З.БАТЦЭЦЭГ

Виктор Дробыш  бол Оросын хөгжмийн зохиолч, продюсер, урлагийн гавьяат зүтгэлтэн. 1966 онд Ленинградад төрсөн. Консерваторийн дэргэдэх хөгжмийн дунд сургуулийн төгөлдөр хуурын анги төгссөн. 1996 оноос Германд ажиллаж байгаад Финляндад амьдарч эхэлсэн. Тэндээ Pets хамтлаг байгуулан олон алдартай хит дуунууд зохиосон. 2002 онд Оросод буцаж ирээд олон хит дуунууд зохион, алдартай продюсер болж чадсан. Виктор Дробыштэй www.7dn.ru-гийн хийсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

 

-Виктор Яковлевич тантай 2002 онд гадаадаас буцаж ирээд оросын шоу бизнест дөнгөж гараагаа эхэлж байхад чинь танилцсан. Тэр үед та Кристина Орбакайте-тай ажиллаад эхэлсэн байсан...

-Бүх юм яаж эхэлсэн гэхээр Каннд хөгжмийн томоохон MIDEM гээд фестиваль болдог. Тэнд продюсерууд, хөжгмичид, томоохон лейблийн төлөөлөгчид цугладаг юм. Би нэг америк продюсертай танилцсан чинь оросын нэгэн гэр бүлийн дуучидтай удахгүй гэрээ хийх гэж байгаа. Нөхөр нь болгар цустай, эхнэр нь оросдоо их том од, ерөнхийлөгчөөсөө алдартай гэж байна. Би “Пугачёва байна” гээд бараг хашгирлаа. Намайг танилцуулаад өг гээд шууд л хэллээ. Тэгж л Алла Борисовнатай би Каннаар дамжуулж танилцсан даа.

-Сандарсан уу?

-Пугачёва намайг хүлээж авахгүй байх гэж л айж байсан. Хөөгдөхгүйн тулд 12 настай хүүгээ дагуулаад очлоо. Алла их товчхон “Би сонссон. Гоё дуунууд байна лээ. Чи хэдийг авах уу?” гэж асуусан. Би мэдэхгүй ээ л гэлээ. Тэгсэн Алла боодол мөнгө гаргаж ирээд 5000 доллар тоолоод өгсөн. Гэхдээ тэр миний нэг ч дууг дуулаагүй. Бүгдийг нь охиндоо өгсөн. Кристинатай хамтарч ажилласан нь миний хувьд томоохон дэвшил болсон. Тэгээд би Финляндаас Орос руу буцаж ирэхээр шийдсэн дээ.

-Та яаж яваад Финляндад амьдрах болсон юм бэ?

-Би Колпинод төрсөн. Римски-Корсаковын нэрэмжит консерваторын дэргэдэх дунд сургуульд төгөлдөр хуурын ангид сурсан. 1990-ээд оны үед Германы, Финляндын хөгжимчидтэй хамтарч ажилладаг байсан. Тэр үед оросуудад Европын хил нээгдэж байсан. Гэхдээ би орост буцаж ирж ажиллахыг хүсч байлаа. Бүтэхгүй хүнтэй таарчих вий гэж л хаширлаад байсан юм. Харин азаар Кристинатай учирсан. Энэ миний аз. Тэр гайхалтай хүн. Авьяастай, сайхан сэтгэлтэй. Дээрээс нь бас хөдөлмөрч, шинэлэг зүйлийг эрэлхийлэхэд бэлэн. Бид хамтарч сайхан ажилласан.

-Та Кристина, Авраам Руссо хоёрын хит дууг зохиосон. Тэр үед Кристина ганц бие байсан. Түүнийг Авраамтай амрагийн холбоотой мэт харагдуулах пиар ажиллагааг хэн санаачилсан бэ?

