Б.Алтангэрэл
Энэ удаагийн дугаарын зочноор УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Бумхүүг урилаа. Тэрбээр “Учиртай гурван толгой” дуурийн Балганд хамгийн олон удаа дуулсан дуучны нэг юм.
-Та “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч. Анх энэ дүрд дуулах эрхийг хэрхэн авч байв?
-Дуурийн театрт гоцлол дуучнаар ороод “Учиртай гурван толгой” дуурьт дуулах нь залуу дуучдын хувьд нэр төрийн хэрэг байдаг. Театр босго өндөртэй учир энэ дуурьт хэрхэн дуулснаас шалтгаалж цаашид сайн дуучин болох уу үгүй юу гэдэг нь шийдэгддэг. Би анх энэ дүрээр тайзан дээр гарахдаа хоёр сар гаруй бэлтгэл хийж байлаа. Тиймээс Балганы дүрдээ их хайртай. Энэ дүр сэтгэлд нэг л дотно, ойрхон байдаг юм. Анх тайзан дээр гараад хоёр цаг тасралтгүй дуулж, жүжиглэсэн хэрнээ тайзнаас буугаад юу болоод өнгөрснийг мэдэхгүй болтлоо сандарсан шүү.
-Балган таны дуулж байсан бусад дүрээс юугаараа онцлог санагддаг вэ?
-Монголын үндэсний хэмжээний дуурь учир мэдээж гадны сонгодог бүтээлээс эрс өөр. Дуулалт, алхаа гишгээ, харц нь хүртэл. Балганы дүрийг хурц ширүүн, драматик гэж тодорхойлж болно. Миний хувьд анх 23 настайдаа энэ дүрийг бүтээж байлаа. Жаахан хүүхэд байсан учир хурц ширүүн, ноёны дүрийг бүтээхэд хүндрэлтэй байсан. Харин нас ахиж, олон дуулах тусам дүр маань гарт орж, хаанаас нь ч дуулахад бэлэн болсон.
-Хэдэн удаа Балганд дуулсан бол, та тоолж үзсэн үү?
-Манайх уран бүтээлчдийнхээ дүрийн уран сайхны бүртгэлийг байнга хийдэг. Энэ бүртгэлийн мэдээллээр нийт 53 удаа Балганд дуулсан байна. Театрын уран сайхны зөвлөл маань намайг туршлагажаад, хоолой суугаад ирэхэд Юүндэнгийн дүрийг дуулах болоцоотой гэж үзсэн. Тиймээс сүүлийн жилүүдэд Юндэнгийн дүр дээр түлхүү ажиллах болсон.
-Таны бүтээсэн Балган бусад дуучдын Балганаас хэр өөр бол?
-Дуучин бүхэн өөрийн онцлогтой бүтээж байгаа. Би Балганы дүрийг ширүүн гэхээс илүү энэрэнгүй талдаа бүтээхийг хичээдэг. Хэдийгээр Юндэнтэй муудалцаж байгаа ч аливааг ухаанаар бүтээхийг зорьдог гэдгийг нь илүү тод харуулахыг хүсдэг юм.
-Хамгийн анх Балганд дуулахдаа ямар уран бүтээлчидтэй хамтарч байсан бэ?
-Тэр үед Юндэнгийн дүрд гавьяат М.Болд, Нансалмаагийн дүрд Д.Туяа, Хоролмаагийн дүрд гавьяат С.Мөнгөнцэцэг нар тоглож байлаа. Харин найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Сарантуяа багш, удирдаачаар Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх ажилласан юм. Энэ мундаг хүмүүсийн зааж, зөвлөснөөр д анхны тоглолтоо амжилттай дуусгаж байлаа.
-“Учиртай гурван толгой” дуурийг үзээд үзэгчид, залуус юуг илүү ойлгож, ухаараасай гэж та боддог вэ?
-Монгол хүн нэгнээ хэрхэн хайрладаг, эмэгтэй хүнийг яаж хүндэлдэг, харцаараа хэрхэн энхрийлдэг, бүсгүй хүн нөхрөө хэрхэн дээдэлдэг вэ гэдгийг энэ бүтээлд өгүүлдэг. Мөн зан заншил, монгол ахуйг харуулдаг шүү дээ. Тиймээс монгол хүн бүхний үзэх ёстой дуурь гэж бодож байна.
-Дуулаад жүжиглэхэд хэцүү байдаг байх даа. Уран бүтээлчээс илүү ур чадвар, мэдрэмж шаардах уу?
-Бидний мэргэжлийн хувьд дуулахаас гадна жүжиглэлт илүү шаарддаг. Харин миний хувьд шингэн хоолойтой учир бусад дуучдыг бодоход хоолойгоо өөрчилж дуулах шаардлага илүү их тулгардаг.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2022 ОНЫ Долдугаар САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 130 (6862)