А.ДОРЖХАНД
Хайрлам сайхан насандаа
Нацагдоржтой минь учирсан
Харуусаж барамгүй хайраа цуулж
Нацагдоржоос минь хагацсан
Шанзны эгшгээс тасарсан
Дусал хар нулимс
Ханзны халуунд хавчуулагдсан
Ширхэг цагаан сувд...
Ардын уран зохиолч П.Бадарч
Энэхүү ярилцлагыг эхлэхийн өмнө Пунцагийн Бадарч гуайн “ Ширхэг цагаан сувд” шүлэг сэтгэлд бууж байв. Тэр үнэхээр л хоромхон үзэгдээд өнгөрсөн “ширхэг цагаан сувд” байлаа. Орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийг бид бүгдээрээ мэддэг билээ. Түүний зохиол бүтээлийг шимтэн уншиж өсөөгүй хүн үгүй биз ээ. Тэгвэл түүний анхны гэргий Дамдины Пагмадулам нь мөн л Монголын анхны сэхээтэн эмэгтэйчүүдийн нэг, орос, манж, герман, хятад хэлтэй. Бүсгүйчүүдийн тасгийн анхны дарга зэрэг албан тушаал хашиж явсан, ухааны цараа, царайны сайхнаараа гайхагдаж явсан түүхтэй.
Энэхүү түүхэн эмэгтэйг судалсан цөөхөн судлаач байдаг. Түүнийг илүүтэй их судалж, түүнийг цагаатгуулж, нэр төрийг нь сэргээсэн хүн бол түүхийн ухааны доктор Хатанбатын Мэндсайхан юм. Түүний бичсэн “Пагмадулам” ном нь уншигчдын талархлыг хүлээсэн сайн бүтээл болсон билээ.
Сүүлийн үед хүмүүсийн дунд талцал үүсгэж, шүүмжлэл дагуулаад байгаа киноноос үүдэн судлаач Х.Мэндсайхантай ярилцлаа.
-Та бол Д.Нацагдоржийн анхны гэргий “Пагмадуламыг” судалсан тулхтай судлаачдын нэг. Пагмадуламыг яагаад судлах болов. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-Би анх Монголоос Герман, Францад суралцсан залуучууд болон тэдний багш Базар Ишдоржийн тухай ном бичсэн юм. Энэ номыг бичих явцад Пагмадуламын талаар судлах сэдэл төрсөн. Түүний тухай бичсэн холбогдолтой ном бүтээлийг хайж яваад зохиолч Нямаа гуай “Пагмадулам” гэдэг ном бичсэнийг олж үзээд, улам лавшруулан судлахаар шийдсэн. Нямаа зохиолч номдоо Пагмадуламын тухай аман мэдээ баримтыг маш сайн цуглуулж бичсэн байсан. Энэ аман мэдээг баримтаар баталгаажуулбал үнэн түүх гарч ирнэ бодсон юм. Нөгөөтээгүүр, Пагмадуламын тухай хятад хүнтэй суусан, хар тамхинд орсон зэрэг хар түүх ам дамжигдан яригдсаар ирсэн байдаг. Гэтэл түүний бүтээсэн гавьяаны тухайд хэн ч дурссангүй. Тэр байтугай их зохиолч Д.Нацагдоржийн тухай өгүүлсэн “Саруул талын ерөөл” кинонд Пагмадуламын талаар тоймтой оруулсан дүр байхгүй. Ингэхээр Пагмадулам бол тухайн үеийн үзэл суртлын хөшигний ард мартагдсан хүн юм. Мөн Нацагдорж ч хэлмэгдсэн, хэлмэгдэх дүйвээнд нь Пагмадулам буруудсан гэх нь бий. Ингээд судалгаагаа 2012 оноос эхэлж, материалуудаа цуглуулсан.
-Пагмадуламыг “тайж” хүний охин байсан гэдэг. ”Пагмадулам” кинонд ч мөн тэгж гаргажээ. Энэ хэр бодитой бол?
-Би судлаач хүн учраас судалгаатай, баримтад тулгуурласан зүйл л яръя. Пагмадуламын эцэг Дамдины хүн амын тооллого олдоогүй байна. Хэрэв олдвол Дамдины охин Пагмадулам гээд бүртгэлтэй байх ёстой. Тэгээд ч Дамдин гэгч Пагмадуламыг өргөж авсан гэдэг. Тухайн үед Амгаланбаатарт л амьдарч байсан хүмүүс шиг байгаа юм. Хүмүүсийн дурсамж тэмдэглэлд, “мужаан” Дамдин гэж бий. Түүнээс “Тайж” Дамдин байсан тухай мэдээ байхгүй. Нацагдорж, Пагмадулам нартай хамт суралцаж байсан Б.Содном гуай тэдэнтэй нэлээд ойр харилцаатай байсан бөгөөд дурдатгалдаа “Хуучны Маймаа хот, одоогийн Амгаланбаатар хотод 1924 оны хавар ханш нээсэн тэр өдөр үеийн нөхөр Санжаагийн хамт Д.Нацагдоржийнхоор орсон юм. Тэгэхэд Д.Пагмадулам Д.Нацагдоржтой гэр бүл болсон байв. Надтай хамт сурч байсан Санжаа гэгч бол Пагмадуламын ах болох хүн. Түүнийг “мужаан” Дамдины Санжаа гэдэг байсан. Пагмадуламыг ч мөн Дамдины гэдэг байж. Санжаа “Миний энэ хүүхэн Нацагдоржтой гэрлээд хоёр жил болж байна. Манай энэ дүүг нэг ноёны агь хүч түрж, хатан болгож авах гэсэнд богтлуулахаас зайлж Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн болж, Монголын эмэгтэйчүүдийн дунд нэлээд ажил хийж байгаа юм. Одоо Намын төв хорооны бүсгүйчүүдийн даргаар ажиллаж байгаа. Монгол, манж бичгийг 5-6 насандаа Үүлэн гэгч хүнээр гэрээр заалгаж сурсан. Хятадын ярианы хэлэнд надаас дутуугүй” хэмээн надад ний нуугүй ярьсан билээ” гэсэн байдаг.