-Иосиф Пригожин бид хоёр. Иосиф тэр үед Руссогийн продюсер байсан юм. Авраам тэр үед бараг 20 гаруй дуу бичүүлсэн байсан ч, нэрд гарч чадахгүй байсан. Кристина түүнд боломж олгосон. Энэ дуу бол сайн дуэтийн тод үлгэр жишээ. Хорь гаруй жил болсон байхад энэ дууг хүмүүс сонсдог хэвээр. Тухайн үедээ хитэд эхний 10 байранд 40 долоо хоног байсан. Энэ бол рекорд байх. Тэр үед Иосиф бид ажлаар их уулздаг байсан. Тэгж байгаад Валериятай танилцсан. Би бүр Финляндад амьдарч байхдаа Валериятай хамтарч ажиллахыг мөрөөддөг байлаа. Тэр ер бусын хоолойтой, царайлаг, надад супер европ бүсгүй шиг санагддаг байсан. Тэгээд Валерия завсарлага авсны эцэст эргэн шоу бизнест ирж байгаа тухай сонссон. Иосиф бид хоёр хоёулаа түүнтэй хамтарч ажиллахыг хүссэн. Иосиф “Маргааш уулзхаар болло. Чи нэг юм бодож олоорой” л гэж байна. Би англи хэл дээр бичсэн хэд хэдэн дуу үзүүлэхээр шийдлээ. Валерия өмгөөлөгчтэйгээ хамт ирээд том ширээний нөгөө үзүүрт суучлаа. Иосиф бид хоёр шалгалтдаа муу бэлдсэн оюутнууд шиг хөгийн харагдаж байлаа. Валерия “Надад янз бүрийн зүйл санал болгож байгаа. Та юу үзүүлэх вэ?” гэв. Иосиф тэгтэл “Дробыш үзүүлнэ” гэж байна. Валерия намайг тоож байгаа ч шинж алга. Тэгэхээр нь би нэг дуу тавилаа. Дараа нь нэг англи дуу сонсголоо. “Надад таалагдаж байна” гэж байна. Би тэгэхээр нь боломжийг алдахгүйн тулд шууд “Маргааш студид уулзая” гэчихлээ.

-Тэр үед л Валерия, Иосиф нар хоорондоо дурласан уу?

-Миний нүдэн дээр. Ер нь бол Иосиф бидний ажилд их саад болсон. Бид нам гүм байдалд дуугаа бичүүлэх гэхээр л хаалга онгойгоод түүний халзан толгой цухуйгаад “Валерия, хоёулаа япон ресторанд орох уу?” гэнэ. Валерия хариуд нь “Битгий саад болоод бай” гэх. Иосиф бууж өгөхгүй дахиад л “Тэгвэл өөр тийшээ явья. Манай найзын ресторанд очих уу” гэнэ. Миний инээд хүрээд “Валерия энэ чамайг өлсгөлөнгийн газраас ирсэн гэж бодож байх шиг байнаа” гээд л шоолдог байлаа. Үнэндээ Валерия бараг юм иддэггүй байсан. Тэгэхээр нь би Иосифд боломж гарахгүй юм байна даа гэж бодсон. Учир нь тэр хоол, ресторанаас өөр юу ч Валерияд санал болгохгүй байсан л даа. Үнэндээ энэ жинхэнэ хайр, халамж байсан. Иосиф нэг нүдтэй, хамар дээрээ үстэй байсан ч тэд гэрлэх нь ойлгомжтой байлаа. Иосиф түүний төлөө юу ч хийхэд бэлэн. Би түүний төрсөн өдөрт баяр хүргэхдээ “Энэ хүн бол өөрийн төрсөн биш хүүхдүүддээ маш их сэтгэл зүтгэл гаргасан. Одоо эдгээр хүүхдүүд нь төрсөн эцгээсээ илүү түүнтэй дотно. Энэ бол шоу бизнесийн ямар ч ялалт амжилтаас илүү зүйл” гэж хэлдэг юм.

-Продюсер нөхөртэй байна гэдэг дуучин хүнд сайн уу?

-Дуучиндаа сайн. Валериягийн хувьд Иосиф шиг продюсер олдохгүй. Би жишээ нь үргэлж өөр төсөл рүү гүйчих байсан. Би чинь хөгжмийн зохиолч, продюсерийн төв удирдана. Иосиф бол бүхий л амьдарлаа зөвхөн Валерияд зориулж байгаа хүн.

-Таны төвийн бас нэгэн дуучин Слава, түүний нөхөр бизнесмэн Анатолий Данилицкий. Ийм нөхөртэй байх дуучин хүнд ашигтай юу?

