З.БАТЦЭЦЭГ
2012 оны олимпийн аварга, 2011 оны дэлхийн аварга, 2009 оны Европын аварга, ОХУ-ын гавьяат тамирчин Тагир Хайбулаевийн ярилцлагыг хүргэе. Тэрбээр олимпийн наадамд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг ялж, алтан медаль хүртэж байсан юм.
-Сүүлийн үеийн гол сэдэв бол Хабиб Нурмагомедовын ялалт. Хэн ч түүнийг Гэтжийг амархан ялна гэж бодоогүй?
-Түүнд хүчтэй өрсөлдөгч таарлаа. Гэхдээ Хабиб их зоригтой байсан. Түүгээр ч барахгүй зодог тайлж буйгаа зарласан. Тиймээс энэ тэмцэлд бүх хүчээ зориуллаа гэж бодож байна. Хабиб эхний минутаас л шахалт үзүүлж эхэлсэн бөгөөд энэ нь ч давуу тал болж итгэлтэйгээр ялсан.
-Энэ нь Гэтжийг ихээр гайхшруулсан. Олон хүн эсрэгээрээ түүнийг илүүрхэнэ гэж таамгалсан байх шүү?
-Хабиб үргэлж хамгийн түрүүнд ажилладаг. Тиймээс Гэтжийг илүүрхэнэ гэж би бодоогүй. Хабибын илт илүү байдал нь Гэтжид гэнэтийн зүйл болсон байж магадгүй. Гэхдээ ийм зүйлд тамирчин бэлэн байх ёстой.
-Хабиб зодог тайлах тухай мэдэгдэл хийхэд та юу бодож байв?
-Түүнийг тулалдаанд бэлтгэхээр ниссэнээс хойш, саад болохгүйн тулд холбоо бариагүй байсан. Тиймээс карьераа дуусгах шийдвэр гаргасныг нь би мэдээгүй. Гэхдээ энэ нь зөв шийдвэр гэж би бодож байна. Тамирчин хүн цаг нь болсон бол их спортоос явах хэмжээний сэтгэлзүйтэй байх хэрэгтэй.
-Та хоёр яаж танилцаж, найзууд болсон бэ?
-Бид Дагестанаас гаралтай, нэг нутгийн хүмүүс. Өмнө нь бие биенээ мэддэг байсан ч харьцангуй саяхан буюу хэдэн жилийн өмнө Самара хотод болсон тэмцээний үеэр танилцсан. Хабибаас ч өмнө би түүний аав Абдулманаптай танилцсан юм. Тэр надад үргэлж зөвлөгөө өгдөг. Зөвхөн спорт төдийгүй амьдралд ч. Гэхдээ би Абдулманаптай бэлтгэл хийж байгаагүй. Хожим намайг олимпийн аварга болоход ирээдүйтэй тамирчин байна гэж олж харсан гэсэн.
-Олимпийн аварга болсон үеэ дурсаач. Та Монголын Н.Түвшинбаярыг ялсан шүү дээ?
-Шийдвэрлэх мэхийг автоматаар хийсэн. Би 11 настайдаа жүдо бөхөөр хичээллэж эхлэхдээ анх сурсан, хамгийн дуртай шидэлт юм. Өвдөгнөөс мөрөн дээгүүр шиднэ. Манай дасгалжуулагч Николай Федорович Петров "Шөнө та нарыг сэрээхэд ч, нүдээ аниатай энэ мэхийг хийж чаддаг байх ёстой” гэдэг байлаа. Миний карьерийн туршид энэ мэх намайг дагасан.
-Миний мэдэхээр зөвхөн жүдо гэлтгүй бөхийн үндсэн мэх. Аваргын төлөөх барилдаанд туршлагатай Н.Түвшинбаяр яаж үүнд хууртав аа?