-Харин 1924 хүн амын тооллогын баримтад Пагмадулам нь Нацагдоржийн эцэг Дашдоржийн ам бүлд бүртгэгдсэн байдаг. Энэ талаар дэлгэрэнгүй яривал?
-Тиймээ. Дашдоржийн ам бүлд бүртгэгдсэн баримт нь бий. Нацагдорж, Пагмадулам хоёр 1906 онд төрсөн гээд биччихсэн байгаа. Тэгэхээр тэр хоёр ханилсан боловч 1924 онд өрх тусгаарлаагүй байж. Ер нь баримт мэдээнд тулгуурлавал, Нацагдорж Пагмадулам хоёр 1923 он гэхэд ханилчихсан байсан. Үүнээс хойш 1925, 1926, 1929 зэрэг аймаг, хошууны тооллогод өрхийн тэргүүн Нацагдоржийн өрхийн тооллого одоогоор олдоогүй л байна.
-Пагмадулам нь 15 настайдаа Нацагдоржоос өмнө агь ноёнд богтлуулж, жилийн дараа буцаж гэртээ буцаж ирсэн байдаг. Богтлох ёсыг хэзээ халсан бэ?
-Пагмадуламыг 1932 оны арваннэгдүгээр сарын 29-нд Дотоод хамгаалах газраас хэргийн учир байцаан хорьсон байдаг. Хавтаст хэрэгт “Дамдины Пагмадулам нь 25 настай, хөрөнгө хувь-3, эвлэлийн гишүүн бус ам бүл-5 (эцэг хоёр хүүхэн). Эдүгээ нөхрийн тэжээлээр амьдардаг. Би урьд Эрдэнэ вангийн хүү Цэдэндорж билүү Цэдэндамба алиныг сайн мэдэхгүй, тийм нэртэй ноёны хүүд Богдын зарлиг хэмээн 15 настайдаа нэгэн жил болоод эргэж ирсэн. Ардыг дарлан зовоосон явдал үгүй. Харин бэр хэмээгээд малгай өмсөн айлын хатавчинд зогсож байсан. Харин сургуульд хойш явахын үед Нацагдоржтой ханилан суусан болно” гэж мэдүүлсэн байдаг. 1925 онд Засгийн газраас богтлох ёсыг халсан байдаг.
-Пагмадуламын анхны даргаар ажиллаж байсан “Бүсгүйчүүдийн тасгийн” тухай яривал. Тэр байгууллагын гол зорилго юу байв?
-Намын хоёр, гурван жилийн ойн баярын хурал дээр бүсгүйчүүдийг төлөөлж Пагмадулам үг хэлсэн байдаг юм. Тэр хурал дээр Ардын засаг байгуулснаар Бүсгүйчүүдийг боловсруулах тасгийг байгуулан эмэгтэйчүүдийг эрдэм соёлд сургаж буйд талархаж, олон бүсгүйчүүд Ардын намын гишүүн болж улс төрийн хэрэгт оролцох эрх чөлөөтэй болсон тухайгаа илэрхийлсэн.
Тэр үед эмэгтэйчүүд улс төрийн хэрэгт оролцдоггүй тийм л цаг үе байж. Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг байгуулах нэг талын зорилго нь намын эгнээг эмэгтэйчүүдээр тэлэх бодлого байж. Тодруулж хэлбэл, намын бодлогыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийг дайчлан оролцуулах зорилготой байв. Тийм учраас бүсгүйчүүдийг соён гэгээрүүлэх, бичиг үсэгт сургах, улс төрийн мэдлэг боловсролтой болгох зэрэг ажлуудыг “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” хариуцаж байсан байна.
Тухайн үед тасгийн эрхлэгчээр нь анх Пагмадулам сонгогдоод дараа нь Янжин, жанжны гэргий Янжмаа гэх зэрэг олон эмэгтэйчүүд ажиллаж байжээ. Мөн Бүсгүйчүүдийг боловсруулах тасгаас түр сургууль байгуулан Хаснавч, Бадамжав, Гармаа зэрэг бусад хүмүүс монгол бичиг, улс төр, дэлхийн байдал зэрэг олон хичээл зааж байсан баримт бий.
Бүсгүйчүүдийн тасгийн гол зорилго нь Монгол ардын гишүүн болсон эмэгтэйчүүдийг улс төр, соёл гэгээрэлд боловсруулах үүрэгтэй. Улмаар тэд Монголын нийт бүсгүйчүүдийг соён гэгээрүүлэх үүрэгтэй байж. Сүүлдээ энэ тасаг нь “Эмэгтэйчүүдийн хэлтэс”, “Эмэгтэйчүүдийн Төв Зөвлөл” болж өргөжсөн. Тэр үед нэг намын тогтолцоотой байсан учир энэ эмэгтэйчүүдийн байгууллага нам, засгийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй байв. Энэ байгууллагыг жанжны гэргий С.Янжмаа, зохиолч С.Удвал гуай нар удирдаж байв. Харин 1990 онд Монголын эмэгтэйчүүдийн байгууллага нэртэйгээр Л.Пагмадулам, Д.Мөнхөө, Н.Гэрэлсүрэн, Ж.Эрдэнэчимэг зэрэг хүмүүс удирдан чиглүүлж байсан бөгөөд эдүгээ Б.Оюунгэрэл даргаар ажиллаж байна.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 28 (7524)