтайгаа хөдөө орон нутаг руу хөгжмөө тоглоод явчихдаг. Насаараа хөгжим тоглосон учраас энэ орон зайгаас холдож чаддаггүй юм. Би ээжид "Та өөрийгөө ядраагаад хөдөө явах хэрэг байна уу" гэхэд “Хөгжмөө тоглож л өөрийгөө сатааруулж байна шүү дээ” гэдэг. Тэгэхээр ээжийн минь дотоод ертөнцөд юу өрнөж байгааг би мэдэхгүй. Миний хувьд ч ээжийгээ цэргийн хувцсаа өмсөөд хуучраа тоглож байхыг нь харах дуртай” гэсэн юм. Тэрбээр нэг удаа ээжийнхээ хуучир хөгжмийг  аваад “Би танд нэг дуу тоглож үзүүлье” гэжээ. Тэгэхэд ээж нь “Миний хүү төгөлдөр хуур тоглодог юм чинь жаахан давтчихад өөрөө хөгийг нь оруулж чадна” гэж хэлжээ. Үнэхээр ээжийнх нь хэлснээр  хөг оруулж, тоглож чадсан гэнэ. Б.Мөнхцэцэгийн хань Дамбацэрэн дуучин мэргэжилтэй байжээ. Аав нь хүүгээ дунд сургууль төгсдөг жил  өөд болсон гэнэ. М.Мөнх-Эрдэнэ эхээс дөрвүүлээ. Түүний эгч дүү нар нь бүгд урлагаас өөр салбарт ажиллаж байна. Тэрбээр ээжийгээ их дөлгөөн араншинтай хэмээн тодотгосон юм. Ээжээсээ хол өссөн учир одоо аль болох туслахыг хичээдэг гэв. Жаахан байхдаа ээж минь хэрхэн амьдарч байгаа бол гэж боддог байсан тухайгаа дурссан юм. Тухайн үед Бүх цэргийн ансамбелийнхан Шарга морьтод зусланд гардаг байж. Тэгсэн ээж нь нэг жил зусланд эрт гарчихсан байв. Гэнэт цас орж, тэднийх  түлээгүй болчихож. Ээж нь бага дүүг нь төрүүлээд удаагүй байсан үе гэнэ. Тиймээс хүүгээ яваад гишүү аваад ирээч гэжээ. Тэр үед М.Мөнх-Эрдэнэ гуравдугаар ангийн сурагч байв. Тэгээд ээжийнхээ хэлснээр гишүү авчраад гэр дулаацахад ээж  нь ихэд баярлаж “Миний хүү  айхгүй ганцаараа модонд явж ирээд ээждээ тусалдаг мундаг хүүхэд” гэж урамшуулсан гэнэ. Тухайн үед М.Мөнх-Эрдэнэ ч  би ээждээ нэмэр болж байна гээд их баярлаж байсан тухайгаа ярьсан юм. Энэ үеэс ээжтэйгээ хамт амьдармаар санагдаж, холбоо үүсгэж эхэлжээ. 

 

 

“МОНГОЛ УЛСЫН ФИЛАРМОНООС МАНАЙ УДМЫН ХЭЛХЭЭ ТАСРАХГҮЙ ЯВНА”

Нэгэн гэр бүлийн удмаас соёолон ургасан өвөө, ээжийнхээ үргэлжлэл болж  яваа  Монгол Улсын филармонийн төгөлдөр хуурч М.Мөнх-Эрдэнэтэй өвөөгийнх нь тухай ярилцсан юм.

 

