Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмидын “Дөлгөөн Дон” романы бичлэг нь уран цэцэн, хурц дайчин, яруу найраг мэт санагдсанаас амтархан уншихын зэрэгцээ баярлах, гайхах, бишрэх сэтгэл төрж, догдлон шимтэн уншиж дуусаад, “Б.Догмид ч Санхүү эдийн засгийн техникумын бүтээгдэхүүн мөнөөс мөн шүү. Тиймээс нэн эртнээс бодож төлөвлөн тооцоо, судалгаатай, нягт нямбай хандаж бичсэн байна” гэж бахархан сэтгэгдлээ бичихийг оролдлоо. Б.Догмидын мэргэжил эзэмшсэн Санхүү эдийн засгийн их сургууль анх 1924 онд Гаалийн түр сургууль нэртэй байгуулагдсан. Тусгай дунд боловсролын Монгол Улсын анхны сургууль билээ. Эдүгээ 100 жилийн ойн баярын босгонд тулж ирээд байгаа тус сургууль нь тухайн үедээ эрдэм номын анхдагч өргөө байсан учраас ном сурах гэсэн залуусын тэмүүлдэг газар байсан юм. Иймээс ч тус сургуулиас олон зуун алдартан төрсний дотроос Б.Догмидын нэгэн адил тус сургуулийг төгссөн соёл, урлаг, спортын салбарын алдар цолтон зарим хүнийг нэрлэвэл Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Явуухулан, Ц.Гайтав, Д.Гармаа, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Мяасүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, олон улсын сэтгүүлч Б.Дашзэвэг, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч С.Норов, шог зохиолч З.Ядам, Ардын жүжигчин Н.Цэгмид, Б.Дамчаа, Хөдөлмөрийн баатар, спортын гавьяат тамирчин, дархан аврага Ж.Мөнхбат, спортын гавьяат дасгалжуулагч, улсын начин Г.Пүрэв-Очир гэсэн олон хүн бий. Зарим хүний нэрийг мартаад орхисон бол уучлаарай.
Одоо Б.Догмидынхоо талаар хэдэн үг хэлье. Ноён хутагт Данзанравжаагийн өлгий нутаг Дорноговь аймгаас тус сургуульд элсэж суралцсан, хөдөлгөөнтэй, цэцэн цэлмэг яриа хөөрөөтэй, сэргэлэн бор залуу 1966 онд төгсөж, төсөвт байгууллагын нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшин төрсөн нутагтаа эргэн очиж, аймгийнхаа санхүүгийн хэлтэст байцаагч, мэргэжилтнээр 20 гаруй жил ажиллаж аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хяналт, шалгалтыг сайжруулахад их зүтгэлтэй ажилласан хүн юм. Ажил, амьдралын энэ жилүүдэд төрөлхийн билэг авьяас нь улам хөгжиж хурцлагдан, мэргэжлийн аугаа зохиолч болох зам нь гэрэлтэн тодорсон хэрэг. Би бас бодлоо л доо “ер нь техникумд суралцах хугацаандаа Б.Догмид өмнө төгссөн алдарт зохиолчдын замналаар явж, тэдний шийрийг хатаасан зохиолч болж сургуулийнхаа нэр алдрыг цууриатуулна хэмээсэн далд бодолтой, зорилготой хүн байсан юм биш үү” хэмээн шинэхэн романыг нь уншаад буурал багш нь ихэд баярлаж байна. Энэ сайхан бүтээл нь сургуулийн 100 жилийн ойд барьсан түүний хүндтэй бэлэг байх ч юм билүү хэн мэдлээ.
Б.Догмид 10-аад кино, тууж, өгүүллэг, бас дууны шүлэг гээд уран зохиолын бүх төрлөөр бичдэг зохиолч л доо. Ялангуяа, богино өгүүллэгийн мастер хүн. “Утгын чимэг” өгүүллийн уралдааны олон удаагийн шагналтан. Зөвхөн өнгөрсөн 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан зарласан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааны өгүүллэгийн төрөлд Б.Догмидын “Дайны жилийн хүүхнүүд” өгүүлэг тэргүүн байр эзэлсэн юм. Ардын уран зохиолч С.Эрдэнэ “Б.Догмид ч том амьтандаа базарваань. Өгүүллэгийн хувьд ер нь толгойд гарсан хүн шүү. Мань мэттэйгээ ана мана” гэж үнэлжээ. Нэгэн цаг үеийн манлай уран зохиолч хүний энэ үг Б.Догмидын чадал чансааг илтгэж байгаа хэрэг юм. Б.Догмидын “Улаан тарианы хүүхнүүд” зохиолыг нь унших бүртээ энэ зохиолч чинь миний шавь шүү гэж ойрхон байгаа хэн нэгэнд баярхаж суудаг юм.
