Ч.ГАНТУЛГА

 

Төгөлдөр хуурын намуухан ая эгшиглэж, дурсамж яриа, гэгээн дурдатгал хөвөрсөн нэгэн үзэсгэлэнд саатсан юм. Уригдсан зочид нь урлагийн хүмүүс учир энэ танхимд хөг аялгуу тасрахгүй нь таатай. Улсын филармони гэх нэгэн айл төв талбайн дэргэд анхлан галаа бадрааснаас хойш 65 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын хөгжмийн урлагийн ууган байгууллага гэсэн эрхэм алдраа өндөрт өргөж, олон сонгодог бүтээлээр урын сангаа нэмсээр байгаа юм. Монголын театрын музейд симфони найрал хөгжмийн 65 жилийн ойд зориулсан Улсын филармонийн түүхийг өгүүлэх “Хөгжмийг хүн бүрд” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийсэн нь энэ. Тус үзэсгэлэнд симфони найрал хөгжимд ажиллаж байсан дарга нар, ахмадууд, уран бүтээлчид, удирдаачдын төлөөлөл хүрэлцэн иржээ.

 

“Энгийн нэг ажилтан хүртэл бидний нэгэн эд эс”

Улсын филармонийн хувьд Баянмонгол, Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим гэсэн үндсэн гурван ангиас бүрддэг.  Энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд тус байгууллагын ажилтан, албан хаагчдаас эхлээд филармонийн  уран бүтээлчдийн түүхэн гэрэл зургуудыг дэлгэсэн байв. Үзмэрүүдээс онцолбол Төрийн шагналт, Ардын жүжигчин, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хуучир хөгжим болон түүний хүү Улсын филармонийн ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Н.Бүтэнбаярын удирдан дохиж байсан дохиур үзэсгэлэнгийн чимэг болон тавигджээ. Улсын филармонийн дарга С.Баттулга “Манай байгууллагын үе үеийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийж байгаад баяртай байна. Сайн уран бүтээл гэдэг хамтын хөдөлмөр байдаг. Тиймээс Улсын филармонид ажиллаж байгаа энгийн нэг ажилтан хүртэл бидний нэгэн эд эс юм шүү” хэмээн онцолсон юм.

 

Шилдэг бүтээлүүдээ пянзанд мөнхөлнө

Энэ оны хувьд Улсын филармони үүсгэн байгуулагдсаны 50, Симфони найрал хөгжмийн 65, Морин хуурын чуулгын 30 жилийн ой давхацсан онцлогтой жил.

Тиймээс энэ онд дуу хуур, хөг аялгуугаар хөглөгдсөн жил байх тухай тус байгууллагын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Алтан-Од онцолж байсан юм. Мөн Морин хуурын чуулгаас “Хөгжмийг хүн бүрд” уриатай хөдөө орон нутгийн аялан тоглолтыг амжилттай зохион байгуулсан билээ. Харин ирэх намраас шилдэг, шилмэл бүтээлүүдээс бүтсэн пянз, түүх өгүүлэх номын нээлт, баримтат кино хийхээр төлөвлөжээ. Ийнхүү Монголын хөгжмийн урлагийн ууган байгууллага Улсын филармони амжилт бүтээл, түүхэн он жилүүд, ажилтан албан хаагчдаа алдаршуулж,  нэгэн үдшийг  дурсамж дүүрэн өнгөрүүлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 127 (6859)