Ч.ГАНТУЛГА

 

Соёлын яам 2022 оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын дурсгалт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музей, Богд хааны музей зэрэг түүхэн дурсгалт барилгуудад их засвар хийхээр төлөвлөж, дуурийн театрын засварын ажил эхлээд байгаа билээ.  Энэ удаагийн “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын барилгын түүхийн тухай онцолж байна.

 

Олзны цэргүүдийг дайчлав

 

Монголын сонгодог урлагийн хөгжлийг ямар ч хир буртаггүй, булаглаж буй булгийн эхтэй зүйрлэдэг билээ. Харин тус театрын барилга нь дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар барьсан архитектурын дурсгалт барилгуудын нэг юм. Улсын төв театрын барилга байгуулах тухай “СнЗ”-ийн тогтоол 1940 онд гарсан ч эх орны дайны улмаас хойшлогдож, 1946 оны зургадугаар сарын 28-нд анхны суурийг нь тавьжээ. Барилгын зураг төслийг ЗХУ-д амьдарч байсан фашизмыг эсэргүүцэгч, Герман инженер Герхард Косель 1945 онд зохиосон гэдэг. Ийнхүү 1946-1949 онд Улсын барилга трестийн барилгачид болон Японы олзлогдсон цэргүүд барьж ашиглалтад оруулжээ. Барилгын модыг Тэрэлжийн бүсээс бэлдэн Туул голоор сал урсган зөөвөрлөсөн түүхтэй. 1941-1942 онд Зөвлөлтөд элчин сайдаар ажиллаж байсан Ж.Самбуу энэхүү театрын барилгыг барихад гол үүрэг гүйцэтгэсэн ажээ. Элчин сайд анх Зөвлөлтийн мэргэжилтнүүдэд захиалга өгч Герхард Козельтай холбоо тогтоожээ. Тэрбээр сайдаас “Үндэсний хэлбэртэй хийх үү” хэмээн асуухад Ж.Самбуу “Бид сонгодог маягийн тайзны урлагтай болмоор байна” хэмээн хариулсан тухай зарим эх сурвалжид бичиж үлдээсэн нь бий. Харин Герхард Козель 1968 онд Монголд ирэхдээ өөрийнхөө бүтээлийг хэрхэн сүндэрлэн боссоныг анх харсан гэдэг.

 

Барилгын хээг архитектор Б.Чимэд зохиожээ

 

Дуурийн театрын үзвэрийн гол танхим 800 хүний суудалтай ажээ. Байшингийн хувьд нийтдээ 38 мянган м.кв багтаамжтай барилга юм. Барилгын болон хашааны хээг Б.Чимэд, зураач Д.Манибадар нарын зохиосон зураг төслөөр барималч С.Чоймбол, Н.Даваацэрэн, Н.Жамбаа нар зуржээ. Жүжиг болон сонгодог урлагаар уран бүтээл хийж байсан тус театрыг 1963 оны тавдугаар  сарын 15-наас эхлэн Улсын Драмын театр, Улсын Дуурь Бүжгийн театр болгон өөрчилж, бие даасан хоёр театрыг байгуулсан түүхтэй. Үүний дараагаар тус театр одоогийн байранд 1963 оны тавдугаар сарын 18-нд П.И.Чайковскийн алдарт “Евгений Онегин” дууриар албан ёсны нээлтээ хийж байсан юм.

 Байгуулагдсанаасаа хойш Дж.Пуччиний “Чио чио сан”, “ Тоска”, П.И.Чайковскийн “Шелкунчик”, “Жизель”, “Нойрсож буй хатан”, “Хунт нуур”, Дж.Вердийн “Травиата”, “Торбадур”, В.Моцартын “Дон жуан”, “Бахчесрайн оргилолт булаг”, “Спартак” зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүд болон “Учиртай гурван толгой”, “Жаргалын зам”, “Чингис хаан” зэрэг үндэсний 30  дуурийг тоглож тайзнаа амьдруулсан түүхтэй. Харин  1981 оны долдугаар сард Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор тус театрт “Академик” цол хүртээсэн юм. Мөн 1994 онд “Сонгодог урлагийн академик театр”, хамгийн сүүлд 2002 онд “Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр” хэмээн нэрлэх болсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 150 (6882)