Ч.ЗОТОЛ

Өнөөдөр жилийн хамгийн хүчирхэг толин тусгал өдөр тохиож байна. Үнэмлэхүй толин он, сар, өдөр (палиндром) нь жил бүр тохиолддоггүй маш ховор үзэгдэл юм. Энэ давхцал  180 жилийн дараа л давтагдана.  Тэгвэл  энэ өдөр мэндэлсэн хүмүүс сайн үйл хийх, буяны үйлд шамдах гэхчлэн янз бүрийн санаачилгууд гаргаж байгаа юм байна. Тэдний нэг П.Болормаатай  ярилцсанаа хүргэе. Тэрбээр ардын язгуур урлагийг дэлхийд таниулж яваа ардын хөгжимчин,  өвлөн уламжлагч, Соёлын тэргүүний ажилтан,“Язгуур аялгуу” хамтлагийн гишүүн юм.

-Энэ өдөр төрсөн өдрөө тэмдэглэж байгаа танд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Баярлалаа. Намайг Болормаа гэдэг.  2022 оны хоёрдугаар сарын 22-ны мягмар гариг буюу тэгш тоотой энэ  өдөр  миний төрсөн өдөр тохиож байгаад би бас баяртай байна. Би  долоон хүүхэдтэй айлын дундах охин.Ховд аймгийн уугуул, Улаанбаатарын суугуул.  ОХУ буюу хуучнаар  ЗХУ-д хувцас дизайны чиглэлээр сургуульд сурч байсан. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод мэргэжлээрээ удаан ажиллаж чадаагүй. Жил шахам ажиллаад үйлдвэр маань зогсч, манай улс зах зээлийн нийгэмд шилжиж байлаа. Ингээд оросуудтай хамтран ажиллах болсон. Русский Сибир компанид менежрээр ажиллаж байсан юм. Сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас ажил зогссон.

-Тэмдэглэлт  өдөр, нөгөөтэйгүүр таны мэндэлсэн өдөр тохиож байна. Энэ өдрийг хэрхэн өнгөрүүлж  байна вэ?

-Энэ өдөр жилийн хамгийн хүчирхэг өдөр учраас нутгийнхаа уул усанд очиж тэмдэглэе гэсэн зорилго тавиад Улаанбаатараас хэдэн өдрийн өмнө гарч Ховд аймагтаа ирлээ. Хүн, байгалийн шүтэлцээ, өвөрмөц  ёс жаяг монголчуудад бий. Энэ үүднээс нутгийнхаа уул усанд амжин ирж, нар мандаж байхад хуур, цуур  хөгжмөө тоглож,  ая эгшгээр  байгаль дэлхийдээ, нутгийнхаа уул усанд  өргөл өргөлөө.  Одоо   эмнэлгээр орж дөнгөж төрсөн ээжүүдэд гарын бяцхан бэлэг өгөх бодолтой  байна. 

-Таныг өвөрмөц хоббитой гэж сонссон. Тэр тухайгаа ярьж өгнө үү?

-Би ардын урлаг, тэр дотроос аман хөгжмүүдийг тоглож, сурталчилж, хүүхдүүд, өсвөр үеийнхэнд зааж сургаж байдаг юм. Төмөр хуур, хусан хуур, нуман хуур, чашга хөгжмүүдийг бие даан тоглож сурсан. Киргизэд байхдаа домборыг сонирхох маягаар  тоглож сурсан. Манайх гэртээ ардын  хөгжмийн цуглуулгатай.

-Энэ хөгжмүүдийг  бүгдийг нь тоглож сурсан  хүн хэр олон байна?

-Зарим төрлийн хөгжмийг тоглодог хүн цөөхөн байдаг юм билээ. Сүүлийн үед сонирхогчид олширч байна. Миний хувьд нэлээн хэдэн шавь бэлдэж сургасан.  Мөн ардын урлагаа сурталчилж, гадаадын улс орнуудад хөгжмийн наадамд оролцож ирсэн. Тухайлбал, хамгийн сүүлд  Герман улсад болсон Европын ардын урлагийн ХХХ наадамд 2019 онд оролцоод ирсэн. Түүний өмнө буюу 2016 онд АНУ-д болсон дэлхийн ардын урлагийн их наадамд оролцож, тэргүүн байранд орсон. Мөн тэр ондоо “Дэлхийг тойрох монгол өв соёл” тоглолтоор  Европын орнуудаар хоёр сар, АНУ-д нэг сар аялаад ирсэн. Франц, Бельги, Голланд, Польш улсад аялан  тоглосон.

-Ардын хөгжмийн урлагийг анх хэнээс өвлөж авав?

-Одоогоос 20-оод жилийн өмнө нөхрөөсөө болон хадам ааваасаа анх өвлөн авч, ардын хөгжмүүдийг тоглож сурсан.  Манай хадам аав Ховд аймгийн Дуут сумын уугуул, ардын язгуур урлагийн авьяастан Ж.Эрдэнэцогт гэж хүн байсан. Миний хань  Э.Баатаржав    ааваасаа өвлөн  ЮНЕСКО-д бүртгэгдсэн товшуур, цуур зэрэг хөгжмөөр тоглож, мөн хөөмийлж сурсан.

-Олон улсын томоохон наадмуудад оролцохдоо тэднээс юу суралцав?

-Олон орноос уран бүтээлчид ирж оролцдог. Бие биеэсээ сурах, суралцах зүйл их байлгүй яах вэ. Би гэхэд л олон орны хөгжмийг сурах сан, тэр дотроос Хятадын пийпаа, Америкийн индианчуудын тоглодог бишгүүртэй төстэй хөгжмийг тоглож сурахсан гэж боддог. Тэд бас манай хөгжмүүдийг сонирхож байгаа нь анзаарагддаг. Бүгд өөрсдийн үндэсний хувцсаа өмсч, үндэсний хөгжмөө тоглож, ардын бүжгээ бүжиж урлагийн тоглолт хийж байгаа нь маш өвөрмөц.

-Та хөгжим тоглодог юм чинь ардын дуу дуулдаг уу?

-Дуунд дуртай. Гэхдээ орос дуу дуулах дуртай. Шавь нартаа хөгжмөөс гадна орос дуу, шүлэг  зааж өгдөг.

-Танай хүүхдүүд ардын урлаг сонирхдог уу?

-Манайх гурван хүүхэдтэй. Тэд маань бүгд  хөгжим тоглож сурсан, ер нь сонирхдог. Гэхдээ мэргэжил, хобби  болгосон нь үгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: www.polit.mn