Б.Нандин

Хятад улс тодорхой нөхцөлд Далай ламын ирээдүйн талаар хэлэлцэхэд нээлттэй хэмээн мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Харин Бээжингийн энэхүү мэдэгдлийг Энэтхэг дэх Төвдийн эрх баригчид няцаасан байна.

Ирэх долдугаар сард 90 нас хүрэх Төвдийн их удирдагч 1959 онд Хятадын бодлогын улмаас Энэтхэг рүү дүрвэсэн бөгөөд өдгөө насан өндөр болсон тул эх орондоо буцах хүсэлтэй байгаа юм. Хятад улс Нобелийн энх тайвны шагналт оюун санааны их удирдагчийг Төвдийн талаарх байр сууриа өөрчилсөн тохиолдолд түүний ирээдүйн талаар ярихад бэлэн гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жякун хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр “Далай лам “зөв замдаа орсон” тохиолдолд түүний ирээдүйн талаар ярихад болохгүй зүйлгүй” хэмээжээ. Далай ламын Хятадтай харилцах харилцаанд албан бус төлөөлөгчөөр ажиллаж байсан түүний төрсөн ах Гиало Тхондуп саяхан 97 насандаа таалал төгссөн бөгөөд цаашид хэрхэн Хятадтай харилцах асуудал ид яригдаж байна.

“Далай лам Төвд, Тайвань бол Хятадын салшгүй хэсэг бөгөөд цорын ганц хууль ёсны Засгийн газар нь БНХАУ гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж Гуо Жякун сэтгүүлчдэд ярьжээ. Харин энэхүү мэдэгдлийг  Энэтхэг дэх Төвдийн парламентын дэд дарга Долма Цэрин Тейханг эрс няцаасан байна. Тэрээр “Дээрхийн Гэгээнтэн ийм худал зүйлийг хэзээ ч хэлэхгүй. Энэ бол боломжгүй зүйл” хэмээн Далай ламын амьдран суугаа Энэтхэгийн Дарамасалагаас мэдэгджээ. "Хэрэв тэд Төвд бол Хятадын салшгүй нэг хэсэг гэж Далай ламаар хэлүүлэх бол энэ нь түүхийг гуйвуулсан хэрэг болно. Түүхийг гуйвуулснаар бид энх тайван, эв найрамдалд хэзээ ч хүрч чадахгүй" хэмээн Цэрин Тейханг хэлжээ.

Далай лам 2011 онд Энэтхэг дэх Төвдийн засгийн газрын тэргүүний албан тушаалаасаа буусан ч Бээжин үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Зарим эх сурвалж Далай ламын Хятадтай хийж буй албан ёсны яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон гэдэг ч Тейханг хэлэлцээ үргэлжилж байгаа хэмээгээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам насан өндөр болохын хэрээр түүний дараагийн дүрийг тодруулах асуудал хурцаар тавигдаж байна. Хятад улс түүний залгамжлагчийг сонгохоор багагүй хүчин чармайлт гаргаж байгаа. Харин Далай лам ирэх долдугаар сард болох 90 насныхаа ойн үеэр Төвдийн төдийгүй дэлхийн буддын шашны дараагийн тэргүүн, өөрийн залгамжлагчийг хаанаас тодруулах талаар хариулт өгнө хэмээн мэдээлжээ. Далай лам өнгөрсөн арванхоёрдугаар сард “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр өөрийгөө 110 наслах тухай ярьжээ. Дарамасала дахь Төвдийн парламентын дэд дарга Тейханг Далай лам Хятад дахь иргэдийнхээ тусламжтайгаар эх орондоо буцаж ирнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр "Дээрхийн Гэгээнтэн Төвдөд, Потала ордондоо заавал очно гэдэгт би маш их найдаж байна" гэжээ.

Эх сурвалж: "Ройтерс" агентлаг