-Слава нөхрийхөө мөнгөөр дуулж эхлэхэд мөнгөнийхөө 80 хувийг дэмий үрсэн байсан. Продюсер байна гэдэг дуучин хүний хүслийг биелүүлнэ гэсэн үг биш. Эхлээд Славаг хөгжмийн ертөнц ерөөсөө хүлээж авахгүй байсан. Тиймээс бид бүр хэсэг хугацаанд хамтарч ажиллаагүй. Дараа нь дахин ажиллахдаа би “Эхлээд дуундаа л анхаарлаа хандуул. Дуулж сур. Нөхрөөсөө жаахан хол бай” гэж хэлсэн. Тэр миний үгэнд ороод дуулах бэлтгэл хийж эхэлсэн. Дараа нь миний зохиосон “Одиночество сволочь” хит дууг дуулаад, түүнд ямар ч спонсорын шаардлагагүй болсон доо. Слава бие дааж тайзан дээр гарахаасаа их айдаг байсан. Түүнийг өөртөө итгэлтэй болгох гэж би маш их цаг хугацааг зарцуулсан. Гэхдээ тэр айдсаа давж чадсан. Тэр жинхэнэ дуучин болсон. Түүний баян нөхрийн талаар одоо яриад хэрэггүй. Учир нь сүүлийн долоон жил нөхөр нь биш, Слава гэр бүлээ тэжээж байгаа. Анатолий түүнийг эхлэхэд санхүүгийн их дэмжлэг үзүүлсэн ч, тэгээгүй бол үүнээс өмнө Слава хит дуунуудтай болчих байсан гэж би боддог.  

 

-Гэр бүлийн хос дуучдыг юу гэж боддог вэ? Танай төвийн дуучин байсан Наташа Подольская чинь Владимир Пресняковтай гэрлээд яваад өгсөн?

-Бидний зарим нь бүхий л амьдралдаа нөлөөлөх томоохон алхмыг хийдэг. Миний хувьд ч ялгаагүй тийм зүйл болсон. Наташа бид хоёр гэрээ хийлээ. Гэтэл удалгүй тэр Володя Пресняковтай танилцсан. Над дээр ирээд “Намайг явуулчих. Би үргэлж Воватай хамт баймаар байна. Энэ гэрээнээс болоод хамт байж чадахгүй байна. Тэгээд ч Вова өөрөө миний продюсерыг хийгээд үзье гэсэн”  гэж хэллээ. Наташа тэр үед надад мөнгө их олж өгч байсан үе л дээ. Дээрээс гэрээтэй. Гэхдээ би “Чамд сайн сайхныг хүсье. Би үргэлж хажууд чинь байгаа шүү” гэж хэлээд явуулсан. Өөрийхөө зохиосон дуу, дуулах эрхийг бүгдийг нь өгөөд, зүгээр л явуулсан. Тэр одоо болтол энэ тухай ярьдаг. Ингэж шууд явуулдаг продюсер ховор. Хүний хамгийн чухал үед би хүн чанартай зан гаргасандаа сэтгэл өндөр байдаг. Хөгжмийн карьераас илүү хүний хувийн амьдрал чухал. Наташа сайн нөхөртэй, хүүхдүүдтэй. Энэнээс илүү хувь заяа гэж юу байх вэ дээ. Суперхит дуутай байна уу, үгүй юу хамаагүй. Аз жаргалтай л байвал боллоо.

Наташа, Вова, Валерия, Слава бүгд миний 55 насны ойн концерт дээр ирж дуулна. Хоёрдугаар сарын 26-нд ВТБ аренад болно. Диана Арбенина, Лолита гээд зөндөө дуучид оролцоно. Бүгд их сайн бэлдэж байгаа. Учир нь урд нь өөрсдөө дуулж байгаагүй миний дуунуудыг дуулна. Сонирхолтой болох ёстой. Мөн миний төлөө маш их зүйл хийсэн хоёр хүн ирнэ. Энэ бол “Земляне” хамтлагийн Игорь Романов, Владимир Киселёв. Би энэ хүмүүстэй гараагаа эхэлж байсан. Консерваторид сурч байхдаа бааранд ажилд ороод тэнд Игорь Романовтай танилцсан. Энэ хүнтэй хамт гудамжаар алхаж үзэхийг мөрөөддөг байлаа. Deep Purple, Led Zeppelin биш, Игорьтой. Энэ хүн намайг өөрийн байгуулсан “Союз” хамтлагтаа дуудсан. Тэр үед “Земляне” хамтлагаасаа гарсан байсан. Миний хувьд тэс өөр амьдрал эхлэх нь тэр. Хэсэг хугацааны дараа Владимир Киселев “Санкт-Петербург” хамтлагт дуудаж, төгөлдөр хуурчаар орж байсан. Киселевд би талархаж явдаг. Тэр намайг загнаж, торгож, зааж сургаж, хөөж хүртэл байсан. Одоо бодоход надад тохиолдсон хамгийн сайн зүйл. Одоо бид тайзан дээр уулзаад хэд хэдэн дуу дуулна. Тэр дундаа “Трава у дома” байгаа. Хамгийн гол нь уйлахгүйг хичээх юм шүү. Григорий Лепс бас ирнэ. Бид хоёрын хамт хийсэн цөөхөн уран бүтээл Лепсийг өөр түвшинд гаргасан.

