П.АМГАЛАНБАЯР
Дэлхийн шилдэг хошин дуурийн нэг болох Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурь УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 14, 15-нд үзэгчдэд хүрэх гэж байна. Аз жаргалтай, хөнгөн мэдрэмжийг өгөх дуурийн Розинагийн дүрээр үзэгчидтэй уулзах УДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одонзаяатай ярилцлаа.
-Та Розинагийн дүрээр хэддэх удаагаа үзэгчидтэйгээ уулзах гэж байна вэ?
-УДБЭТ тайзнаа “Севилийн үсчин” дуурь жилд 1-2 удаа тоглогддог. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж гурван жилийн дараа Розинагийн дүрээр үзэгчидтэйгээ дахин уулзах гэж байна. Удаан хугацааны дараа тайзнаа гарах гэж байгаа ч жил бүр дуулсан юм шиг бэлтгэлтэй байхаар хичээж байна. Долоо дахь удаагаа Розинад дуулах гэж буй мэдрэмж анхных мэт санагдаж байна.
-Дэлхийн шилдэг хошин дуурийг, тэр тусмаа шинэчилсэн найруулгаар Монголын тайзнаа тавихад та анх дуулж байсан. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-2018 онд Италийн найруулагч Стефано Монтигийн шинэ тавилтаар “Севилийн үсчин” хошин дуурийг Монголын тайзнаа тавьсан. Тухайн үед Розинагийн дүрд дуулах дуучныг сонгон шалгаруулалт болсон юм. Миний хоолойг Розинад дуулахад тохирно гэж үзсэн учраас намайг сонгосон. Розина бол миний анхны том гол дүр. Тиймээс надад хариуцлага, давтагдашгүй сайхан мэдрэмж өгсөн.
Мэдээж итали найруулагчтай ажиллаж байгаа учраас ялгаатай зүйл их байсан. Эх хэл дээр нь дуулж байгаа болохоор үг бүрийг нь мэддэг байх ёстой. Дуулалтын үед гажууд өөр хөдөлгөөн хийж болохгүй учраас бүх зүйлийг сайн судалж, сурсан байхыг надаас шаардсан. Бас өөр улсын найруулагч ажиллаж байхад муу байж болохгүй гэсэн бодолтой бэлтгэлээ хийдэг байсан. Миний анхны том дүр байсан хэдий ч бэлтгэл сайн байсан учраас тайзан дээр анх гарахад нэг их сандраагүй. Тухайн үед өглөө 08:00-10:00 цаг хүртэл эхнээс нь дуустал хэд хэдэн удаа дуулдаг байсан. Унтаж байгаад сэрээд шууд дуулахад ч бэлэн. Гол дүрд дуулах мэдрэмж, үзэгчдийн алга ташилт үгээр хэлэмгүй аз жаргал өгсөн. Би гоцлол дуучин болохоосоо өмнө найрал дууны дуучин байсан. Бүх дуурийг тайзны араас үзнэ. Тухайн үед ямар гоё юм бэ, ингэж дуулж үзэх юмсан гэж их боддог байсан. Надад их зүйлийг сургаж, гоцлол дуучин болоход Розина нөлөөлсөн учраас энэ дүрдээ хайртай. Тиймээс тоглолт бүрт улам чанаржиж, дүрээ тордож дуулахыг эрмэлздэг.
-“Севилийн үсчин” дуурийн ялгарах онцлог гэвэл юуг нэрлэх вэ?
-Хөгжим нь хөнгөн, хошин дуурь учраас үзэгчдэд аз жаргал бэлэглэдэг. Розинагийн дүр дуулалт ихтэй. Хөгжим нь их хурдан хэмнэлтэй. Тиймээс дуучнаас их жүжиглэлт, хоолойн цар хүрээ, орчноо удирдах, хурдан шаламгай байхыг шаарддаг. Хурдан хэмнэлийг Розинагийн дуулалт, Фигарогийн аригаас сонсох боломжтой. Мөн “Сивелийн үсчин” дуурийн аринууд нь үзэгчдийн чихэнд хоногшсон сонсох дуртай бүтээлүүдийн нэг болсон байдаг. Энэ бүхэн нийлээд нэгэн цогц дуурь үзэгчдэд хүрч байгаа учраас, өгч байгаа мэдрэмж нь давтагдашгүй байх болов уу.
