Б.БЯМБАЖАРГАЛ

 

Дэлхийн сонгодог, шилмэл аялгуу энэ бямба гарагт Монгол Улсын филармонийн концертын танхимд эгшиглэнэ. Тодруулбал, Монгол Улсын филармонийн симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 65 жилийн түүхт ойг тохиолдуулан энэ сарын 19-нд “Chamber music” цөөхүүл хөгжмийн тоглолтыг зохион байгуулахаар болжээ. “Chamber music” цөөхүүл хөгжмийн тоглолтыг Улсын филармонийн ерөнхий удирдаач, Соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш удирдан, эгшиглэх хөгжмийн бүтээлүүдийн тайлбарыг үзэгчиддээ хүргэх аж. Тэгвэл хаврын үдшийг дэлхийн сонгодог хөгжмийн эгшгээр хөглөх “Chamber music” цөөхүүл хөгжмийн тоглолтын талаарх мэдээллийг хүргэе.

 

Шилдгүүдийн түүвэр

Тоглолтод R.Strauss, W.A.Mozart, G.F.Handel гэсэн классизмийн үеийн алдарт хөгжмийн зохиолчдын цөөхүүл хөгжмийн бүтээлүүд үзэгчдийн сонорыг мялаах юм байна. Үүнээс дурдвал Аарон Копланд “Appalachian Spring”, Р.Штраус “Orchestra suit”, Отторино Респиги “Trittico Botticilliano”, И.Стравинский “Dumbarton Oaks”, В.А.Моцарт  "Concertante" дэлхийн алдарт бүтээлүүд эгшиглэнэ. Түүнчлэн цөөхүүл хөгжмийн тоглолт нь 25-30 хүний бүрэлдэхүүнтэй, гоцлол, хоршил хөгжимчний үзүүлбэртэй байх аж. Цөөхүүл хөгжмийн тоглолт нь хөгжимчин бүрийн ур чадвар, характер, тоглолтын уур амьсгалыг илүү “амьдаар”, ойроос мэдрэх боломжтой байдгаараа онцлог юм.

 

“Сонгодог”-уудад зориулсан цөөхүүл

 

Сонгодог хөгжмийн энэ төрөл нь XVIII зуунаас нийгмийн дээд давхарга болох язгууртны хүрээнийхний дунд “танхимын хөгжим” хэмээн нэрлэж ирсэн түүхтэй. Гоцлол хөгжимчнөөс чуулга болон цөөн бүрэлдэхүүнтэй оркестрын бүтээлүүдийг энэ төрөлд хамааруулдаг. Чухам “танхимын” гэж нэршсэн нь орд, харш, шилтгээн, сүм дуган, театр, концертын танхимаас багавтар орон зайд, гэр бүл, найз нөхөд, сонирхол нэг хүрээлэл гэсэн явцуу хүрээний сонсогчдын дунд өргөн дэлгэрсэнтэй холбоотой. Энэ үүднээсээ Монгол Улсын филармони “Chamber music”-ийг нийтэд толилуулсны дараа сонгодог урлаг сонирхогч, зорилтот бүлэгт зориулсан тусгай тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 54 (6786)