1.Уналт дээр тоглохуй (The Big Short, 2015)
Намтар, инээдмийн, драм төрлийн Америк кино, найруулагч нь Адам Маккэй.
Гол дүрүүдэд Кристиан Бэйл, Стив Карелл, Райан Гослинг, Брэд Питт, Мелисса Лео нар тогложээ. Уг киног Америкийн зохиолч, сэтгүүлч Майкл Льюсийн “Уналт дээр тоглохуй. Санхүүгийн сүйрлийн нууц механизм” нэртэй номноос сэдэвлэн бүтээжээ. Энэ бүтээл үзэгчдэд таалагдаж, шилдэг зохиолын төрөлд Оскар авсан.
Майкл Льюсийн ном бодит үйл явдалд үндэслэсэн бөгөөд 2007-2009 оны санхүүгийн хямралыг нэг нэгнээсээ хамаарахгүйгээр урьдчилан таасан хэдэн хүний түүхийг өгүүлдэг.
“Бүх дэлхий сэтгэл хөөрөлдөө автсан байхад нэг хэсэг залуус бусдын олж хараагүйг анзаарч чадсан. Нийт эдийн засаг тэр чигээрээ худал хуурмагт суурилсан гэдгийг тэд ойлгожээ.” (“Уналт дээр тоглохуй”)
Киноны үйл явдал 2005 онд эхэлж, Scion Asset Management хэмээх хэдж сангийн этгээд зантай менежер Майкл Бьюри ипотекийн зээл олгодог арга хэлбэр үл хөдлөхийн зах зээлийг сүйрүүлнэ гэдгийг ойлгоно. Тэрээр энэ уналт дээр мөнгө хийхээр шийдэж хөрөнгө оруулалтын томоохон банкнуудад хачин жигтэй хүсэлт тавьж эхэлнэ. Баян тансаг амьдрал нь мөнхийн юм шиг санах Уолл Стритийн акулууд түүний таамгийг сонсоод дооглон инээнэ.
“Юу хийснээ та ойлгож байна уу? Та Америкийн эдийн засгийн эсрэг бооцоо тавьчихлаа ш дээ.” (“Уналт дээр тоглохуй”)
Уг кино санхүүгийн нэр томьёогоор дүүрэн хэдий ч энгийн үзэгчдэд ойлгомжтой байхын тулд уран бүтээлчид нэлээд хичээсэн байна. Үйл явдал өрнөхийн хэрээр гол дүрүүд нарийн ээдрээтэй ойлголтуудыг амьдралын энгийн жишээн дээр тайлбарлана. Харин хурц өгүүлэмж, жүжигчдийн ур чадвар кино дуустал үзэгчийг дэлгэцээс холдуулахгүй байхаар болж чадсан.
2. Эрсдэлийн хязгаар (Margin Call, 2011)
Триллер, драм, АНУ, Найруулагч: Жэй Си Чендор
Гол дүрүүдэд: Кевин Спейси, Пол Беттани, Жереми Айронс, Закари Куинто, Стэнли Туччи, Деми Мур
2008 оны дэлхийн санхүүгийн хямрал хэдийнээ эхэлсэн ч ямар аюул хүлээж байгааг америкчууд төсөөлөхгүй байлаа. Найруулагч Жэй Си Чендор өөрийн бүтээлдээ дампуурлын ирмэгт ирсэн нэгэн банканд болсон үйл явдлын талаар өгүүлжээ. Энэ банкны жишээ нь 2008 онд дампуурч дэлхий нийтийг цочроосон Lehman Brothers юм.
Киноны үйл явдал 24 цагийн дотор өрнөнө. Жүжигчин Стэнли Туччи дүрийг нь бүтээсэн банкны ажилтан Эрик Дэйл банкны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх программ бүтээнэ. Программаа хийж дуусалгүй цомхотголд орж, ажлаасаа халагдана.
Гэхдээ Дэйл программтай флашаа банкны өөр нэг ажилтан Питер Салливанд өгч, нөгөөх нь программыг дуусгасны дараа банк дампуурах гэж байгааг олж мэднэ. Банкны удирдлага асуудлыг мэдсэн хэрнээ чимээгүй байгааг ч ойлгоно.
