Ц.МЯГМАРБАЯР
“Старт апп-2022” улсын уралдааны III байранд шалгарч мөнгөн тэтгэлэг хүртсэн “MyFin” компанийг үүсэн байгуулагч Б.Нурбекийг энэ удаагийн “Старт апп” буланд урьж ярилцлаа.
-Хар дэвтэрт бизнесийнхээ өдөр тутмын орлого, зарлагыг хөтөлдөг санхүүгийн болхи арга ард хоцорч “Санхүүгээ атга” уриатай танай аппликейшн бизнес эрхлэгчдийн чухал хэрэгцээтэй зүйл болжээ. Шинэ санаа болгон бэрхшээлтэй зүйл бүрийг хөнгөвчилсөн байдаг. Анхны санаа хэрхэн төрж байв?
-Хувиараа жижиг бизнес эрхэлж байгаа үсчин гоо сайхан, оёдол, гутал засвар, цайны газрууд санхүүгийн бүртгэл, хөтлөлт дээрээ их алддаг. Жижиг бизнес эрхлэгчид орлого, зарлагаа хар дэвтэрт халтайтал нь хөтөлсөн харагддаг. Хэдэн арван хар дэвтэр овоолоостой. Банкны зээл авах бүрт нөгөө л хар дэвтрээ тэвэрчихсэн явж байх жишээтэй. Би нэг хэсэг жижиг бизнес эрхэлж байсан. Гэхдээ ехсел программ дээр орлого, зарлагаа хөтөлдөг байсан. Харин энэ программ дээр хүн бүр ажиллаж чаддаггүй. Санхүүгийн том программ аваад хэрэглэе гэвч өртөг өндөр байдаг. Иймээс санхүүгийн энэ мэт жижиг бүртгэлийг хөнгөвчлөх аппликейшн бүртгэх шийдэл хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрч үүнийг зохиох санаа төрсөн. Мөн жижиг бизнес эрхлэгчдийн санхүү дээр гаргадаг нэг том алдаа нь хувийн санхүүгээ бизнесийн санхүүтэйгээ хольчихдог. Ингэснээр ашгийн тооцоолол гаргахад хүндрэлтэй байдаг. Мөн урсгал болон бизнесийн зардлаа ялгадаггүй, бүртгэл хөтөлдөггүй. Түүнчлэн хоол цай, кофе, бараагаа ойрхон зайд зөөх гэсэн жижиг зардлуудыг тэр бүр тооцдоггүй. Эдгээр нь нийлээд аж ахуйн зардлыг ихэсгэж байдаг. Бүртгэдэггүйгээс ашигтай ажиллаад байна уу, ашиггүй байна уу гэдгээ ч мэддэггүй. Тэгвэл энэ бүгдийг аппликейшнд бүртгэдэг болсноор бизнес эрхлэгч бизнесийн болон хувийн зардлаа ялгаж сурдаг. Улмаар хэдэн төрлийн орлого олдог түүн дотроо хэчнээн зарлага гаргаж байна гэдгээ ангилж бүртгэвэл юунаас хэдэн төгрөгийн орлого олж ямар бүтээгдэхүүн үйлчилгээ илүү борлуулалттай байгааг мэддэг болно. Түгээр ч зогсохгүй юунд илүү их зардал гарч байна. Урсгал зардал, үйл ажиллагааны аль хэсэгт хэмнэлт хийж болох вэ гэх мэтээр тооцож ашгаа харж болно гэсэн үг.
-Аппликейшнээ татаж орлого зарлагаа хар дэвтэрт биш гар утсандаа бүртгээд явна гэсэн үг үү. Орлого, зарлага хийх бүрт автоматаар ангилагдаад бүртгэгдэх үү?
