Уран зургийн “Монгол арт” галерейд тун удахгүй Урчуудын Эвлэлийн хорооны 80 жилийг тохиолдуулж гаргаж байгаа “Репиний академийн шадар гурав: Ё.Өлзийхутаг, Б.Пүрэвсүх, С.Элбэгдорж” үзэсгэлэн нээгдэх гэж байна. “Шадар гурав”-ын нэг болох Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүхийн талаар түүний шавь, зураач Г.Лхагвасүрэнгийн бичснийг “Зууны мэдээ” сонин “Миний багш” буландаа онцлон хүргэж байна.

XX зууны Монголын дүрслэх урлаг нь дэлхийн урлагийн жишигт тэмүүлсэн түүхэн он жилүүдийн эхлэл, үргэлжлэл, амжилтууд, сургалтын суурь, залгамж холбоо бүрдэлийн түүхийг бүтээсэн алдарт зураачдын эрин үе байсан юм. Тэдгээрээс онцлон дурдах ёстой түүхэн сэдэвт уран зургийн гол төлөөлөл болсон цөөхөн зураачийн нэг нь Монгол Улсын Төрийн шагналт зураач, судлаач, багш Б.Пүрэвсүх юм.

Тэрбээр бүтээл бүртээ өнгө зохиомжийн хөг нийлсэн сүрлэг дайчин, давшингуй хөдөлгөөнт шийдлээр түүхэн үйл явдлын эгзэгтэй хором агшинг оновчтой сонгож, цаг хугацаа орон зайн зохиролт нөхцөлд түүхэн бодит хүмүүсийн эх оронч, тэмцэлд уриалан дуудагч дүрийг харуулж чаддаг. Энэ нь түүний уран зурагт мэргэшсэн мастер уран чадвар, түүхийн үнэ цэнийг эрхшээсэн чанд сэтгэлийн илрэл болдог юм.

Түүний бүтээлүүдийн зөвхөн нэрийг нь ажиглахад хоорондоо холбоо дэс үүсгэсэн мэт “Тэмцэгчид”, "Шинэ цагийн босгон дээр", "Тэмцлийн замд”, "Талын баатрууд” гэх мэтээр цаг хугацаа орон зайн хосолмол өнгө аяс нь үргэлжлэн байхын зэрэгцээ аливаа түүхэн үсрэлт дэвшлийн эгзэгт мөч бүрт хүний сэтгэл зүйн мөчлөг хэрхэн автаж, шийдэл гаргаж хөдөлгөөнд орж буй хийгээд өрнөл буюу учиг тайлагдах учир шалтгаан үүсэх хэсгийн аль мөчлөгт зохиомжийн сонголтыг ямар харааны түвшингээс хэдий багцааны орон зайд дүрслэлийг сонгож гол дүрүүдийн байршлыг аль чиглэлд хөдөлгөөнийг өрнүүлэн авах нь түүний гол өгүүлэмж санаа болдог мөнхөд эрхэмлэх хүн чанар, монгол эх орончдын туйлбар төгс зан чанарыг өгүүлэхийн зэрэгцээ зохиомжлох арга хэллэгийн их мастер болохыг нь харуулдаг.

Ихэнх бүтээлд нь Сүхбаатар, Магсаржав, Амарсанаа, Саж лам гэсэн түүхэн бодит дүрүүд гол дүрийн орон зайг эзэлдэг. Энэ нь тэдгээр бодит дүрийн сэтгэл зүйг онцлон судалж, мэдэрч оновчтой илэрхийлдэг болохыг харуулж буй хэрэг. Түүхэн зургийн гол шалгуур зарчим, үнэ цэнийн асуудалд хариу өгөөд байгаа хэрэг. "Саж ламыг баривчилсан нь" уран зурагт сэтгэл зүйн драматизм хэрхэн өрнөж буйг гэрэл сүүдрийн тоглолтоор оновчтой шийдсэнийг харж болно.

"Саж лам баригдав” 1983 он, 165x130 см, зотон тос,

“Тэмцэгчид”, "Талын баатрууд”, ”Шинэ цагийн босгон дээр”, "Тэмцлийн замд” гэсэн ерөнхий нийтлэг сэтгэмжийн дүрүүдээс бүтсэн бүтээлүүдийн гол дүрд шийдэмгий, их оргил тэмүүлэлд автаж ассан залуухан эр манлайд нь дүрслэгдэж буй давтамж мэдрэгдэнэ. Энэ дүр бол түүний өөрийнх нь дүр гэж ойлгогдохоор байдаг. Учир нь түүх судлаач, түүхэн зураач байхын шалтаг нь түүний өөрийн сэтгэлийн гүнд оршиж буцалж байсан төрмөл эх оронч үзэл түүхэн үйл явдлаар дамжин уран бүтээлд нь бууж буй гэж үзүүштэй. Нөгөө талаар түүний бүтээлийг хөндлөнгөөс харахад бүтэх үйл явц нь амархан, богино хугацаанд тодрон босдог мэт сэтгэгдэл төрүүлдэг нь бүтээлчид өөрт нь тухайн  түүхэн цаг хугацаа, орон зай, үйл явдлын цөмд бүрэн орж хувилах эрдэм авьяас хосолмол байсны шинж гэлтэй.

