Ч.ҮЛ-ОЛДОХ
Монголчуудын хүсэн хүлээдэг яруу найргийн хамгийн том баяр “Болор цом” наадам уржигдар болж Янжинлхамын хишигт найрагчаар Н.Гантулга тодорлоо. 30 дахь удаагаа болж буй энэ удаагийн наадам МЗЭ-ийн 84 жилийн ойтой давхцаж, мөн Өвөрмонголын найрагчид ирж оролцсон нь онцлог байлаа. Эхний даваанд шалгарсан 35 найрагчаас гадна тааллаараа оролцох эрхтэй “Болор цом”-ын эзэн найрагчдаас энэ удаа Б.Галсансүх, Х.Эрдэнэбаатар, Д.Болдхуяг нар шүлгээ уншив.
Сүүлчийн шатанд Б.Галсансүх, Н.Гантулга, Ай.Төмөр-Очир, О.Цэнд-Аюуш, Б.Мягмаржав нарын таван найрагч шалгарсанаас Н.Гантулга “Уулсын сэтгэлгээний тэлэлт” шүлгээр “Эгшиглэнт эх” Янжинлхамын ивээлд багтлаа. Жил жилийн наадамд мориор бол байнга өнгөлж ирсэн Б.Мягмаржав аман хүзүүдэж, гуравдугаар байрт О.Цэнд-Аюуш, дөрөвт Б.Галсансүх, айргийн тавд Ай.Төмөр-Очир шалгарлаа.
“Болор цом”-ын тэгш ой тохиож буй учраас энэ удаа найрагчдад шагналын хур буусан юм. Олон жил үзэгчдийн таашаалд нийцсэн шүлгээр уралдаж ирсэн М.Билэгсайхан, Ю.Идэрчулуун нар нэрэмжит шагналын эзэн болж, Утга зохиолыг дэмжигч уран бүтээлчээр яруу найрагч А.Эрдэнэ-Очир тодорлоо. Энэ удаагийн үзэгчдийн таашаалд нийцсэн шүлгийн “Хөх мөнх зөн” шагналын эзнээр Л.Ганзул тодорч, “Авьяас” алтан медалийг Э.Сударчулуун, МЗЭ-ийн тусгай шагналыг С.Начин нар хүртлээ.
Наадам сайхан болсон ч үзэгчдийн хүсэн хүлээдэг, шүлэг найргийг нь цээжлэн уншдаг олон сайхан найрагч “Болор цом-30”-д оролцсонгүй. Мөн “Болор цом”-ын эздийн олонх нь тодорхой шалтгааны улмаас оролцоогүй, зарим нь амжаагүй гэдгийг хэлж байв. Зохион байгуулалт сайтай болсон ч нйарагчдаа тайзан дээрээ урьж суулгахаа байчихаар тиймхэн байгааг үзэгчид шүүмжилж байлаа. Харин энэ удаагийн наадмаас анзаарагдсан нэг дэвшил нь “Болор цом” сэтгэлгээ рүү нэлээд хэвийжээ. Найрагчдын уншсан шүлгүүдийг нэг сонсоод ойлгох боломжгүй санагдсан. Олон найрагчийн шүлгийг болж өгвөл цаасан дээр буулгаснаар нь хармаар санагдаж, тийм байдлаар уншвал илүү ойлгох юм шиг бодогдож байлаа. Б.Галсансүхийн шүлгүүдийн хэлбэр, утгыг номоос нь, цаасанд буулгаснаас нь уншвал илүү амттай байдаг шиг тийм хандлага “Болор цом”-д орж ирсэн нь дэвшил байх. Цаашдаа наадмаас өмнө уралдаанд ирсэн, ялангуяа сүүлчийн шатанд үлдсэн найрагчдын бүтээлийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэдэг, тэндээс нэр дэвшүүлдэг болохыг хэн байг гэх вэ.
Н.Гантулга: “БОЛОР ЦОМ”-ЫН АЙРГИЙН ТАВД ХОЁР УДАА ОРЖ БАЙЛАА
“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулгаас цөөн асуултад хариу авч, сэтгэгдлийг нь сонслоо.
-Янжинлхамын ивээлд багтаж, “Болор цом”-ын эзэн болсонд баяр хүргэе. Энэ хүртэл хэчнээн жил шүлгэн хүлэг уралдуулав?
-Намайг уншдаг, сонсдог, халуун алга ташилт урмын үгээрээ хөглөдөг бүх хүнд баярлалаа. “Болор цом”-д найман жил тасралтгүй шүлгээ уншсаны эцэст энэ шагналыг авсандаа баяртай байна. Одоогоос хоёр жилийн өмнө “Болор цом” наадам Дархан-Уул аймагт болоход гуравдугаар байрын шагнал авч байлаа. Түүний өмнө айргийн тавд орж байсан. Тухайн үед утга зохиолд элэгтэй, миний уран бүтээлийг дэмжиж түшдэг номын сайхан ах нар маань “Төрийн наадамд долоо давлаа, бөхөөр бол заан цол хүртлээ” гэж байсан. Өнгөрсөн жил гадаадад томилолтоор явсан тул наадамдаа оролцож чадаагүй. Энэ жил шүлгээ уншиж, “Эгшиглэнт эх”-ийн өлмийд сөгдөж “Болор цом”-ыг авах өндөр хувь Улаан хадны хөвгүүн надад байж дээ гэж бодоход сэтгэл хөдөлж, үнэхээр их баярлаж байна.
-Энэ баярт мөчид сэтгэлд тань хамгийн түрүүнд юу бодогдож байна?
-Яг энэ мөчид миний Хөшөөтийн гол цөнгөө түрэн урсч, миний амин сэтгэлийн шүтээн Арцын улаан гол мөсөө задлан яралзтал урсч байгаа байх. Хөшөөтийн голд өвөлжиж байгаа миний аав, адуучин Норов гуай баярлаж байгаа байх. Монголын минь яруу найраг тэнэгэр байх болтугай. 30 дахь удаагийн “Болор цом”-ыг хүртсэнээ уран бүтээлээрээ мөнхөлж, яруу найргийн сайхнаар та бүхнээ дээдэлж явах болно.