Б.БЯМБАЖАРГАЛ
Дэлхийн аварга, Дэлхийн аваргын хошой мөнгө, Пауэрлифтингийн хэвтээ шахалтын хошой хүрэл, Ази тивийн хэвтээ шахалтын дөрвөн удаагийн аварга, -120 кг-ийн Дэлхийн рекордыг эзэмшигч, ОУХМ Б.Чимэдцэрэнтэй ярилцлаа.
-Пауэрлифтингийн спортод хөл тавьсан түүхээсээ хуваалцах уу. Яагаад пауэрлифтингийн спортоор хичээллэх болов?
-Пауэрлифтингийн спортоор 2002 оноос хичээллэж эхэлсэн. Энэ спортод хөл тавиад 20 жилийг ардаа үдсэн байна. Намайг анх хичээллэж эхлэхэд Монголд төдийлөн сайн хөгжөөгүй байлаа. Миний хувьд 2011 оноос олон улсын чанартай тэмцээнүүдэд Япон улс руу явж эхэлсэн. 10 гаруй жилийн хугацаанд олон ч тэмцээний медаль шагналаас мултарч олон ч том тэмцээнд амжилттай оролцож медаль хүртлээ. Одоо зодог тайлах бодолтой байна. Гэхдээ энэ жил сүүлийн сумаа тавьж үзнэ гэсэн зорилго бий.
-Олон жил зүтгэсэн карьераа төгсгөх амар биш байх даа?
-Олон улсын түвшинд өрсөлдөх сонирхол бий. Гэхдээ насаараа бол мастерийн ангилал руу орчихсон ч гэсэн мэргэжлийн насанд хүрэгчдийн ангилалд тэмцээнд орж байгаа.
-Та энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хэрэглэлтэй ангилалд дээд амжилтыг тогтоолоо. Энэ талаараа яриач?
-Энэ жилийн Литва улсад зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэрэглэлтэй хэвтээ шахалтын -120 кг-ийн ангилалд оролцож шинэ амжилт тогтоохыг зорьсон боловч санаснаар болоогүй. Украйны тамирчин 375.5 кг шахаж рекорд эвдсэн бол би 365 кг шахсан. Ингэж 2021 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм. Тиймээс дээд амжилт тогтоох зорилгоо гүйцээхээр Хэрэглэлтэй хэвтээ шахалтын 13 дахь удаагийн 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Хэвтээ шахалтын хэрэглэлтэй ангилалд 377.5 кг шахаж Монгол Улсын хэрэглэлтэй шахалтын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
-Таны олон улсын чанартай анхны амжилт чинь 2011 онд Японоос мөнгөн медаль хүртсэнээр эхэлсэн гэлээ. Ер нь тамирчдад бэлтгэл, сэтгэл зүй бүх зүйл нь жигд таарсан карьерын оргил үе байдаг шүү дээ. Таны хувьд амжилтынхаа оргил үеэс хуваалцах уу?
-Анх 2011 онд Японд зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2012 онд Казахстанд болсон Азийн аваргаас мөнгөн медаль хүртэж байлаа. Ер нь 2013 оноос Азийн аваргад түрүүлж 2015, 2016 оны дэлхийн аваргаас ганзага хоосон буцсан бол 2017 онд мөнгөн медаль авсан. Ингээд 2018 онд ӨАНБУ-д болсон хэвтээ шахалтын насан хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд -120 кг-ын ангилалд хэвтээгээс 357 кг туйван өргөснөөр дэлхийн аварга хэмээх алдрыг хүртсэн. Харин 2019 оны Японд болсон дэлхийн аваргаас шүүгч нарын асуудлаас болж хоосон ирсэн ч 2021 оны дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн. Нийт дэлхийн нэг алт, хоёр мөнгө, азийн дөрвөн удаагийн аварга болсон. Дэлхийн рекордыг хоёр удаа эвдсэн ч монгол хүн, монгол эрчүүдийн зорилгоор дэлхийн рекордыг дахин эвдэх зорилго тээгээд бэлтгэлээ хийж байна. Өмнө нь санхүүгийн хувьд цэгцрээгүй, бүх зардлаа өөрсдөө гаргадаг байх үед олон улсын тэмцээнд дасгалжуулагчтайгаа хамт явж чаддаггүй, сэтгэл зүй сайнгүй тэмцээндээ оролцдог байлаа.
