Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 

“Бусдын нутагт хүү чинь явна” уран бүтээлээрээ нийтийн дууны ертөнцөд өнгө нэмж өөрийн намтрыг бичиж яваа “Очирваань уул уран бүтээлчдийн нэгдэл”-ийн уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан, дуучин П.Бат-Ундрахыг “Урлаг” булангийн зочноор урьж ярилцлаа.

 

-Та хэд хоногийн өмнө тоглолтоо хийсэн сэтгэгдлээ хуваалцаач?

-Өнгөрсөн сарын 29-нд UB паласт “Бусдын нутагт хүү чинь явна” анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийлээ. Тоглолтод гавьяат жүжигчин Г.Батбаяр, Б.Батболд, Л.Нарантуяа, Соёлын тэргүүний ажилтан Ц.Дөлбадрах, Д.Сонгууль, Т.Эрдэнэбаяр, Н.Дашдэмбэрэл, Ё.Батмөнх нар урилгаар оролцсон. Мөн ЦДБЭЧ-ын симфони найрал эстрад хөгжмийн уран бүтээлчид хүрэлцэн ирж амьд хөгжмөөр тогтолтыг маань чимлээ. Залуу уран бүтээлчид, хөгжимчин, бүжигчид нийлсэн 100 гаруй хүний хичээл зүтгэлээр энэ тоглолт боссон. Анхны тоглолтоо нэрлэсэн “Бусдын нутагт хүү чинь явна” дуу гараад 20 жил өнгөрсөн байна. Энэ дуунд миний төрсөн нутаг Завхан аймгийн Цагаанчулуут сумын уул, усыг магтсан байдаг. Тиймээс 2013 онд шинэчлэн хөгжмийн найруулгатай дуулсан. Тэр нь тодорхой хэмжээнд олонд хүрсэн. Энэ сайхан уран бүтээлээрээ овоглосон тоглолтоо тавьсандаа баяртай байна.

-Үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-UB паласт 3000 гаруй үзэгч цуглаж концертын танхимыг дүүргэсэн. Дөрвөн цаг гаруй үзэгчдийн алга ташилт дунд халуун уур амьсгалтай сайхан тоглолт болсон. Завхан нутгаас ч олон хүн зорин ирж үзсэн. Миний сэтгэлд 100 хувь нийцсэн сайхан тоглолт болсон гэж бодож байгаа.

-Аялан тоглолтоор явах гэж байгаа гэж сонссон. Хаагуур явах вэ?

-Гавьяат жүжигчин Г.Батбаяр ахтай “Очоод золгоно доо” дууг дуулсан. Энэ дууныхаа нэрийг саяны тоглолтынхоо нэртэй уялдуулж “Бусдын нутгаас очоод золгоно доо” нэртэй аялан тоглолтыг эхлүүлэх гэж байна. Мөн Соёлын тэргүүний ажилтан С.Мөнгөнчимэг тоглолтын бүрэлдэхүүнд багтсан. Өнөөдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд тоглолтын гараагаа эхэлнэ. Тэгээд Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг суманд очиж тоглоно. Үүний дараа Завхан аймгийн Отгон сумаас Очирваанийн нутгаа нар зөв тойрох юм. Ингээд зургадугаар сарын 2-нд Их-Уул суманд тоглоод аяллаа отголно.

-Анхны уран бүтээлээ хэзээ гаргасан бэ?

-2009 онд яруу найрагч П.Батдэлгэрийн шүлэг Соёлын тэргүүний ажилтан Э.Хүрэлбаатарын ая “Эрхэл эрхэл миний хонгор” гэдэг уран бүтээл гаргасан.

-“Бусдын нутагт хүү чинь явна” дуу  олонд хүрсэн. Энэ дууг яагаад дуулах болов?

-Энэ дууг анх гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дуулсан байдаг. “Бусдын нутагт хүү чинь явна” дуунд Буурал Мянган, Дугант, Наран тоонот гэж гардаг. Би энэ нутгуудад тоглож өссөн. Энэ дууны үг сэтгэлд дотно. Тиймээс 2013 онд анх дуулж байлаа. 2016 хөгжмийг шинэчлэн найруулж дүрсжүүлж олон нийтэд хүргэсэн. Нутгийн уул, усаа магтан дуулдаг энэ дуу намайг дуучин болгосон гэж ойлгодог. Худалдааны төв болон бусад газраар явж байхад дуу маань эгшиглэх, хөдөө гадаа явж байхад хүмүүс аялахыг сонсоод их урам авдаг. Олон жилийн хөдөлмөрийн минь үр шим тэр агшин, тэр мэдрэмж. Өөрийнхөө дууг өөр хүнээс өөр газар сонсоно гэдэг хэмжээлшгүй аз жаргал.

-Дуучин байхын хамгийн сайхан нь юу вэ?

-Тайзан дээр дуулах нь дуучин хүний хамгийн сайхан мөч. Үзэгчдийн алга ташилтаас урам авч илүү ихийг бүтээх хүсэл, итгэл ордог.

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу байна?

-Анхны бие даасан тоглолт дээрээ шинэ цомгоо задлахаар төлөвлөж байсан. Гэтэл хил гаалиас шалтгаалж хэд хоног хойшлоод уржигдар шинэ цомгоо нээлээ. “Бусдын нутагт хүү чинь явна” цомгоо үзэгчиддээ хүргэж байна. Анхны тоглолтоос олон хүн намайг дэмжиж байгааг мэдэрлээ. Өөрийгөө ард түмний дуучин болж байна гэж бодож байна. Тиймээс цаашид хазгай гишгэхгүй, хэлж ярихаа цэнэж, хийх бүтээхээ арвижуулахыг ухаарлаа. Өдий болтол дэмжиж байгаа үзэгчиддээ олон сайхан уран бүтээлээр сонорыг нь мялаахыг хичээнэ. Намайг өдий хүртэл дэмжиж ирсэн гэр бүл, найз нөхөд, ахмад үеийн уран бүтээлчиддээ талархал илэрхийлье. Мөн миний анхны бие даасан уран бүтээлийг дэмжин ажилласан ивээн тэтгэгч байгууллагууддаа чин сэтгэлээсээ баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 89 (6822)