“ -Удахгүй хөгжим дуугарахаа больж, капитализмын түүхээс бидэнд шуудай дүүрэн ялгадас л үлдэнэ гэж та хэлэх гээд байна уу?
– Ингэж хэлж болно гэдэгт итгэлгүй байна. Гэхдээ таны жишээн дээр тайлбарлая. Энэ программ удахгүй хөгжим дуугарахаа болино гэж хэлээд байгаа юм. Хэрэв тэгвэл үйл явдал төсөөлснөөс муугаар эргэнэ.” (“Эрсдэлийн хязгаар”)
3. Тэрбумууд (Billions, 2016 оны сериал)
Драм, АНУ, Найруулагч: Колин Бакси, Нил Бёргер, Жон Дал болон бусад
Гол дүрүүдэд: Дэмиэн Льюис, Пол Жаматти, Мэгги Сифф, Малин Акерман
Киноны үйл явдал Нью-Йорк хотноо өрнөнө. Гол өгүүлэмж нь хэж сангийн эзэн, тэрбумтан Бобби Аксельрод ба холбооны улсын прокурор Чак Роадс хоёрын зөрчилдөөн.
“Үзэн ядах нь энергийн хамгийн тохиромжтой эх сурвалж болдог. Үзэн ядалт хэзээ ч дундардаггүй” (Бобби Аксельрод – “Тэрбумууд”)
Английн жүжигчин Дэмиэн Льюис дүрийг нь бүтээсэн Бобби “Акс” Аксельрод нь хөрөнгө оруулалт, арилжаанаас асар ашигтай бизнес босгож чадсан нэгэн.
Чак Роадс (Пол Жаматти) нь Аксельродын сан үйл ажиллагаандаа инсайдер мэдээлэл ашиглаж буйг олж мэднэ. Санхүүгийн гэмт хэрэгтнүүдтэй хайр найргүй тэмцдэгээрээ алдартай прокурор тэрээр тэрбумтныг ангуучилж эхэлнэ. Уг санд Чакийн эхнэр Венди ажилладаг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ.
Энэхүү сериал эхний ангиасаа л үзэгчийг санхүүгийн ертөнц рүү татан оруулж, Уолл Стритийнхэн өдөр тутамдаа юутай тулгардаг талаар өгүүлнэ.
“Тооцооны алдаа гэдэг бол дооглох зүйл биш. Энэ бол арга хэрэгсэл, бас тактик. Энэ тактикийг би дуртайяа ашигладаг” (Бобби Аксельрод – “Тэрбумууд”)
Эдүгээ “Тэрбумууд”-ын таван сезон гараад байгаа. Тавдугаар сезоны сүүлчийн 12 дугаар анги 2021 оны 10 дугаар сард гарсан. 2020 онд сериалыг 6 сезонтай болгохоор шийдсэн бөгөөд 2022 оны нэгдүгээр сард эхэлсэн.
4. “Бүтэлгүйтэхэд хэтэрхий том” (Too Big To Fail, 2011)
Драм, намтар, түүхэн, АНУ, Найруулагч: Картис Хэнсон
Гол дүрүүдэд: Уильям Хёрт, Эдвард Эснер, Билли Крудап, Пол Жаматти
Найруулагч Картис Хэнсон “Бүтэлгүйтэхэд хэтэрхий том” киногоо (“Сүйрэх ёсгүй: Уолл Стритийг аврах нь” гэдэг өөр нэртэй) Эндрю Росса Соркины Too Big To Fail номоос сэдэвлэн бүтээжээ. Уг кино НВО сувгаар гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж “Алтан бөмбөрцөг”, “Эмми”-д нэр дэвшсэн. Энэхүү кинонд 2008 оны тавдугаар сарын сүүлээр, 10 дугаар сарын эхээр АНУ-ын санхүүгийн салбарт болж байсан үйл явдал буюу дэлхийн санхүүгийн хямрал хэрхэн эхэлж байсан талаар өгүүлдэг. Тэр үед Уолл Стрит сандралд ороод байв. Гол үйл явдал нийтийг хамарсан дампуурлыг зогсоохыг хичээж буй АНУ-ын Сангийн сайд Генри Полсоны (Уильям Херт дүрийг нь бүтээсэн) эргэн тойронд өрнөнө.