-Та өвөө эмээ дээрээ өссөн гэлээ. Энэ л таны амьдрал урлагтай холбогдох хамгийн том хөшүүргэ байсан байх даа?
-Ээж минь цэргийн хүн учраас намайг хоёр сартай байхад өвөө эмээд даатгаж өгсөн гэдэг. Намайг  өсгөж хүмүүжүүлж хүн болгосон буянтай хүн бол миний өвөө, эмээ. Би бараг төгөлдөр хуурын аялгуугаар сэрж, орой унтахдаа ч пянзны ая сонсдог байсан. Тэгэхээр миний өссөн орчин намайг урлагт хөтөлсөн юм болов уу.  Өвөөгийнх Их дэлгүүрийн урд талын 40 мянгатад байлаа. Би цэцэрлэгт сурдаг байхдаа л “Маамуу нааш ир” дууг  төгөлдөр хуураар тоглочихдог байсан. Тэр үед багш нар “Авьяастай хүүхэд байна. Хөгжим бүжгийн сургуульд аваачиж өгөх юм уу” гэж гэрийнхэнд хэлж байсан гэдэг. Тухайн үед Хөгжим бүжгийн багш нар орос багш нартай нийлж цэцэрлэг сургуулиар явж хүүхдүүд шалгаж авдаг байсан. Ингэж л миний урлагийн замнал нь эхэлсэн. Эхлээд хөгжимд их дуртай байсан ч сүүлдээ жаахан халширсан үе бий. Хүн мэдэхгүй зүйлээсээ их айдаг юм билээ. Тэр үед ах эгч нар маань зааж сургасан учраас хөгжмөө орхилгүй, энэ салбарт эргэлт буцалтгүй ороход нөлөөлсөн.  Миний төгөлдөр хуурын анхны багш бол Б.Мөнхшүр эгч. Намайг таван настайгаас л зөв тоглох суурийг тавьж өгсөн. Эгч маань ОХУ-д хөгжмийн сургуульд сурч,  дараа нь төгөлдөр хуурын багшаар ажилласан. Одоо бодоход эгч минь л миний замыг засаж өгч дээ гэж боддог юм.Харин миний анхны багш бол Т.Цолмон. Б.Мөнхболд ахтайгаа нэг багшийн шавь гэдгээрээ бэлэгшээдэг.


-Өвөө тань танд хэр зааж зөвлөдөг байв. Таны сэтгэлийн гүнд өвөөтэй холбоотой олон сайхан дурсамж бий болов уу?
-Анх төгөлдөр хуур тоглож эхлэхдээ их хөшүүн байсан. Давтах тусам зүгээ олж эхэлсэн. Тэр үед өвөө “Одоо л гар чинь хөдөлж техниктэй тоглож байна” гэж урам өгнө.  Би хүүхэд байхдаа  хөгжмөө тоглож байгаад л босоод гүйчихдэг байсан. Тэгэхээр өвөө маань их зэмлэнэ. Сургуульд орсон эхний жил намайг үргэлж  хүргэж өгөөд, хажууд хараад зогсчихдог байж билээ. Тэр үед өвөө хөгжмийн зохиолчдын холбооны нарийн бичгийн дарга байсан болохоор ажилтай үедээ намайг ах эгч хоёрт захиад үлдээчихдэг байсан. Өвөөгийн  минь тоглож байсан хөгжим одоо Б.Мөнхболд ахынд байдаг. Тухайн хөгжмийг эгч, ээж,  ах нараас эхлээд хамгийн сүүлд би тоглосон. Хэдэн үеэрээ тоглож, биднийг хүсэл мөрөөдлийн замд түүчээлсэн, хамгийн нандин дурсамжийг хадгалсан удмын минь үнэтэй эд. Өвөө эмээтэйгээ өнгөрүүлсэн хүүхэд насны нандин дурсамж олон бий. ОХУ-ын хөгжмийн зохиолчдын урилгаар өвөө бид гурав Москваг зорьж байсан. Би таван  настай л байсан байх. Бид Ленинград, Эрминтаж үзэж байлаа. Тэр үед Б.Мөнхшүр эгч Украйнд сурдаг байсан юм. Бид гурав замаараа эгчийг эргэж очсон   дурсамж их тод санагддаг. Галт тэрэгний зурагтай ёотон, лимонтой баахуу цай гээд сэтгэлд минь тэр үе тод үлдсэн байна. Бас нэг удаа өвөө маань Чех билүү Унгараас ирэхдээ надад сумаар бууддаг буу авчирч өгсөн. Тухайн үед ийм буу их ховор байлаа. 


