“БНХАУ-ын эрүүгийн хууль” орчуулгын бүтээлийн нээлт өчигдөр боллоо. Тус бүтээл нь манай улсын хуульч, өмгөөлөгч, судлаачдад БНХАУ-ын эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн зүйл заалтуудыг эх бичвэрээс шууд уншиж, танилцах, мэдлэгээ дээшлүүлэх боломжийг бий болгож байгаа юм. Түүнчлэн харьцуулсан эрүүгийн эрх зүйн салбар шинжлэх ухааныг хөгжүүлэхэд зохих хувь нэмрийг өгнө хэмээн салбарынхан үзэж байна. Түүнчлэн иргэд “БНХАУ-ын эрүүгийн хууль” орчуулгын бүтээлийг уншин хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж, ямар нэгэн хэрэгт өртөхөөс өөрийгөө сэргийлэн, танин мэдэхүйн хүрээгээ тэлэх боломжтой юм.

 

Энэ тухай номын орчуулагч, Хууль зүйн ухааны магистр, хятад судлаач Г.Гансүх: Манай хуульч, өмгөөлөгч нар урд хөршийн хууль, эрхзүйн талаар судлахад Хятад хэлний бэрхшээл тулгардаг

-“БНХАУ-ын эрүүгийн хуулийг ардын төлөөлөгчдийн их хурлаас баталсан байдаг. Тус хуулийг 1997 онд батлан 2023 он хүртэл нийт 13 удаа шинэчлэн найруулсан. Миний хувьд 2023 оны шинэчилсэн найруулгыг жил хагасын хугацаанд орчуулан өнөөдөр олны хүртээл болгож байна. Уг хуулийг орчуулан хүргэх болсон шалтгаан бол монголчууд БНХАУ-д аялах, амьдрах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах үедээ санаатай болон санамсаргүй байдлаас үүдэн хэрэг зөрчил гаргах, гэмт хэрэгт холбогдох тохиолдол байдаг. Ийм нөхцөлд орсон хүмүүс тэр бүр хуулийн зөвлөгөө авч чаддаггүй. Тиймээс хүмүүст тодорхой хэмжээний эрх зүйн мэдээлэл олгож, туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн урд хөршид хэрэг, зөрчилд орсон иргэдээ өмгөөлөх гэхээр манай хуульч, өмгөөлөгч нарт хятад хэлний бэрхшээл тулгардаг. Иймд хууль зүйн салбарынхны ажлыг хөнгөвчлөх зорилгоор Монгол- Хятад хэл дээр хадмалаар орчуулан гарсан” гэлээ

Түүнчлэн өөрийн улсын эрх зүйг бусад улс орнуудтай харьцуулан судлах, тухайн улсын ололт, дэвшилтэй талыг өөрийн улсын хууль тогтоомжид оруулах, нутагшуулахад хувь нэмэртэй бүтээл болсон байна.

Энэ үеэр номын нээлтэд ирсэн зочид сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Хятад судлаач, орчуулагч М.Чимэдцэеэ: Хууль орчуулахад хэлний мэдлэгээс гадна хоёр орны хуулийн мэдлэгтэй байх маш чухал

- “Хуулийн орчуулга хийх хамгийн хэцүү байдаг. Яагаад гэхээр уран зохиолын орчуулга шиг уран яруу, уянгын халилтай байж болохгүй. Хууль орчуулахад тавигдах эн тэргүүний шаардлага бол хуулийн үг  хэллэг бүрийг хаяж гээлгүй байх юм. Хуулийн үг, өгүүлбэр бүхэн утга учиртай байдаг. Тиймээс хууль, тэр тусмаа Эрүүгийн хуулийг орчуулна гэдэг бол амаргүй ажил. Зөвхөн хэлний мэдлэгээс гадна, хоёр орны хуулийн талаарх мэдлэг маш чухал. Ийм үр өгөөжтэй, гайхалтай бүтээл туурвисанд баяртай байна” гэсэн юм.

 

Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров: Энэ ном нь судлаач, эрдэмтдэд чухал эх сурвалж болно

 -“Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрхзүйн шинэтгэл эрчимтэй явагдаж байна. Тэр тусмаа эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед БНХАУ-ын эрүүгийн хуулийг шинэчлэгдсэн байдлаар орчуулагдсан нь эрүүгийн эрх зүйг харьцуулан судлах, ялын бодлого, хоёр улсын эрх зүйн тогтолцоог харьцуулахад ач холбогдолтой хэмээн харж байна. Хоёрдугаарт энэ чиглэлээр судалгааны ажил эрхэлдэг олон эрдэм­тэн байгаа. Энэ ном гарснаар анхдагч эх сурвалжтай боллоо” гэсэн юм.

 

Хууль зүйн ухааны доктор, профессор Г.Ууганболор: Олон талын ач холбогдолтой бүтээл болжээ

Г.Гансүх маань миний шавь байгаа. Надад номын талаарх саналаа тавьж, тодорхой түвшинд хянаж өгснөөр тус бүтээл маань та бүхний гарт хүрч байна. Орчуулгын бүтээл тухайн хүнээс хэлзүй, найруулга зүй, орчуулга оновчтой болгох хүрээнд гээд маш их чадварыг шаарддаг. Олон талын ач холбогдол өгөхүйц бүтээл болсон хэмээн үзэж байна. Хамгийн чухал Эрүүгийн хууль дээр хоёр улсын хуульч, өмгөөлөгчид хамтарч ажиллахад тодорхой хэмжээний ойлголт авах, санал солилцох боломж бүрдлээ” гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 15 (7511)