-Өөрөө заавал ангилж бүртгэж явна. Түүнээс биш дансаар орлого, зарлага хийх бүрт бүртгэнэ гэвэл сарын эцэст давхардсан ойлгомжгүй гүйлгээнүүд харагдана. Зарлага гаргах бүртээ ангилж шивнэ. Хар дэвтэртээ бичээд явж болох ч долоо хоногийн болон сарын дараа дахин шивэлт хийхэд хугацаа их орно. Тиймээс өдөр бүр апп-даа дор дор нь бүртгэл хийхэд автоматтаар тооцолол хийгдээд явна.
-Хэзээ хэрэглээнд оруулсан юм бэ. Одоогоор хэдэн байгууллага, хувь хүн хэрэглэж байгаа вэ?
-Аппликейшнээ анх 2021 оны есдүгээр сард туршилтаар хэрэглээнд оруулсан. Энэ оны дөрөвдүгээр сард туршилтын хугацаа дуусаж албан ёсоор нийтэд таниулж зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. Одоогоор бид 800 орчим хэрэглэгчтэй болсон. Үүний 64 хувь нь өрхийн санхүүгээ бүртгэх моделийг түлхүү хэрэглэсэн бизнес эрхлэгч нар байна.
-Танай апп-ыг хэрэглэснээр татварын тайлан гаргахад дөхөм болох уу. Системтэй хэрхэн уялдах бол?
-Хэдийгээр татварын тайлан гаргахад хувь хүмүүст нэлээд дөхөм болж байгаа ч холбогдоход бэрхшээлтэй. Учир нь тэд хувийн дансаараа бэлэн мөнгө байнга авдаг учраас тэр бүр тайланд тусгахыг хүсдэггүй. Тиймээс татварын системд холбогдохыг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл, хувийн болон бизнесийн зарлага, орлого нь холилдсон байдаг болохоор тэр. Харин зөвхөн бизнесийн орлого тустай бүртгэснээрээ татварт тайлан гаргахад дөхөмтэй.
-Танайх энэ жилийн “Старт апп-2022” улсын уралдааны III байрт шалгарч мөнгөн тэтгэлэг хүртсэн гэсэн. Уралдааны талаар тодруулахгүй юу. Ямар шалгуур тавигддаг вэ?
-Энэ уралдааныг ХНХЯ-наас ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор буцалтгүй санхүүжилт олгох хакатон хэлбэрээр зохион байгуулсан. Манай төсөл ХНХЯ-ны зорилгод нийцсэн байсан. Учир нь санхүүгийн эмх цэгцгүй байдлаас болж олон жижиг бизнес эрхлэгч дампуурч ажлын байраа алддагийг судалгаа харуулсан байдаг. Тэгэхээр орлого, зарлагаа анхан шатандаа санхүүгийн хялбар хөтлөлт, бүртгэлээр шийдвэрлэж бизнесээ цэгцтэй явуулах шаардлага зайлшгүй асуудал болсон юм билээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэх хүмүүсийг илүү дэмжих гээд буй салбар яамны бодлоготой манай “MyFin” апп нийцсэн. Одоогоор манайд жижиг бизнес эрхэлдэг 256 мянган аж ахуйн нэгж байдаг. Эдгээр жижиг нэгж манай хүн амын дундах ажлын байрны ихэнхийг бүрдүүлдэг. Тиймээс жижиг гэлтгүй анхаарах шаардлагатай салбар. Энэ утгаар манай зохион бүтээсэн апп эхний байруудад орох шалтгаан байсан болов уу. Бидний хийсэн апп цаг үеэ олж төрийн бодлоготой уялдсан нь бусад аппликейшнээс ялгарч давуу тал нь болсон. ХНХЯ энэ уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулсан. Өнгөрсөн жилээс эхлэн гарааны бизнес эрхлэгчдэд буцалтгүйгээр санхүүжилт олгож эхэлсэн нь өмнөх уралдаануудаас онцлогтой байсан. Өмнө нь хөнгөлттэй зээл олгож байсан юм билээ. Гэхдээ дөнгөж гарааны бизнес эхэлж байгаа этгээд зээлээ төлөх боломжгүй дарамт их, хөл дээрээ зогсож чаддаггүй. Тэгээд гарааны бизнесийн ихэнх нь амжилттай болдоггүй. Тиймээс санхүүжилтийг нь буцалтгүй болгосноор амжилттай байна гэж зохион байгуулагчид нь ярьж байсан. Энэ удаа нийт санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж 99 сая төгрөгт багтаасан. Тэргүүн байрт 20 сая, II байрыг хоёр старт апп шалгарч тус бүр 17 сая, III байранд гуравыг шалгаруулж тус бүр 15 сая төгрөгийн буцалтгүй санхүүгийн тэтгэлэг олгосон. Мэдээж зарцуулалтад гэрээний дагуу хяналт тавьж байгаа. Бидэнд том дэмжлэг болж олон гарааны компаниудад урам зориг нэмсэн. Цаашид олон гарааны бизнес төрөх нь дамжиггүй. Нэг удаа орж санхүүгийн дэмжлэг авсан бол дахин ордоггүй дүрэмтэй. 283 гарааны компани оролцсон. Харин дэмжлэг аваагүй нь хэдэн ч удаа орох боломжтой.
-Мэдээж амьдаралд хүндрэлтэй байгаа асуудал бүрийг хялбараар шийднэ гэдэг нь шинэ апп бүтээх санаа байх л даа. Хамгийн гол нь шинэ санаа бүрийг амжилттай бизнес болгоно гэдэг хүндрэлтэй байх. Ямар замыг туулж энэ аппликейшнээ бүтээв?
-2014 онд их сургуулиа англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Төгсөөд янз бүрийн бизнес эрхэлсэн. Тэгээд өөртэйгөө ижил бизнес эрхлэгчидтэй уулзаж явахад санхүүгийн хөтлөлт муу, эмх цэгцгүйгээс бизнес нь олигтой явахгүй байгааг олж мэдсэн. Ингээд л хялбарчлах арга эрэлхийлж апп зохион бүтээх санаа төрсөн. Миний хобби аппликейшн бүтээх, код бичих байсан. Өмнө нь ганц нэг апп хийж бүтэлгүйтэж байсан удаатай. Тэр туршлага дээрээ суурилж энэ аппликейшнээ бүтээсэн. Одоо манайх хоёр инженер, хоёр үүсэн байгуулагч, санхүүгийн зөвлөх гэсэн орон тоотой ажиллаж байна.
-Танайхтай ижил төрлийн аппликейшн байна уу?
-Манайд одоогоор байхгүй. Анхдагч нь бид. Бусад улсад ижил төрлийн апп байгаа. Манай апп-ын нэг давуу тал нь жижиг бизнесийн санхүүг хөтлөхийн зэрэгцээ өрхийн санхүүг хөтлөх боломжтой. Тэгэхээр нэг сумаар хоёр туулай буудна гэгчээр хоёроос дээш хэд хэдэн бизнесийн санхүүг хөтлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, жижиг бизнесийн санхүүгийн форматаар өрхийн санхүүгээ хөтлөх модулийг хөгжүүлсэн гэсэн үг. Өрхийн санхүүг хөтлөх өөр нэг апп байдаг ч манайх нэг шийдлээр олон санхүүг хөтлөх боломжтой гэдгээрээ давуу.
-Цаашид хөгжүүлэлтээ хэрхэн өргөжүүлэх бодолтой байна вэ?