Михал Шолоховын “Дөлгөөн Дон” роман монгол хэлнээ орчуулагдаад 60-аад жил улирч өнөөгийн зарим хүний ой санамжид байхгүй ч байж болох урт хугацаа өнгөрсөн үед манай Б.Догмид олон арван жил санаж бодож өөрийнх нь хэлснээр “Дөлгөөн Дон” зохиолоос суралцаж “өвчилж” явсаар М.Шолоховыг үргэлжлүүлэн тав дахь ботийг бүтээж Монголын ард түмнийг төдийгүй дэлхий дахиныг шуугиуллаа. Миний шавь Б.Догмид чухам яагаад “Дөлгөөн Дон” романы тавдугаар дэвтрийг бичих болсон юм болоо гээд өвгөн багш нь бодлоо. Тэгсэн нь аргагүй юм байна л даа. М.Шолохов “Дөлгөөн Дон”-ны дөрөвдүгээр дэвтрийг дуусгахдаа гол баатар Григорий Мелехов олон жил цагаантан, улаантны талд байлдаж байгаад дайн дажны аюулаас холдож төрсөн нутагтаа ирээд байрныхаа үүдэнд өөрийн ганц өнчин хүү Мишаткаг тэвэрч байгаагаар төгсдөг. Григорий тэр үед дөнгөж 40 гарч яваа манайхны хэлдгээр бол “40 гарсан эр, дөрөв дарсан ат алсын аян жингийн ачааг даадаг” гэдэг шиг их юм үзэж, нүд тайлсан, жинхэнэ эр бяр нь тэгширсэн залуу эр цаашид хэрхэн амьдрах нь уншигч хэнд ч сонин байх нь мэдээж юм.
Жирийн уншигч бол уншиж дуусаад цааш нь яах байсан бол гэж нэг бодоод л орхичихдог. Ер нь уран зохиол яг амттай үедээ дуусчихдаг шүү дээ. Гэтэл Б.Догмид жирийн уншигч биш байж. М.Шолохов ч түүнийг сайн гижигдээд орхиж. Иймээс л Б.Догмид олон арван жил бодож, тооцоолсны эцэст “Дөлгөөн Дон”-ы тавдугаар дэвтрийг бичсэн хэрэг байжээ гэж багш нь оношиллоо. Зөв, бурууг миний шавь шүүх биз. Энэ романд Григорий “Дөлгөөн Дон” нэртэй хоршоо байгуулж, олон барилга байшин барьж, “Дөлгөөн Дон” усан онгоц үйлдвэрлэж түүгээр Дон мөрнөөр аялан ачаа, бараа тээж, Зөвлөлтийн төрд үнэлэгдэж одонгоор шагнагдаж, бүр хурандаа цолтой Донын цэргийн тойргийн командлагч болж, шинэ сайхан хоёр давхар байр бариулаад залуу сайхан эхнэр Марина, хүү Мишатка, охин Софиятайгаа дөрөвүүлээ сайхан амьдарч байгаагаар зохиол үргэлжилж байна. Григорийг атаа, жөтөөний сүүдэр байнга дагалдаж, амьдралын бөөн бараан тэмцэл дунд үхэх сэхэхийн заагт олон удаа тулж байсан ч хүн уйгагүй, шантрахгүй, өөрөө өөрийгөө зоригжуулж, үнэнч шудрагаар цуцалтгүй хөдөлмөрлөж, тэмцэж чадвал ямар ч ороо бусгаа үед амжилтад хүрч болдгийг гол баатарын жишээгээр харуулсан нь тэр аяараа амьдрах ухааны номлол гэж хэлж болохоор байлаа. Адаг сүүлд нь хань ижил, бэлтрэгээ Григорийд алуулсан хээлтэй гичий чоно түүнээс өс хонзон авах гэж хашаанд нь ирээд тохиромжтой цагийг хүлээн отох зууртаа төрж, олон бэлтрэг гаргаж байна. Бэлтрэгнүүдийг нь тэдний гэр бүл хайрлан халамжилж, хооллож ундалж, дулаан өвөлжүүлсэнд нь уяраад өс хонзонгоо орхиод ой хөвчдөө явж байгаа нь “сайхан сэтгэлийн үзүүрт шар тос” гэдэг хуучны үг санаанд орж байлаа. Энэ бол нэн сургамжтай үйл явдал юм.
Дэлхийн уран зохиолын алтан сан хөмрөгт зүй ёсоор орсон алдартай зохиолчдын бүтээлийг үргэлжлүүлэн бичсэн тохиолдол дэлхийн түүхэнд хэр олон гарсныг мэдэхгүй юм. Гэхдээ л шинэ үзэгдэл, шинэчлэл хийсэн гайхамшигт үйл явдал боллоо. Энэ нь манай Б.Догмид ямар цар хүрээтэй зохиолч болохыг харуулахаас гадна Монгол Улс соёлын арвин өв сантай, монгол хүн оюуны өндөр чадавхтай гэдгийг давхар харуулсан үйл явдал хэмээн биширнэм. Б.Догмид “Дөлгөөн Дон” зохиолдоо Донын казахуудын дунд ажиллаж, байлдаж, амьдарч, үзэсгэлэнт сайхан уул усаа хайрлан хүндэлдэг тэр л нутгийн хүний сэтгэлгээгээр амьдралыг дүрсэлсэн нь нүдэнд харагдаж, сэтгэлд хоногшим, уран цэцэн, яруу тунгалаг, уянгалаг сайхан, уншсан хүн өөрөө Донын казахуудын дунд, Дон мөрний хөвөөн дээр байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Б.Догмид алдарт Дон мөрнийг дүрсэлсэн нь товч бөгөөд тодорхой, оновчтой бөгөөд яруу.
