Ч.ГАНТУЛГА
Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа 2021 оны бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга, Азийн аваргын хүрэл медальт Даваасамбуугийн Бадамхандын тухай онцолж байна.
Г.Угалзцэцэгийн шавь
Монголын бодибилдинг фитнессийн залуу үеийн төлөөлөл болж, амжилт гаргаж яваа тамирчдын нэг нь Д.Бадамханд. Тэрбээр дөрвөн удаагийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн шавь юм. Багшийнхаа адил энэ спортод хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж, том зорилго тавьж яваа түүний хувьд 2017 оноос спортоор хичээллэж эхэлжээ. Багадаа махлаг байсан учир анх турж галбиржих хүсэлтэйгээр фитнессээр хичээллэж эхэлсэн ч биед нь өөрчлөлт гарах бүрт урамшиж, мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн аж. Д.Бадамхандын хувьд “Champ fitness” клубын тамирчин, дасгалжуулагч багш юм. Тэрбээр олон улсын тэмцээнд оролцохоос гадна эрчимтэй тураах “Bodyfitclass” хөтөлбөрийг боловсруулж, олон бүсгүйг эрүүлээр галбиржуулан турааж, өөртөө итгэлтэй алхах хүслийг нь гүйцээсэн аж. Түүний хөтөлбөр бүх биеийн булчинг жигд хөгжүүлдэг учир үр дүнтэй байдаг юм байна.
Ихэр заяаны эзэн
Өнгөрсөн онд бодибилдинг, фитнессийн ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотод амжилттай болж өндөрлөсөн. Тэр тэмцээнд Монголын бодибилдинг фитнессийн холбооны тамирчин Д.Бадамханд амжилттай оролцож дэлхийн аварга болж, Ташкентийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Энэ нь түүний хувьд анх удаа оролцож буй олон улсын тэмцээн байсан юм. Д.Бадамханд ийнхүү том зорилгоо биелүүлж, багшийнхаа адил дэлхийн аварга хэмээн хүндлүүлэх болсон. Харин энэ жилийн хувьд тэрбээр хэдхэн хоногийн өмнө Мальдив улсад болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртээд байна. Сонирхуулахад тэрбээр КУДС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн, урлагийн хүн ажээ. Мөн энэ хорвоод ихэр заяанд төрсөн азтай нэгэн юм. Түүний ихэр нь Д.Бадамхандын хамгийн үнэнч фэн, зөвлөгч нь байдаг гэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 138 (6870)