Улс эх орны тусгаар тогтнол юунаас ч чухалыг эрхэмлэсэн зураач Сэнгэравдангийн Элбэгдоржийн энэхүү бүтээл “Репиний академийн шадар 3” үзэсгэлэнд дэлгэгдэж  эх хувилбараар үзэгч олны сэтгэлийг сэргээж, нүдийг баясгав. Энэ бүтээлийн талаар урлаг судлаачид байр сууриа илэрхийлэв.

 

МУЭ-ийн шагналт, урлаг судлаач О.Сосор:

“Ард Аюуш” хэмээн өргөмжлөгдсөн тэрбээр сумынхаа даргаар сонгогдон ажиллаж байсан

 

Бор, хүрэн өнгөнд захирагдсан уг зохиомжийн төв нь бичиг барьж зогсох хижээл эр юм. Түүнийг тойрон янз бүрийн насны эрчүүд суух ба хөтөлгөө морь, хүүхэд, хэвтэж буй ачаатай тэмээ зэрэг олон дүр, дүрслэл буй нь “Цэцэг нуурын дугуйлан”-гийнхан ээлжит цугларалтаа зэлүүд буйд газар хийж, хошуу ноёндоо өргөх заргын бичгээ шүүн хэлэлцэж буйг өгүүлжээ. Байгаль дэлхий хэдий налгар дулаан ч хүмүүсийн сэтгэл тавгүй байгааг тэдгээрийн байр байдал, бодолхийлсэн, шаналсан нүүр царайны төрхөөс ажиж болно. Зураач хүнд хэцүү цаг үеийн амьдралыг бараан өнгийн шийдэл болон хүмүүсийн сэтгэл зүйн байдлаар, харин эрх чөлөөт сайхан цаг айсуйг нарны туяагаар гэрэлтсэн уулсын оройгоор тус тус илэрхийлжээ. Тэрхүү бичиг нь захирагч ноёдоо шүүмжлэн, тэдний элдэв дарамт шахалтыг эсэргүүцэж, 44 зүйлийн шаардлага тавихдаа хэн толгойлсныг мэдэгдэхгүйн тулд аяга тавьж байгаад нарны цацраг мэтээр 165 хүн гарын үсэг зурсан гэдгээрээ түүхэнд мөнхөрсөн билээ. Баруун хязгаарын ардын түмний эр зориг, нарийн арга ухааны тухай түүхийг бахдан судалж зурсан бүтээлийн гол баатар нь заргачаараа нэртэй ч олон түмнийхээ төлөө хүнд ял эдэлж, баатарлаг гавьяа байгуулсан Алдаржавын Аюушийг нөхөд нь хүндэтгэлтэй сонсож буйг зохиомжилсон байна. ХХ зууны эхэнд Засагт хан аймгийн Дархан бээлийн хошууны захирагч ноён Маньбазар гэгч харьяат албатуудаа хайр найргүй шулж, мөлжин дарангуйлж байсан тул Аюуш тэргүүтэй ардууд 10 гаруй жил заргалдсан ч шударга бус байдлын золиос болсоор байв. Харин Ардын хувьсгалын ачаар эрх чөлөөг эдэлсэн ба олон түмэндээ “Ард Аюуш” хэмээн өргөмжлөгдсөн тэрбээр сумынхаа даргаар сонгогдон ажиллаж, амьдарч байгаад 80 настайдаа таалал төгссөн аж.

 

Доктор(Sc.D), профессор, зураач Ц.Эрдэнэцог:

Дүрүүдийг хүйтэн дулаан өнгийн ялгамжаар харуулжээ

 

ХХ зууны 1970-аад онд Ардын хувьсгалаас өмнөх үеийн эгэл жирийн иргэдийн аж амьдралыг харуулсан сэдвээр хэдхэн л зураач бүтээлээ туурвиж байжээ. Харин социализмыг бүтээн байгуулах үйл хэрэг эрчимтэй өрнөж байх үеийн манай уран зурагт Зөвлөлтийн улаан цэргүүдтэй ардын хувьсгалын партизанууд хамтран хятадын гамин цэрэг, цагаантан Барон Унгерний эсрэг явуулсан тулалдааны ялалтыг харуулсан сэдвээр зурах нь түгээмэл байв.

Мөн үед С.Элбэгдорж зураач жинхэнэ эх оронч баатарлаг энгийн ардын тэмцэлийг харуулсан “Цэцэг нуурын дугуйлан” (1980) бүтээлээ туурвисан юм.

Зураачийн “Цэцэг нуурын дугуйлан” бүтээлд тайж, ноёдууд жирийн ард түмнийг шулан мөлжиж, хятадын мөнгө хүүлэгч пүүсийн эзэдтэй хамтран дааж давшгүй өрийн дарамтаар ачаалж, үгээгүй ядууралд унагаж байгаа үйлдлийг эсэргүүцэн боссон нутгийн хэсэг ардын тэмцлээс сэдэвлэн зуржээ.

Энэ бүтээлд Ард Аюуш нь нутгийнхаа санаа нийлсэн хэсэг нөхдийг цуглуулж Хошууны засаг ноёнд шаардах бичиг хүргүүлэхээр хэлэлцэж буй үйл явдлыг тусгасан байдаг.  Зураач бүтээлдээ жаргаж буй нарны тод улаан туяа уулын энгэр дээр туссаж байгаагаар шийдэж наад талд нь Ард Аюушийг хүнд бараан өнгөөр тодруулан зуржээ. Мөн тойрон сууцгааж хэрэг зорилго хэлэлцэж буй нөхдийг сүүдрийн хөхөмдөг ягаан өнгийн нийцэлд нэгтгэн зурсан байна. Тэрбээр бүтээлдээ гол болон туслах дүрүүдийг хүйтэн дулаан өнгийн ялгамжаар хослуулж гаргасан байдаг.

Энэ зурагт дүрүүдийн гадаад төрх, донж байдлаар нь тэр цагийн монгол эр хүнийг  үнэмшилтэй илтгэхийн зэрэгцээ морьд, тэмээн дээрх ачаа, бусад эд зүйлс нь жирийн ардын  амьдралыг тодруулахад оновчтой шийдэл болсон байдаг. Зураач бүтээлээ зураг дүрслэлийн үндсэн зарчимд тулгуурлаж зурж гүйцэтгэсэн боловч мөн түүний өвөрмөц арга ажиллагааны онцлог нь өнгийн шийдэл болон бийрийн чадварлаг бичлэгээр тодорч байна.  Энэ зураг нь олон хүмүүсийг зургийн дэвсгэрт дээр нэгтгэж, зохиомжийн нарийн шийдэлд боловсруулсан дорвитой бүтээл юм.

Улс эх орны тусгаар тогтнол юунаас ч чухалыг эрхэмлэсэн зураач С.Элбэгдоржийн энэхүү бүтээл “Репиний академийн шадар 3” үзэсгэлэнд дэлгэгдэж  эх хувилбараар үзэгч олны сэтгэлийг сэргээж, нүдийг баясгав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 135 (6867)