Америкийн засгийн газар юутай ч Bear Stearns хэмээх хөрөнгө оруулалтын банкийг авраад байв. Харин дараа нь Lehman Brothers хэцүү байдалд ороод байсан ч эрх баригчид дэмжээгүй учраас банк дампуурлаа зарлав. Даатгалын аварга компани AIG ч бас живэв. AIG-гийн сүйрэл нийт санхүүгийн системийг нурааж, ипотекийн секторыг татаж унагана гэдгийг Полсон анзаарна.
“Бүх Америкийн сангийн сайд миний хийж чадах цорын ганц зүйл бол Уоррен Баффет руу залгах л үлдсэн гэж та хэлэх гээд байна уу?” (“Бүтэлгүйтэхэд хэтэрхий том”)
Энэ кинонд арилжаа, биржийн үйл ажиллагааг харуулдаггүй ч сэдвийн хувьд биржийн тухай хангалттай өгүүлжээ. Хэрэв дүрүүд өөрсдөө үйл явдлын өрнөл дунд юу болж буйг тайлбарлаагүй бол нэр томьёонууд дунд төөрнө. Киноны үндсэн санаа нь том компаниуд гэрээ хэлцэлд буруу хандвал орчин үеийн арилжаа юунд хүргэж болох талаар ойлгуулахад чиглэжээ.
5. «Луйварчин» (Rogue Trader, 1999)
Драм, гэмт хэрэг, түүхэн, АНУ Найруулагч: Жэймс Дирдэн
Гол дүрүүдэд: Юэн Макгрегор, Анна Фрил, Кристиан Солимено, Том Ву
Жэймс Дирдэний «Луйварчин» бүтээлд Английн Barings банкийг дампууруулсан Ник Лисоны тухай өгүүлдэг. Киноны зохиолыг Лисоны өөрийнх нь бичсэн “Barings-ийг дампууруулсан миний түүх. Луйварчны өчил” нэртэй дурдатгалаас бичжээ.
Киноны гол дүр нь Юэн МакГрегорын дүрийг нь бүтээсэн авьяаслаг арилжаачин. Тэрээр Английн хамгийн нэр хүндтэй хуучны банкнуудын нэг Barings-д ажилд орно. Анхандаа банкны удирдлагууд авьяаслаг залуу мэргэжилтэнтэй болсондоо тун баяртай байлаа. Гэтэл Лисон том алдаа хийнэ. Үйлчлүүлэгчдэд бирж дээр алдсан мөнгийг нь эргүүлж өгөхийн тулд тэр нарийн төвөгтэй луйврын схем боловсруулна.
“Бирж бол том казино” («Луйварчин»)
6. ”Уолл Стритийн чоно” (The Wolf of Wall Street — 2013)
Драм, гэмт хэрэг, намтар, АНУ, Найруулагч: Мартин Скорсэзе
Гол дүрүүдэд: Леонардо ДиКаприо, Жона Хилл, Марго Робби, Кайл Чандлер
Олон шүүмжлэгч энэ киног Скорсэзийн хамгийн сайн бүтээл гэж нэрлэдэг. Бараан хошигнолын жанраар хийсэн энэхүү дурдатгал кинонд амжилтад хүрсэн арилжаачин Жордан Белфордын амьдралыг өгүүлдэг.
Леонардо ДиКаприогийн дүрийг нь бүтээсэн киноны гол дүр 1980-аад оны сүүлээр нэгэн хөрөнгө оруулалтын банканд брокероор ажилд орно. Удалгүй Dow Jones-ийн индекс гэнэтхэн унаснаас болж банк дампуурлаа зарлана. Эхнэрийнхээ зөвлөснөөр Жордан нь шалихгүй үнэлгээтэй, жижиг сажиг үнэт цаас арилждаг брокерын фирмд ажилд орно.