-Г.Бирваа гуай хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг, ямар араншинтай хүн байсан бэ?
-Цэргийн хөгжимчдийг сургаж байсан учраас их дэг журамтай хүн байсан. Өглөө 05:00 цаг гэхэд босно. Өвөл ч байсан хамаагүй хүйтэн устай алчуураар биеэ арчаад, дасгал хийнэ. Нэг өглөө өвөө маань намайг босгоод “Хөгжмөө нэг цаг давтчихаад сургуульдаа ганцаараа яваарай”  гэж байна. Өвөл учраас  өглөө эрт харанхуй байна шүү дээ. Тэгсэн эмээ “Хүүхэд  өглөө эрт ганцааранг нь явуулаад”  гэв. Харин өвөө наад хүүхэд чинь  08:30 хичээлтэй. Цагийн өмнө очоод хөгжмөө бэлдэх хэрэгтэй” гэж байсан нь санаанаас гардаггүй юм. Ер нь багаас минь л биеийг даалгаж өсгөсөн дөө. Өвөө хувцсаа цэвэрхэн өмсөх ёстой гэж сургадаг байсан. Нидрүүлгээр оймсыг гар зулгартал угаалгана шүү дээ. Уг нь угаалгын машин байгаа л даа. Гэхдээ оймс угаахын төлөө угаалгын машин ажиллуулахгүй. Өөрөө гараараа угаа” гэдэг байсан. Энэ нь л өвөө минь намайг амьдралын ухаанд сургасан их ухаан юм даа. Хүнийг ялгаж харьцана гэж хэзээ ч байхгүй өвөөгийн зан чанарыг би Б.Мөнхболд ахаас олж  хардаг. Ах маань энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй хүн. Өвөө маань “Хүнийг ялгаж харьцвал өөрийгөө ялгаж байна гэж бодоорой. Хүн хүний толины тусгал гэдэгтэй адил. Чи тухайн хүнийг яаж харна, харьцана, эргээд чамтай тэгэж харьцана” гэж хэлдэг байсан юм. 1980-аад оны үед Б.Мөнхдорж ах “Лир ван”, “Шекспир”  жүжгийн аль нэгийг драмын театрын тайзнаа тавьж байсан. Тэгээд манай гэр бүл урилга аваад шинэ жүжгийн нээлтийг үзэж байсан. Өвөө маань Мөнхдорж  ахаар их бахархдаг байсан. 


-Та өвөөгийнхөө  олон гайхалтай бүтээлийг төрөхөд хажууд нь байжээ. Уран бүтээлийнхээ мэдрэмжийг хэрхэн хөглөдөг хүн байв?
-Өвөө өглөө, оройгүй л хөгжмөө тоглоод суучихдаг байсан. Хөгжмөө бичихээрээ хаалгаа хаана. Хөгжимдөө яг орчихсон үед нь орвол “битгий орж гараад бай” гээд загнана. Намайг хүүхэд байхад “Улаан дарцаг” киноны дууг бүтээгээд хөгжмийг нь  пянз дээр тоглуулж бичүүлсэн байдаг. Энэ бүтээлийг нь би одоо ч сонсох дуртай. Том болоод киног нь үзэхэд өвөөгийн бүтээл гэж бодохоор өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг юм. Өвөө маань хэд хэдэн дуу  бичиж байхад хажууд нь би байсан. “Долоон ишиг ба бамбар” гээд хүүхдийн жүжгийг нэгдүгээр бүлгээс авахуулаад төгсгөл хүртэл нь тоглоход нь харж сууж байгаад, бүх үзэгдлийн хөгжмийг  цээжилчихсэн байсан. Өвөө их хөдөлмөрч хүн байсан.  Зүгээр сууна гэж байхгүй. Манайд Л.Мөрдорж гуайгаас эхлээд мундаг хөгжмийн зохиолчид ирдэг байсан. Энэ гайхалтай орчинд миний хүүхэд нас өнгөрсөн. Одоо бодоход их гоё санагддаг. Тухайн үед хүүхэд учраас мэдэхгүй шүү дээ. Хүүхэд, залуу байсан үеээ харахад би ч  гэсэн хэзээ нэгэн цагт өвөөгийнхөө араас явахаас хойш  хөгжмийн зохиол бичье гэж боддог байсан. Гэхдээ надад  хөгжмийн зохиолч байх авьяас  арай бага заяасан  болов  уу. Б.Мөнхболд ах маань өвөөгийн хөгжмийн зохиолч хэмээх  авьяасыг нь үргэлжлүүлж буйд нь баярладаг.


-Г.Бирваа гуай хөгжмийн зохиолчоос гадна энгийн үедээ юу хийх дуртай байсан бэ?
-Өвөө маань ном их уншдаг байсан. Өөрийн дотоод ертөнц, бодол санааг номноос л олж авдаг байсан юм шиг санагддаг.  Мөн хүмүүсийг удирдан зохион байгуулж ажил явуулахдаа туршлагатай байсан болохоор хүмүүс их ирж зөвлөгөө авдаг байсныг санаж байна.