-Аппликейшн бүтээх инженерүүд манайд дутагдалтай. Гарааны бизнест инженерүүдийг ажилд аваад апп бүтээнэ гэвэл бүтэхгүй. Чадалтай инженерүүд өндөр цалин шаарддаг. Тиймээс бид эхний ээлжид бизнес модель загвараа гаргаад аппликейшн бүтээдэг компани юм уу хэсэг залуусаар хийлгээд дараа нь хөгжүүлэлтээ хийнэ гэсэн дарааллаар явах нв зөв санагддаг. Тэгээд тодорхой хэмжээний орологтой болж томорсныхоо дараа мэргэжлийн инженер авах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, бид өрхийн болон бизнесийн санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байнга сургалт явуулна. Түүнчлэн систем томрохын хэрээр эх код руу эргээд орох инженерүүд хэрэгтэй болно. Апп-ыг ганц инженер бүтээдэггүй. Инженерүүд дотроо нарийн мэргэшсэн байдаг. Нүдний, ходоодны эмч гэдэг шиг it, khard, soft, инженерүүд гэж байдаг. Тухайлбал, it инженер веб сайт хөгжүүлэлт, эх код бичихэд чиглэсэн байдаг.
-Танайх апп аа ямар үнээр нийлүүлж байна вэ?
-Фэйсбүүкээр чат бичдэг бизнес байхыг хүсэхгүй. Энэ апп аа олон бизнес эрхлэгч, өрхийн бизнесээ эмх цэгцтэй болгох хүмүүст зааж сургах зорилготой. Манай аппликейшны нэг жилийн эрх нь 25 мянган төгрөг. Нэг сарын 2083 төгрөгөөр санхүүгээ супер аваад явах боломжтой.
-Алсын хараагаа хэрхэн тодорхойлж байна. Мөн өрхийн санхүүгийн бүртгэлээ тодруулахгүй юу?
-Жижиг бизнес эрхлэгч хар дэвтрийг банкнаас зээл авахын тулд хөтөлдөг. Энэ нь үйл ажиллагааны баталгаа болдог. Гэтэл банк уг дэвтрийг хараад бодит хөтөлсөн байна уу гэдгийг шалгадаг. Мэдээж нэг балаар тэмдэглэсэн цэвэрхэн байвал баталгаа болох эсэх нь эргэлзээтэй. Харин ч хар дэвтэр халтар болсон байх ёстой. Олон балаар бичсэн байх. Тодорхой цаг хугацааг өнгөрөөж элэгдсэн байх ёстой гэдэг. Тэгвэл манай аппликейшн хэрэв зассан бол зассан гээд гарч ирдэг. Нөгөөтэйгүүр, өдөр тутмын орлого зарлага, бэлэн мөнгийг байнга хадгалдаг. Ингэснээр банкинд хар дэвтрийг баталгаатай орлож чадах санхүүгийн найдвартай хэрэгсэл болох юм. Боловсронгуй энэ системийг ашиглах нь нэр төрийн баталгаа мөн зээл авахад ч гэсэн том баталгаа болох юм. Цаашид бүх жижиг бизнес эрхлэгч болон өрхийн санхүүгээ бүртгэх хэн бүхнийг энэ апп-ыг хэрэглэж хэвшүүлэхийн төлөө манай алсын хараа чиглэж байна. Банк ч гэсэн хар дэвтрийг баталгаа болгох биш “МyFin” апп хэрэглэдгээр нь зээлийн баталгаа болгож зээл олгодог болгоход хамтарч ажиллана. Өрхийн санхүүгээ бүртгэх нь бизнесийнхтэй яг ижил бүтэцтэй. Манай залуу гэр бүлүүд өрхийн санхүүгээ нэг дансаар эсвэл тусдаа дансаар хөтөлдөг. Өөрөөр хэлбэл, эхнэр нөхөр хэдэн төгрөгийн цалин аваад хэдэн төгрөг зарцуулаад байгаагаа мэддэггүй. Гэр бүлд нь том асуудал гарвал хоёр талаас мөнгөө гаргаад зарцуулдаг. Тэгвэл нэг данстай гэр бүлүүд илүү амжилттай байдаг нь манай өрхийн санхүүгийн бүртгэлийн апп-ыг ашиглаад мэдсэн олон гэр бүл байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 108 (6840)