-Тэр таны хурим дээр дуулсан санагдаж байна. Үнэгүй дуулсан уу?

-Үнэгүй! Надад бас арван мянган доллар бэлэглэсэн. Лепс их өгөөмөр өглөгч хүн. Хэт үрэлгэн гэж хэлж болно. Би бол илүү харамч. Би түүний хуримд дуулсан бол бэлгэнд юу ч өгөхгүй.

-Нэгэнт мөнгөний тухай ярьсан юм чинь орлогын талаар асууя. Таны дуу одоо ямар үнэтэй вэ? Би интернетээс гурван сая рубль хүрдэг гэж уншсан юм байна?

-Интернетэд хэт үнэгүйдүүлсэн байна. Миний хитууд мөнгөөр үнэлэгдэхгүй. Би дуугаа зарж байсан уу гэвэл тийм. Тэд гурван саяас хамаагүй илүү үнэ хүрч байсан. Сүүлийн хэдэн жил дуу зарахаа больсон. Би бодохдоо дууг сэтгэлээсээ зохиох хэрэгтэй. Хит дуу болох юм бол үүгээрээ сайн мөнгө олж болно. Түүнээс биш хүнд дуу зарна гэж одоо байхгүй. Байдал өөрчлөгдсөн. Урд нь зохиогчийн эрх гээд багахан юм ирдэг байсан бол одоо өөр болсон. Манай шоу бизнест хэтрүүлэх дуртай л даа. Дуучид цалин мөнгөө зарлаад онгироод байдаг. Гэтэл томоохон бизнесменүүд орлогоо тас нуудаг. Их мөнгөтэй байх тусмаа нам гүм. Манай шоу бизнесийхэн эсрэгээрээ. Бас манай урлагийхныг хэрүүл хэл аманд хутгаад байдгийг гайхдаг. Тэр тэрэнтэйгээ хэрэлдсэн, хуурсан энэ тэр гээд. Хүмүүс ийм зүйлийг унших дуртай. Гэтэл жирийн нэг офист энэ үзэгдэл байж л байгаа. Намайг хүрээлж байгаа хүмүүс тийм хүмүүжилтэй юм уу, бүү мэд. Тэд шоу бизнест шударгаар хөдөлмөрлөж, олсон мөнгөө тэнцүү хувааж авч болдог гэдгийг харуулдаг. Хэн ч хэнээсээ айдаггүй. Стас Пьеха бид олон жил хамтран ажиллаж байна. Түүнийг хэн нэг нь надаас яв гэвэл тэр энэ тухай сонсох ч үгүй. Намайг хэд хэдэн дуучид хүрээлээд, надаас явахгүй хүмүүс надад байдаг. Энэ талаараа би азтай. Тэдэнтэй би гэрээгээ яаж хийлээ, ямар хуульч хяналаа гэж санаа зовдоггүй. Тэгээд ч хэчнээн гэрээтэй байгаад чамайг хамгаалж чаддаггүй юм билээ. Ямар ч гэрээ тоодоггүй хүмүүс байна. Тэгэхээр эдгээр хүмүүстэй дайтах уу? орхих уу? сонголт хийхэд хүрдэг.

-Тэгвэл Настасья Самбурскаяг асууя. Та хоёр нэлээн шуугиан дэгдээсэн. Маргааны гол шалтгаан юу вэ? Тэр таны найдварыг алдаад, та түүний хүлээлтийг зөвтгөөгүй юу?

-Анхнаасаа л асуудалтай байсан. Тэр дуучин биш байсныг би анхнаасаа ойлгоогүй. Сайхан дуулдаг байлаа гээд дуучин гэсэн үг биш. Мэргэжилдээ бэлэн байх хэрэгтэй. Настасья бэлэн биш байсан байх. Би продюсер хүний хувьд энэ занг тэвчихгүй. Тоглолтоор явахыг хүсэхгүй байна, тайзан дээр гарахыг хүсэхгүй байна, зүгээр л хитэд нэг дүгээр байр эзэлмээр байна. Хитэд уг нь орсон юм. Шансон радиогийхан одоо болтол харамсдаг. Бидний гарт үнэхээр бриллиант байсан гэж. Оросын шансонд өөр аятайхан шинэ төрх олох боломж бидэнд байсан. Харамсалтай нь бүтээгүй.