-Та сургуулиа төгсөөд  циркээс ажлынхаа гараагаа эхэлсэн гэсэн үү? 
-Сургуулиа төгсөөд циркийн найрал хөгжимд ажилласан. Тухайн үед Б.Мөнхбаяр ах болон өвөө маань намайг циркт ажилла хэмээн зөвлөдөг байсан. Өвөө  “Хүмүүс чамайг харна. Циркийн хөгжим их гоё” гэж хэлдэг байлаа. Б.Мөнхбаяр ах анх надад жааз хөгжим заасан юм. Тухайн үед циркийн найрал хөгжмийг Я.Батсайхан  удирдаж,  Хангал гуай зөвлөгөө өгдөг байсан. Хөгжим гэж юу байдаг, хүнд хэрхэн нөлөөлдөг, хөгжмийг хэрхэн амьдруулах вэ гээд олон зүйлийг эдгээр мундаг хүмүүсээс сурсан.


-Та өвөөгийнхөө бүтээлээс тоглосон уу?
- Өвөө минь багад намайг миний Моцарт гэдэг байсан тухай  ах маань сүүлд надад ярьж байсан удаатай. Өвөөгийнхөө бүтээлээс “Зандан шоо” дууг өөрөө найруулж тоглосон. Морины төвөргөөн, хээр тал гээд өвөөгийн сэтгэл шингэсэн сайхан уран бүтээлийн нэг. Хөгжмөө тоглоод сууж байхад олон сайхан дурсамж  сэтгэлд хөвөрдөг. Тухайн  хөгжмийн  зохиолчийн  ертөнц шингэсэн  бүтээл бүр тоглоход өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Зохиолын мэдрэмжийг хэрхэн гаргаж тоглож байна гэдэг хөгжимчний ур чадварт ихээхэн нөлөөлдөг. Тухайн зохиолыг хэрхэн ойлгож тоглох вэ гэдэгт туршлага их чухал. Нэг зохиолыг  гурван өөр уран бүтээлч тоглоход гурван өөр мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр уран бүтээлч бүр хэзээ ч давтагдашгүй.  


-“Харанга” хамтлагийн тог­лолтын үеэр хөгжимчин Булганы бүтээлүүдийг та тоглосон. Амьд хөгжмийн хамтлагтай тайзан дээр гарах мэдрэмж ямар байв? 
-Чука ахтай ярилцаж байгаад өмнөхөөр нь өөрчлөхгүйгээр тоглосон. Их техник шаардсан, хүнд зохиолууд байсан. Гэхдээ надад сайхан мэдрэмж үлдээсэн шүү. 

-Хөгжмийг таны амьдралаас ялгаж салгахын аргагүй орон зай юм байна. Гэхдээ та хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлж үзсэн үү?
-Ургамал мод услахгүй бол гандаад үхдэг шиг хөгжмөөсөө салах юм бол би дуусах байх. Намайг тайвшруулж, урам зориг өгдөг  зүйл бол төгөлдөр хуур. Урлаг хүнийг усладаг гэж боддог. Хүн гунигтай байх үедээ сайхан аялгуу сонсоход тайвширдаг. Тэгэхээр хүний сэтгэлийн утсыг  хөндөж чаддаг зүйл гагцхүү дуу хөгжим. Наадмын дараа би "Алтангадас" одон хүртсэн. Энэ үед дарга миний хөдөлмөр хийгээд энэ байгууллагад гурван үеэрээ ажилласныг үнэлсэн шагнал гэж хэлэхэд их бахархаж, омогшсон. Монгол улсын филармоноос манай удмын хэлхээ тасрахгүй явна. Миний хоёр дахь  гэр шиг дотно санагддаг. 
“Өнөөдрийн од нь чи байлаа” хэмээн М.Мөнх-Эрдэнийг наймдугаар ангиа төгсөх шалгалтын үеэр багш нар нь хэлж байжээ. Тэгвэл өнөөдөр тэрбээр өвөөгийнхөө урлагийн замнал, үйл хэргийг үргэлжлүүлж, удмынхаа од болон ийнхүү гялалзаж явна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 165 (6897)