Б.ОД
2021-2022 оны “Монголын сагсан бөмбөгийн Дээд Лиг"-ийн тэмцээнтэй холбоотойгоор Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигийн комиссар Б.Ялалт мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монголын сагсан бөмбөгийн салбар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хоёр, гурван холбоотой буюу хуваагдалтай байснаас болоод олон улсын тэмцээнд оролцож чаддаггүй байсан. Холбоод энэ жил эвлэлдэн нэгдэж, нэг хараатайгаар олон улсын тэмцээнд оролцох эрхээ сэргээлгэх гэж байгаа. Монголд анх удаа дээд түвшний 13 баг өрсөлдөж буй нь сагсан бөмбөгийн хөгжил, сонирхогчдын хүрээ, мэргэжлийн түвшинд тоглодог тоглогчид их болсныг батлан харуулж байна. 13 баг нэгдсэн Дээд лигийн тэмцээн маш амжилттай явж байгаа боловч их эмзэгхэн байна. Хэрэв нэг л буруу гишгэвэл задраад 10 жилийн өмнөх үе рүүгээ буцах нөхцөл байдал ойрхон байгаа тул зохион байгуулагчдын зүгээс хүлээцтэй хандаж, шүүгчдийн зөвлөлтэй зөвлөлдөн ажилласан. Энэ удаагийн эв нэгдэл Дээд Лигийн тэмцээнээр битгий дуусаасай гээд энэхүү мэдэгдлийг өгч, миний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт гаргаж байна. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн холбоодын энэ их хариуцлагатай үед Ерөнхийлөгчийн зохион байгуулалт, шаардлагыг сагсан бөмбөгт хувьдаа хүсэж байна. Монголын сагсан бөмбөгийн холбоодын удирдлагыг хүлээн авч уулзан, тоглолтын эрх ашгийг хамгаалах тал дээр манлайлал үзүүлэхийг хүсэж байна. Эвлэлдсэн нэгдэлтийг төгс болгохын тулд миний бие хувийнхаа зүгээс уг хүсэлтийг гаргаж байгаа юм. Спорт бол улс төрөөс ангид байдаг. Гэхдээ энэ удаа өнгөрсөн 10 гаруй жилийн маргааныг эцэслэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох ёстой хэмээн харж байна” гэлээ.
Playoff-н тоглолтуудыг Польш улсаас гурван шүүгч ирж шүүж байгаа нь энэ удаагийн тэмцээний бас нэгэн онцлог аж. Одоогийн байдлаар Дээд Лигийн тэмцээний хагас шигшээ багийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж байна.
Лигийн тэмцээний финалын шатны тоглолтууд удахгүй эхэлнэ. Энэ удаагийн тэмцээний шагналын сангийн тухайд,
1-р байр 100 сая төгрөг
2-р байр 20 сая төгрөг
3-р байр 10 сая төгрөг байх юм.
Эх сурвалж:www.polit.mn