-Нэг ярилцлагадаа та Самбурскаяд 12 саяыг зарцуулсан гэж байсан. Энэ мөнгийг буцааж яаж олох уу? боломжгүй юу?

-Тооны хувьд шүүх учрыг нь олно биз. Шүүх дуусаагүй байгаа. Тэр намайг шүүхэд өгсөн, би зөрүүлээд өгсөн. Гэхдээ энэ бол миний хамгийн том урам хугаралт. Инстаграмаар хэрүүл хийх нь миний арга биш.

-20 жил шоу бизнест хүчин зүтгэж байхад өөр урам хугарах зүйл тохиолдож байсан уу? цагтаа Елена Ваенгатай бас ажиллаж чадаагүй, яагаад?

-Би үнэхээр Ленагийн продюсер байсан. Түүнийг алдарт гаргасан гэдгээ зоригтойгоор хэлнэ. Бид хоёрт маргаан байгаагүй. Зүгээр л тэр цаашаа ганцаараа явхыг хүссэн. Олон дуучид тэгдэг, их мөнгөтэй болчихоороо хуваалцахыг хүсдэггүй юм. Самбурскаягаас ялгаатай нь Лена бид хоёр их зүйлийг хамт хийсэн. Бид бие биедээ туслахад үргэлж бэлэн. Тэр сонголтоо өөрөө хийсэн. Тэр надтай ямар түвшинд байсан, надаас яваад одоо ямар түвшинд байгааг бүгд харж байгаа. Газар тэнгэр шиг ялгаатай гэж би бодож байна.

-Манай шоу бизнесийн гол асуудал юу вэ?

-Дуучид хитгүй. Сайн дуу бол зөндөө байна. Хит алга. Би танд Валериягийн “Часики”, Лепс Аллегрова нарын “Я тебя не верю” гэж хэлэхэд та шууд амандаа эдгээр дууг аялна даа. Гэтэл би энэ дуунуудыг арваад жилийн өмнө зохиосон. Энэ бол хит.

-Гэхдээ хит дуугүй хэрнээ олон жил хүмүүсийн сонирхлыг алдахгүй яваад байгаа хүмүүс байна. Шинэ гэр бүл, салалт гээд олны анхаарлын төвд  байнга байдаг хүмүүс...

-Ийм хүмүүс шоу бизнест байсан, байсаар байх ч болно. Хамгийн гол энэ хүмүүс миний хүрээлэлд л байхгүй бол болоо. Телевиз, шоунд тэд хэрэгтэй, түүгээрээ л явж байг.

-Зарим дуучин олон арван жил амжилттай байхад зарим нь их амархан мартагдах юм. Юунаас шалтгаалдаг вэ?

-Сонирхлоос. Авьяасандаа ч биш. Дуучин хүн үргэлж орчин үетэйгээ хөл зэрэгцэн алхах ёстой. Олон авьяастай хүмүүс хаана байгаагаа ухаарахгүй явж байгаад алдагдаад байна. дэлхий өөрчлөгдөж байна. 1990-ээд онд өөр дуу сонсдог байсан. Одоо өөр. Бүхнээс илүү Пугачёвагаар бахархаж байна. Шоу бизнесийг огт авч хэлэлцэхээргүйгээр өөрийгөө өндөрлөгт өргөж чадсан хүн. Тэр бол домог. Ийм байдалд хүрэхэд бас дотоод мөн чанар өндөр байх хэрэгтэй. Миний хайртай Валерия байна. Тэр өдийд хэнд ч, юуг ч нотлох шаардлагагүй, хэнтэй ч өрсөлдөх хэрэггүй. Тэр өндөрлөгтөө байж баймаар. Би заримдаа Иосифд хэлдэг, дэндүү олон буруу хөдөлгөөн хийж байна. Валерия их олон дундаж дуу дуулж байна, хэт их телевизийн шоунд оролцох юм. Байнгын олны хараанд байх гэх хэрэггүй. Пугачёвагаас суралцах хэрэгтэй гэж.

-Та дуучин эхнэртэй болох хүсэл байгаагүй юу? Түүнийгээ продюсерлээд...

-Хэзээ ч тэгэж бодож байгаагүй. Нэг ч удаа. 2007 оны есдүгээр сарын 1-нд эхнэрээ хараад шууд миний хувь тавилан байна гэж бодсон. Тэгэхэд надад түүний юу хийдэг, мэргэжилтэй эсэх, нөхөр хүүхэдтэй эсэх ерөөсөө хамаа байгаагүй. Амьдралын чухал шийдвэрийг ингэж л гаргадаг байх.

Эх сурвалж: www.polit.mn