-Энэ удаа “Свелийн үсчин” дуурийн эрэгтэй гол дүрд гоцлол дуучин Г.Дашчанрав анх удаа дуулна гэсэн үү?
-Тийм ээ. УДБЭТ залуу гоцлол дуучин Г.Дашчанрав Конта Альмавива Гүнд дуулахаар бэлтгэл хийж байна. Анхны том гол дүрд дуулах мэдрэмж догдлолыг мэддэг болохоор чаддаг бүхнээ хэлж өгдөг. Өмнө нь гол эрэгтэй дүрд Г.Шижирболд, М. Даваадорж нартай хамтарч дуулдаг байсан. Энэ удаа удирдаачаар УДБЭТ Гансүх ажиллаж байгаа. Харин Фигарод Л. Болдцэрэн, Базилиод С.Бат-Эрдэнэ, Бартолод Э.Мөнхтөр, Бертад Б.Энхнаран дуулна.
-Та тайзан дээр Розинагаар амьдрахдаа аль хэсэгт нь илүү их автаж дүрдээ ордог вэ?
-Өөрийн гоцлож дуулж байгаа хэсэгтээ их дуртай. Учир нь надад тайзан дээр чөлөөтэй байх боломжийг өгдөг. Мөн Розинагийн дуулалтын хэсгүүд дээр дуучин хоолойныхоо чадварыг дуурийн аялгуунаас гажихгүй нотонд баригдахгүйгээр дуулах боломжтой. Жишээлбэл, бичлэг сонсоод энэ хэв маягаар дуулбал ,хоолойныхоо өнгийг дээшээ тийм хэмжээнд хүртэл авмаар байна гэж бодвол түүнийгээ тайзан дээр гаргаж болно. Бусад дуурьд ийм зүйл байдаггүй. Розинагийн дүрд анх мезон сапрон хоолой бичсэн байдаг. Дараа нь өөрчилж сапрон хоолойтой болгож бичсэн. Бусад орны театр мезон сапрон болон нарийн сапрон хоолойтой дуучин дуулж болдог.
Эмэгтэй хоёр хоолой дуулж болдгоороо онцлогтой. “Айда”-д зөвхөн сапрон дуулна гэвэл сапрон л дуулна. “Кармен”-д зөвхөн бүдүүн хоолойтой эмэгтэйчүүд дуулдаг бол хэзээ ч нарийхан хоолойтой дуучин дуулах боломжгүй. Гэтэл “Севилийн үсчин” дуурьд хоёулаа ээлжилж дуулж болдог. Манай театрын хувьд хоёр нарийхан хоолойтой сапрон дуулж байгаа. Нэг нь гавьяат жүжигчин Ө.Уянга. Өмнө нь XVIII зууны хувцас, орчинтой “Севилийн үсчин” Монголын тайзнаа эгшиглэдэг байсан. Харин итали найруулагчийн шинэчилж тавьсан найруулга нь бидний амьдрал руу зуун жилээр дөхүүлж, орчин үе рүү хөрвүүлж авчирсан. Тиймээс манай дуурийн театрын хувьд орчин үеийн хэв шинжээр үзэгчдэд хүрсэн дууриудын анхдагчийн нэг бол “Севилийн үсчин”.
-Анх удаа театрыг зорьж байгаа үзэгчдэд “Севилийн үсчин” ямар мэдрэмж өгөх вэ?
-Анх удаа дуурийн театрыг зорьж дуурь ялангуяа, сонгодог жүжиг үзэх гэж байгаа бол “Севилийн үсчин”-гээр эхлээрэй гэж зөвлөмөөр байна. Яагаад гэвэл анх аз жаргалтай, хөнгөн мэдрэмжтэй дуурь үзэхээр хөгжим үйл явдал, аялгуунд нь татагдаад дахин дуурь үзэх мэдрэмжийг хөглөдөг. Үзэгчид аз жаргал хийгээд, дуурийн сайхныг мэдрээд театраас гарах байх.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 92 (6824)