Д.ДАРАМБАЗАР
Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин /мастер/, Ардын багш Хайдавын Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймгийн Спорт ордонд зургаан өдөр үргэлжилж, улсын аварга охид, хөвгүүдээ тодрууллаа. Орон нутагт амжилттай явагдсан энэ тэмцээнд охид, хөвгүүдийн тус бүр 10 жингийн шигшээ тулаан болж, шилдгүүдээ шалгаруулсан юм.
Шигшээ тулааны багийн дүнгээр IBA нэг одтой дасгалжуулагч, Спортын мастер С.Дашбурмаа болон Монголын боксын холбооны хоёр одтой дасгалжуулагч, спортын мастер Есүхэй дасгалжуулагчтай Биеийн тамир, спортын дунд сургууль I байр, цом, алтан медаль хүртсэн юм. Харин “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар Булган аймгийн тамирчин С.Гантогтох, “Дайчин боксчин” шагналаар Өмнөговь аймгийн Мазаалай клубын тамирчин Э.Дэнзэн-Иш нар шалгарав. Мөн “Дайчин боксчин”-ы тусгай шагналыг Их Азар ХХК, Хан Жаргалант худалдааны төвийн захирал Ц.Алтансүх хувиасаа гардууллаа. Түүнчлэн ОУХМ С.Түмэнбаяр агсны нэрэмжит цом, мөнгөн шагналыг С.Түмэнбаяр агсны төрсөн ах С.Түмэндэмбэрэл, С.Түмэнбаяр агсны эхнэр н.Уранмандах нар 57 кг-д аварга болсон Булган аймгийн тамирчин Г.Үлэмжид гардуулан өглөө. Үүнээс гадна “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Хөвсгөл аймгийн One Boxing клубын тамирчин С.Биндэръяа, “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Дорноговь аймгийн тамирчин Н.Отгонболд нар шалгарлаа.
Эх сурвалж: www.polit.mn