Б.ДОЛЖИН
Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганы нээлтийн хэсэгт "Хөвсгөл нуур ба орон нутгийн хөгжил" сэдвээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан илтгэл танилцуулсан юм.
Тэрбээр "Хөвсгөл нуур нь дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувийг дангаараа бүрдүүлдэг, цэвэр, маш цэвэр ангилалд багтдаг хосгүй үнэт нуур юм. Өнгөрсөн онд манай аймагт дотоодын 56 мянга гаруй жуулчин ирсэн. Өмнө нь 2016 онд 54 мянган жуулчин ирснээс 13 орчим мянга нь гадаадынх байсан. Тухайн оноос хойш нуурыг зорих жуулчдын тоо ихэссээр 2018 онд ирсэн 90 мянган жуулчны 15 мянга нь гадаадын аялагчид байсан. Тиймээс Хөвсгөл нуур орчмыг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхтэй холбоотойгоор хяналтын цэгүүд, ариун цэврийн эко байгууламж байгуулах, нуур тойрсон сумдын иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг 19 сая ам.доллароор хэрэгжүүлж эхэлсэн. Мөн Мөрөн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох, жижиг оврын онгоцоор нислэг үйлдэх, Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг онгоцоор үзэх сонирхолтой хүмүүс байдаг тул Хөвсгөл нуур болон түүний ойр орчимд нисэх буудлуудыг ашиглалтад оруулах, босоо тэнхлэгийн замд холбох зэргийг хэрэгжүүлэх шаардлагатай” гэв.
2021 оны эцсийн байдлаар Хөвсгөл аймагт нэг ээлжиндээ 7000 гаруй хүн хүлээн авах чадалтай 94 жуулчны бааз, 132 гэр буудал, Мөрөн хотод нэг ээлжиндээ 390 хүн хүлээн авах найман зочид буудал, 15 амралтын газар ажиллаж байна..
Эх сурвалж:www.polit.mn