-Гэхдээ пауэрлифтинг бол хүнд спорт шүү дээ. Олон жил хичээллэхэд биед ачаалал өгч, үе мөч өвдөх асуудал гардаг гэдэг. Таны хувьд?
-Хүнд спорт. Одоо гар, хөл өвдөх, нуруу өвдөх асуудал байна. Дээрээс нь жин хүндрээд байгаа учраас жингээс үүдэлтэй асуудал үүсэх нь бий. Гэхдээ эмчилгээгээ сайн хийлгээд зорилгынхоо төлөө бэлтгэлдээ орно.
-2015, 2016 онд ДАШТ-ээс медаль авах боломжтой байсан гэдэг байх аа?
-Тухайн үед захиалгын алдаа гаргасан. Мөн сэтгэл зүйн байдал, өөрийгөө хянах жижиг алдаа гаргасны улмаас мултарсан.
-Ер нь пауэрлифтингийн -120 кг монгол дотроо ширүүн өрсөлдөөнтэй байдаг. Өрсөлдөөнөөс шалгарч тив, дэлхийн тэмцээнд явна гэдэг том даваа биз?
-Хэвтээ шахалтын ангиллыг монголчуудын жин гэж ярьдаг болчихсон. Монгол дотроо ширүүн өрсөлдөөнтэй. Ер нь гавьяат тамирчин, ОУХМ Б.Алтангэрэл ах бид хоёрын өрсөлдөөн өндөр хэмжээнд гаргасан. Азиас тэсрээд явчихсан юм. Дотоодын өрсөлдөөн сайн байсан учраас тив, дэлхийн амжилтад хүргэхэд нөлөөлсөн гэж боддог. Б.Алтангэрэл ахтай бие биенийгээ хурцалж олон жил шударга өрсөлдсөн. Ер нь пауэрлифтингийн ах нараа дагаж бэлтгэж хийж явсаар өрсөлдөх хэмжээнд хүрсэн. Ах нартаа баярлаж явдаг.
-Ер нь тухайн спортын онцлог гэдэг юм уу, тамирчны бие бялдарт тохирсон бэлтгэлийн горим гэж байдаг даа. Зарим тамирчид тасралтгүй тууштай бэлтгэл хийдэг бол зарим нь амралт, эрчимтэй бэлтгэл хослуулан хийдэг. Та аль төрөлд хамаарах вэ?
-Пауэрлифтингийн спортын онцлог нь ерөөсөө булчингаа сайн амраах ёстой. Манай клубийн тамирчид бусдаас өөр системээр бэлтгэл хийдэг. Тухайлбал, амралт зохилсон бэлтгэлээр явдаг. Илүү сайн амарч, сайн сэргэж байж дараагийн бэлтгэлийг хийх зарчим баримталдаг.
-Спортоор тууштай зүтгэж анхаарлаа зөвхөн спортод төвлөрүүлэхэд хэцүү олон асуудал тулгардаг шүү дээ. Таны хувьд 20 жил пауэрлифтингээр хичээллэхэд тулгарч байсан асуудлаасаа хуваалцвал. Хэрхэн даван туулсан бэ?
-Саяхан аав минь тэнгэрт дэвшсэн юм. Эр хүнд аавын магтаал хамгийн үнэ цэнтэй, том шагнал байдаг юм байна гэдгийг ойлгосон. Дэлхийн аваргаас медаль авчихлаа гээд баярлахаасаа илүү тийм сонин мэдрэмжинд хүлээтэй байсан. Аавыгаа нутаглуулаад буцахдаа дэлхийн аваргын тавцангаас аавынхаа нэрийг заавал дуудуулна гэсэн зорилго тээсэн. Ингээд дэлхийн аваргаас медаль авч зорьсондоо хүрсэн ч эзгүй хоосон мэдрэмж ер салаагүй. Амьдрал, спорт хоёр адилхан гэж боддог. Тэмцсэн, зүтгэсэн нь хожиж, шантарсан нь унадаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 18 (6750)