"Талын баатрууд” 1981 он, 142x160, зотон тос
"Шинэ цагийн босгон дээр” 1978 он, 90x135, зотон тос
"Тэмцлийн замд” 1987 он, 160x200, зотон тос

Б.Пүрэвсүх багш эскизийг маш хөнгөн их ерөнхий тоймлодог аргатай байсныг бид мэднэ. Энэ нь түүний судалгааны их мэдлэгтэй нь онцгой холбоотойг орхиж болохгүй. Үндсэн хэллэг нь хөдөлгөөн байдаг. Түүгээрээ түүний бүтээлүүд хүнд хүрдэг тэр хөдөлгөөнийг зурдаггүй харин бичдэгт түүний гол чадвар оршдог. Тэрбээр бийрнийхээ алсын төгсгөл хэсгээс хөнгөн барьж чөлөөтэй бичлэгүүдийг гайхалтай өнгө хослолоор амилуулдаг чадвар нь хөгжим тоглож буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Бас нэг сонирхолтой арга нь хуучин зураг дарж хийх явдал байсан.

Тэрбээр И.Е.Репинийн академи төгсөгчдийн хуулбар бүтээлийн үзэсгэлэнд Рейнбрандт Харменс ван Рейнийн "Залуугийн хөрөг”, Пьер Огюст Ренуарын "Эмэгтэйн хөрөг” гэсэн хоёр бүтээлийг толилуулж байсныг санаж байна. Техник ажиллагааны хувьд эрс тэрс ялгаатай энэ хоёр бүтээлийн нэг нь олон үеэр давхарлан фактур үүсгэн бичсэн, нөгөө нь маш тунгалаг нимгэн усан будгийн мэт бичсэн бүтээл байдаг. Ингэж тэр өөрийгөө хөгжүүлж сорих, олох тал дээр ухамсартай зорилготой шийдлүүдийг гаргаж чаддаг байсныг харуулж байна. Рейнбрандтын агуу их амьдралын үнэнийг өгүүлсэн дүрийн сэтгэл зүйн илрэл, өнгийн тослог нүнжиг шингэсэн бүтээлүүд түүний дотоод хүнийг сэрээх, ур чадвараа өсгөх хүчин зүйл болсон бололтой. Вечеллио Тициан, Рейнбрандт Харменс ван Рейн, өөрийн багш, ардын зураач В.М.Орешников нарын агуу их мастерын бичлэгийн их ур чадвар, төрөл, өнгийн баялаг цогцлоо, гэрэл сүүдрийн хэллэг өвийг суралцаж эзэмшиж тээж ирсэн хүн юм. Тэр гоёчлолыг ойшоодоггүй үнэнийг бахдан дуулагч. Багш маань "Амьдралыг хайрлаж байх хэрэгтэй” гэж хэлдэг байж билээ. Тэрбээр Эжен Делакруа, өөрийн багш О.Цэвэгжав, Д.Амгалан нараас морь дүрслэл тэр дундаа хөдөлгөөнт морь дүрслэлийг өвлөн авч хөгжүүлсэн юм. Түүний морьд жинхэнэ монгол зүс галбирыг шингээсэн бодит дүрслэлийг олсон байдаг. "Уралдаан” бүтээлдээ хурд хөдөлгөөний хүний нүд үл гүйцэм агшныг зөвхөн өнгө бичилтийн шийдлээр гаргаж зохиомжилсон нь ур чадварынх нь чансааг харуулдаг. 

"Уралдаан” 1978 он, 80x120, зотон тос

Түүний хүндэлдэг зураачид дээрхээс гадна Делакруа Эжен, Ян Матейко, В.И.Суриков, Г.М.Коржев нар юм. Ийнхүү олон хүнээс суралцсан хэдий ч түүний бичилтийн техник хэн нэгний буй болгосон горим маниарт баригдаагүй өөрийн чөлөөт байдлаа хадгалсан баялаг арга ажиллагаагаараа бусдаас ялгардаг. Гол дүрүүдийг хөрөглөн ямар ч бага хэмжээтэй байсан ерөнхий шийдлийн орон зайг эвдэхгүйгээр усан будгийн бийр ашиглан шаглан бичих чадвар нь түүний онцгой чадвар юм.

Их Рейнбрандтын гэрэл сүүдрээр бүтээх арга нь хожим киноны хэл болсон төдийгүй өгүүлэн буй эрхэм зураачийн Монголын түүхэн кинонд ажиллах суурь болж өгсөн бололтой. Монголын түүхэн киноны гол тулгуур хос багана болсон "Мандухай сэцэн хатан”, "Мөнх тэнгэрийн хүчин дор” түүхэн туульсын хэмжээний кино нь Б.Пүрэвсүхгүйгээр бүтэх боломжгүй байсан гэж хэлж болно. Түүний түүхэн арвин судалгаа, түүнийг боловсруулах зураачийн өндөр ур чадвар нь хэн хүнд тэгш заяадаггүй билээ.

Тиймээс тус кинонууд нь хөгжим дуу, хүүрнэл хосолсон амьд хөдөлгөөнт түүхэн уран зургийн бүтээл болсон юм.

"Мандухай цэцэн хатан” түүхэн уран сайхны киноны эскиз, 1987 он

Түүний уран бүтээлийн бүтэц туурвилын онцлог гээд нарийн судалгааг жинхэнэ урлаг судлалын онол арга зүйн үүднээс таньж тайлж, нэвтрэх ажил үйлийг эрчимтэй явуулах нь онцгой чухал болж байна. Түүхэн уран зургийн ач холбогдол өнөөгийн нийгэмд чухал хэвээр байгааг нийтээр хүлээн зөвшөөрөх биз ээ.

"Мөнх тэнгэрийн хүчин дор” түүхэн киноны эскиз. 1989 он

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 96 (6828)