Ч.ҮЛ-ОЛДОХ
“Тэр дуу цөөнтэй, даруухан нэгэн. Бусдын хэлснийг туж эргэцүүлэх шиг бодолд автан суух нь анзаарагддаг. Тийм хүмүүс цаанаа ямагт дотрод ертөнцөө гүн анирдаж, түүнийгээ дарс шиг исгэн шүлэг тэрлэдэг” хэмээн зохиолч, яруу найрагч М.Уянсүх бичжээ. Хэний тухай ийн өгүүлэв гэвэл тэрбээр МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Ядамдоржийн Мөнхжаргалын уншигчдын гар дээр саяхан тавьсан “Дотогшоо гэрэлтэгч огторгуй” шүлгийн түүврийн оршилд үгэн хадаг зүүсэн нь энэ юм.
Зохиолч, яруу найрагч Ядамдоржийн Мөнхжаргал Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, “Бэрс” дээд сургууль, Удирдлагын академийг дүүргэсэн сэтгүүлч мэргэжилтэй. “Жирийн бус догдлол”, “Жигүүр холын амраг”, “Өвсний нүд”, “Уулын хус”, “Гүн хөх бодол”, “Алганы минь хонхорт” хэмээх шүлгийн номуудаар нь уншигчид түүнийг сайн мэддэг. Тэр дотроос олонх нь түүнийг хайку шүлгээр нь мэдэх болсон гэвэл хилсдэхгүй. Гэхдээ хайкугаас гадна уран торгон мэдрэмж бүхий уянгын шүлгүүд, богино өгүүллэг хүртэл бичсэн нь бий.
Зохиолч, яруу найрагч М.Уянсүхийн хэлсэнчлэн тэрбээр товч агаад нягт бичлэгтэй. Том санааг хэдхэн үгээр дүрслэн илэрхийлсэн нь тун оносон байх нь элбэг. Мэдээж тэр нь ихээхэн ур дүй шаарддаг байж таарна. Тэрбээр энэ удаа
...Дүүрэн сарны гэрэлд
Дундуурхан сөгнөсөн дарс
Ямар гунигтай харагдана вэ
Гуниг ч бас өнгөтэй аж...
...
Том цагаан саран мандсан үдэш
Гэрээс гарахад сүүдэр бараатай
Тогоруун дуу нууранд сонсогдох нь
Гээсэн өндгөө л хайгаад байх шиг
...
Мөдхөн арван тавны саран гэрэлтэнэ
Мөрөн дээрх хялгас харагдаж ч магадгүй
...
Сэтгэл дотор минь
Чиний зугаацаж байсан
Тэр л савлуур одоо
Цээж холгоно ...
...
Зэсэн өнгөөр мишээхэд
Зэргийн нөхөд ойлгохгүй
Зэмлэх хүнийх нь олныг ээ...
...
Чимээгүй харц
Чи бидний дунд
Чихэр авсан хүүхэд шиг
Сэм сэмхэн баярлана
...
Хахир өвлийн ян хүйтэнд ч
Хаалгүй хэвээр нь орхисон
Нээлттэй тэр цонхон дээр
Нэгэн цэцэг соёолоход
Гадаа хавар болсон ч
Гарын минь үзүүр даардаг...гэсэн содон хэллэг, дүр дүрслэлийг шүлэг болгондоо шигтгэн урласан гэлтэй. Уншаад үзэхүл, мөр, шад бүрийн цаад утгыг лавшруулан бодолхийлэх аваас тун сонирхолтой. Тухайлбал, гуниг гэгч биегүй зүйлийн өнгөтэй гэж сэтгээд зогсохгүй тийм гээд биччихэж. Бодоод үзэхэд гарцаагүй л мөн санагдаж сэтгэлд буух аж. Мөн үдшээр нуурын зүгээс сонсогдох тогоруун дууг “Гээсэн өндгөө л хайгаад байх шиг” хэмээсэн нь шувууны хэлийг орчуулж тайлсан мэт, “нээрэн л тийм байх даа” гэж бодогдоно. Энэ мэтчилэн бичсэн болгоноо хэвлүүлэх гэж тэгтэл яардаггүй яруу найрагчийн иссэн дарс мэт шүлгүүдээр “Дотогшоо гэрэлтэгч огторгуй” шинэ түүвэр нь дүүрэн ажээ.
Эх сурвалж: www.polit.mn