П.АМГАЛАНБАЯР

 

Монголын сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС энержи” багийн тоглогч А.Анандыг “Амжилтын эзэн” булангийн зочноор урилаа. Тэрбээр 14 настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхлэсэн авьяаслаг залуу тамирчин юм. 2019 оны залуучуудын ДАШТ-ий шилдэг 10 тоглогчийн нэгээр шалгарч, өрсөлдөөнтэй тоглолтуудыг үзүүлсэн тамирчнаар тодорсон билээ.

 

-Анх Монголын сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС энержи” шигшээ багийн гишүүнээр хэрхэн сонгогдож байв?

-Хүүхэд байхаасаа бөмбөгтэй ойрхон спортод дуртай байсан. Тухайн үед өсвөрийн УАШТ-д оролцож шилдэг тоглогчоор шалгарахдаа их баярласан. Дараагаар нь Японы ахлах сургуульд сурч, их сургуулиа олон улсын харилцаа, бизнесийн чиглэлээр суралцаж байсан. Японд сурч байхдаа сургууль, дүүрэг, хотын тэмцээнд амжилттай оролцсон. Тухайн үед дасгалжуулагч С.Тулга багш “Улаанбаатар ММС энержи” багт тоглохыг санал болгосноор гэрийнхэнтэйгээ ярилцаад, сургуулиасаа түр чөлөө авч байсан юм. Үргэлжлүүлээд сургуульдаа сурах уу, сонирхлоо дагаад тамирчин болох уу гэсэн шийдвэр гаргахын тулд нэлээд бодсон. Тэгээд өөрийнхөө сонирхлыг дагаж сагсан бөмбөгийн спортод эргэлт буцалтгүй  орсон.

-5×5, 3×3 төрлийн тоглолтын хэв маяг дүрмийн хувьд ялгаатай. Анх 3×3 төрлөөр  хичээллэхэд хүндрэлтэй байв уу?

-3×3 төрөл нь богино зайнд хурдан ажилладаг, биеийн хүч их шаарддаг учраас эхэндээ хүндрэлтэй байсан. Хэд хэдэн тоглолт, бэлтгэлийн дараа дассан. Үргэлжлэх хугацаа нь 10 минутаар дөрвөн үе тоглож, довтолгоо 12 секунд үргэлжилдэг. Энэ хугацаанд түрүүлж 21 оноо авсан баг нь хожно гэсэн үг. Тэр богинохон хугацаанд хурдан шийдвэр гаргаж, тоглолтоо үргэлжлүүлэх хэрэгтэй. Мөн 3×3 сагсан бөмбөгийн баг цөөн тамирчинтай учраас тоглолтын явцад хоорондоо ярьж ойлголцох, нэгнийгээ мэдрэх нь амар байдаг.

-“Улаанбаатар ММС энержи” багт орсны дараа олон улсын “Сүхбаатар челленжер” тэмцээнд оролцсон байх аа?

-Улаанбаатар хотод зохиосон “Сүхбаатар челленжер” тэмцээнд оролцож VI байр эзэлж байсан. Анхны тэмцээн гэхэд чамлахааргүй амжилт гаргасан. Дараа нь Манила эх дуулгад Мига буюу олимпийн эрхийн аварга болсон багтай шөвгийн дөрөвт тоглож, нэг онооны зөрүүтэй хожигдсон. Энэ нь хамгийн өрсөлдөөнтэй тэмцээнүүдийн нэг байсан. Хожигдлын дараа тэр хугацаанд тийм шидэлт хийчихгүй яав аа гэж бодож, харамсах үе ч бий.

-Тоглолтын өмнөх бэлтгэлээс гадна сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Анх тэмцээнд ороход тухайн тоглолтод сэтгэл зүй их нөлөөлдөг байсан. Одоо өмнөх үеүдээ бодвол олон тэмцээнд оролцоод, хожих хожигдлын амтыг мэдрээд  явж байгаа болохоор сэтгэл зүйн хувьд харьцангуй тогтвортой болсон. Америк, Европын улсад тоглолтоор очиход олон цагийн зөрүү, цаг агаар, хоол хүнс гээд бэрхшээлтэй зүйл бий. Манайх мэргэжлийн сэтгэлзүйчдийн багтай, гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа. Тоглолтын өмнө  багийн гишүүдтэй ганцаарчлан уулзаж ярилцахаас гадна өнгөний тест ажиллуулах гэсэн аргаар сэтгэл зүйг бэлддэг.

-Таны тоглолтын арга барил шидэгч, довтлогч. Үүнийгээ ч залуучдын ДАШТ-ий үеэр харуулсан?

-23 насны ангиллын Монголын шигшээ багт тоглоход хамгаалалт, довтолгоо, шидэлт гээд бүх талын ур чадвар хэрэгтэй болсон. Зооны тоглолтын үед манай баг онооны зөрүүтэй байсан. Тухайн үед би хожлын шидэлтийн эзнээр тодорч, багаараа хүрэл медаль хүртсэндээ баярладаг. Дараа нь ФИБА-гаас залуучуудын ДАШТ-ий шилдэг тоглогч болохдоо илүү хичээе гэсэн итгэл төрсөн.

-Зургадугаар сард болох ДАШТ-д оролцох уу?

-Тийм ээ, оролцоно. Долоо хоногийн зургаан өдөр нь хүчний болон биеийн бэлтгэлээ базааж байна. 2012 оноос С.Тулга багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ хийж эхэлсэн. Багш маань бидний болон өөр багийн тоглолт үзэж дүгнэлт хийж бэлтгэлийн төлөвлөгөө гаргадаг. Дасгалжуулагчтайгаа байнга ярилцдаг. Бидний ойрын зорилго 3×3-ын дэлхийн аварга, Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцож, медалийн эзэн болохыг хүсэж байна. Нэгэнт дуртай зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөж байгаа учраас талбайд гараад өөрийн чадварыг үзүүлэхийг хичээдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 75 (6807)