“Хамгийн хямдхан таваар бол чиний талаарх бусдын бодол” («Уолл Стритийн чоно»)
Тэрээр шинэ нөхцөлд түргэн дасаж удалгүй өөрийн гэсэн брокерын компани байгуулна. Арваад жилийн туршид Жордан санхүүгийн махинаци /луйвар/ хийж олон саяыг олно. Гэвч Холбооны мөрдөх товчооны хараанд орно.
”Уолл Стритийн чоно” киног Уолл Стритийн тухай хамгийн бараан кино гэж үздэг. Энэ бүтээл таван “Оскар” авсны дотор хамгийн нэр хүндтэй нь шилдэг киноны шагнал юм. Харин ДиКаприо шилдэг эрэгтэй дүрээр “Алтан бөмбөрцөг” авчээ.
7.“Бойлерын өрөө” (Boiler Room-2000)
Триллер, драм, гэмт хэрэг, АНУ, Найруулагч: Бэн Янгэр
Гол дүрүүдэд: Жованни Рибизи, Вин Дизель, Ниа Лонг, Бен Аффлек, Никки Кэтт
Энэ киног мөн Жордан Белфордын намтраас сэдэвлэсэн бөгөөд 19 настай Сэтэ Дэвисын (Жованни Рибизи дүрийг нь бүтээсэн) түүхийг өгүүлдэг. Сэтэ коллежоосоо хөөгдсөний дараа гэртээ нууц казино байгуулна. Гэвч шүүгчээр ажилладаг эцэг нь хүүдээ сэтгэл хангалуун бус байна.
Нэгэнтээ нэгэн үйлчлүүлэгч J.T. Marlin хэмээх брокерын компанид ажилд орохыг залууд санал болгож, казинодоо жилийн дотор олдог мөнгөнөөсөө илүү ихийг сарын дотор олох боломжтой гэж хэлнэ. Аав, ээжийнхээ хүлээлтэд нийцэхийн тулд тус компанид ажиллаж эхэлнэ. Гэвч удалгүй J.T. Marlin-ий брокерууд үйлчлүүлэгчдийг хуурч байгааг тэр олж мэднэ.
“- Амжилтгүй дуудлага гэж байдаггүй: нэг бол та үнэт цаас зарна, нэг бол татгалзах шалтгаан зарна. Аль ч тохиолдолд борлуулалт хийгдэнэ. Хэлцлийг хэн хааж байгаад л учир бий. Та юу эсвэл тэр үү? Тууштай бай.” (“Бойлерын өрөө”)
8. “Мөнгөний мангас”. (Money Monster-2016)
Триллер, драм, гэмт хэрэг, АНУ, Найруулагч: Жоди Фостер
Гол дүрүүдэд: Жорж Клони, Жулия Робертс, Жек О’Коннелл, Доминик Уэст
“Мөнгөний мангас” бол нэртэй жүжигчин, хоёр удаагийн Оскарын шагналт, найруулагч, продюсер Жоди Фостерын бүтээл юм. Кинонд нэвтрүүлгээрээ дамжуулан санхүүгийн зөвлөгөө өгдөг телевизийн нэртэй хөтлөгч Ли Гэйтсийн тухай өгүүлдэг.
“Бид зүгээр л хүслийн хүчээр муу хөрөнгө оруулалтыг сайн болгож хувиргана” (“Мөнгөний мангас”)
Кайл хэмээх залуу Гэйтсийн зөвлөгөөг дагахаар шийдэж нэгэн компанид хөрөнгө оруулна. Гэвч тэр бүх мөнгөө алдана. Бүтэлгүйтсэндээ уурссан тэрээр шууд дамжуулалтын үеэр телевизийн студи руу дайран орж, Ли Гэйтсийг барьцаална.
Уг бүтээлийг кино шүүмжлэгчид харилцан адилгүй хүлээж авсан. Гэхдээ ядаж Жорж Клони, Жулия Робертс нарын жүжиглэлтийн харъя гэвэл, бас хөрөнгө оруулах үндсэн зарчмуудыг үл тоовол юунд хүргэж болохыг мэдэхийн тулд тус киног үзэх хэрэгтэй.
Эх сурвалж: By Business.mn-ий редактор Г.Даваадорж
Гадаад эх сурвалж: quote.rbc.ru