Дөрвөн улирал ээлжлэн солигдовч
Дөлгөөн Доны урсгал татрахгүй
Харийн газар эндсэн хөвгүүдээ
Хайртай нутаг нь хэзээ ч мартахгүй
Өвөл болсон ч шувууд буцдаггүй
Өвгөн Доны харз нь амьтай
Хөөрхөн охидын хөлийг гижигдсэн
Хөнгөн долгиос нь хөгжмийн аялгуутай
Дон мөрөн уйлахдаа уйлж
дуулахдаа дуулж
уурлахдаа уурлаж
учрахдаа уяран мяралзна.
Зохиолын гол баатар Григорий Мелехов тэргүүтэй гар, сэтгэл нийлсэн хэсэг нөхдийн бүтээсэн хөлөг онгоцоор аялагчдыг буцан ирэхийг бүсгүйчүүд хэрхэн хүлээж байгааг өгүүлсэн нь “Мөрөөдлийн хавар навч, цэцгээ дэлгэн айлчлан ирж, мөөгний манан газарт буух тэр өглөө “Дөлгөөн Дон” хөлөг далбаа юугаа өргөн тэнгэрийн хаяатай нийлсэн тэртээх тэнгисийг зорин одохуй дор “Хөх далайн цэнхэр манан дунд хөлгийн далбаа ганцаар цайран” зоригт эрсийн буцаж ирэх баярт өдрийг Дон нутгийн үзэсгэлэнт гоо бүсгүйчүүд тэсэж ядан хүлээнэ гэжээ. Иргэний дайны баатар цолоор шагнагдсан Прохорын найран дээр хүүхнүүд дуулсан нь
Эх орон хүүгээ дуудлаа
Эр цэрэг мориндоо мордлоо
Аугаа их Оросын төлөө
Амь нас хайран биш ээ
Барс, ирвэс довтлон ирэвч
Баатар эр хойшоо ухрахгүй
Төрөлх Дон нутгаа хамгаалахад
Төрсөн биеэ хайрлахгүй ээ.
Газар дэлхийн байдлыг дүрслэн өгүүлсэн “Далай тэнгис ёроолгүй, салхи шуурга оосор бүчгүй, дэлхий ертөнц бүслүүргүй, огторгуй тэнгэр оройгүй” гэсэн зүйрлэл нэн содон байлаа. Зохиолын баатар эрчүүд гахай агнахаар мордож сууринд суух анчдад Григорий зөвлөгөө өгсөн нь “Баавгай, буга ороод ирвэл айлгаж үргээж болохгүй шүү. Зүгээр адис аваад хүндэтгэл үзүүлээд өнгөрөөчихөөрэй” гэсэн нь зөвхөн анчдад төдийгүй, байгаль, дэлхий ан амьтнаа хэрхэн хайрлаж хамгаалж өсгөх талаар хүн бүхэн бодож анхаарах сургамжтай өгүүлэмж юм.
Зохиолын гол баатар Григорийн ярианд ...Амь насны өр ширээ барагдуулж, өглөг авлагын дансанд цэг тавьж нүд аних ёстой. ...Тооцоо хийж, эхнэрийг нь булааж авсаны дансыг боддоггүй юм байхдаа гэсэн үгс энд тэнд цухалзаж байгаа нь зохиолч Б.Догмид нь угаасаа нягтлан бодогч тооцооны мэргэжлийн хүн учраас зохиолын баатрын амнаас тийм үг унаад байна уу даа гэлтэй. Ийнхүү “Дөлгөөн Дон” роман дахин амилж олны хүртээл болсоор удаагүй байгаа энэ үед монгол хүмүүн бүхэн уншаарай гэж уриалъя. Тэгэхдээ М.Шолохов, Б.Догмид хоёрыг зэрэгцүүлж тавиад уншвал бүр ч амттай сайхан болно доо. Би зохиолч, шүүмжлэгч биш учир зөвхөн баярласан сэтгэлээ илэрхийлж байгаа нь энэ шүү дээ. Б.Догмидын “Дөлгөөн Дон”-ыг Орос, Казахын болон дэлхийн улс орны хүмүүс хэрхэн хүлээн авч, ямар сэтгэгдэлтэй байх нь их сонин санагдна. Ийм учир Монгол Улсын Соёлын яам, Монголын зохиолчдын эвлэлийн хороо энэ романыг орос, казах, англи хэлээр орчуулж гаргаасай билээ. Монгол ухааныг дэлхий дахин танихад бас л нэмэр болохсон бус уу.
Монгол Улсын Ардын багш Ж.Нямсүрэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 153 (6885)