-Бүгд л намайг ингэж шиддэгийг мэднэ. Гэхдээ бид зөвхөн шидэхээс гадна зорилгоо далдлах, техникээ нуухыг сурдаг. Энэ бол жүдогийн мөн чанар, өрсөлдөгчөө ялах явдал юм. Түүний анхаарлыг сарниулж, бүх тулааны турш түүний чамаас хүлээж байгаа шидэлтийг хийх. Жүдо гэдэг нь уян хатан арга гэсэн үг. Жишээ нь хэрэв модонд их хэмжээний цас тогтвол зузаан мөчир нь хугарч, уян хатан нь нугарч, цасыг өөрөөсөө унагадаг. Энэ бол жүдо бөхийн зарчим.
-В.Путин танд баяр хүргэж байсан. Үүнээс өөрөөр ерөнхийлөгчтэй уулзаж байсан уу?
-Ганцхан надад ч биш бүгдэд нь баяр хүргэсэн. Тэр жүдо бөхтэй ойр гэдгийг та мэднэ. Спортын мастер, Ленинградын аварга байсан. Ерөнхийлөгч зав багатай учир бид албан ёсны арга хэмжээн дээр л уулздаг байсан. Мөн заримдаа жүдогийн бэлтгэлд оролцдог нь багийнханд их урам өгдөг. В.Путин тулалдах биш, арга барилаа алдахгүй гэж дадлага хийдэг юм. Бид өөр өөр жинтэй ч бнлтгнлийн үед барилдах тохиолдол байдаг. Сэтгүүлчид биднээс ерөнхийлөгчид бууж өгдөг үү гэж асуух дуртай. Гэхдээ бэлтгэл дээр ямар ч тулаан байхгүй, бид мэх л хийдэг.
-Риогийн олимпод та эхний барилдаандаа Азербайжанд ялагдсан. Тэнд юу болсон бэ?
-Дүгнэлт хийвэл би Лондонгийн олимпийн өмнө илүү бэлтгэл хийсэн. Лондонгийн дараа Олимпийн аварга болсноос хойш бэлтгэлдээ анхаарал бага хандуулсан. Тэгээд ч урам зориггүй байсан. Энэ нь миний буруу. Мөн тухайн үед бэртэл гэмтэл их байлаа.
-Та Риогийн олимпийн дараа карьераа дуусгасан. Ингэж асууж байгаад уучлаарай. Гэхдээ та бууж өгсөн юм уу?
-Бууж өгсөн гэх нь буруу байх. Риогийн наадам болохоос сарын өмнө цээжний булчингаа тасалсан нь одоо хүртэл намайг зовоож байна. Гэмтлүүд хуримтлагдаж, шигшээ багийн дасгалжуулагч Эцио Гамбатай ярилцаад зодог тайлахаар шийдсэн. Тамирчны зорилго бол олимп юм. Би зорилгодоо хүрсэн. Миний араас олон залуус гарч ирнэ. Тамирчны хувьд тэдэнд боломж олгох ёстой.
-Та 11 настайдаа чөлөөт бөхөөс жүдо бөхийн спортод ирсэн. Яагаад тулаанаа өөрчилсөн бэ?
-Долоон настайгаасаа Дагестанд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Тухайн үед бид Самара руу нүүсэн. Аав тэнд ажилд орсон юм. Гэтэл гэрийн хажууд жүдогийн секц байсан. Тэнд ЗХУ, ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Петров Николай Федорович ажиллаж байсан юм. Тэрбээр олон дэлхийн аваргыг бэлтгэсэн хүн. Аав маань энэ талаар мэдээд намайг дагуулж очсон.
-Зодог тайлснаасаа хойш юу хийж байна?
-Спортоос холдсонгүй. Одоо би татами дээр төлөөлж байсан Санкт-Петербург хотын "Турбостроитель" клубийн хөгжлийн захирлаар ажиллаж байна. Энэ бол Владимир Путины бэлтгэл хийж байсан домогт клуб юм. Бидэнд Оросын олимпийн шигшээ багт нэр дэвших ирээдүйтэй залуус бий. Юуны өмнө энэ бол Хасан Халмурзаев юм. Тэрбээр хоёр дахь олимпод оролцохоор шалгараад байна. Мөн Анастасия Конкина, Антон Кривобоков нарыг дурьдаж болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 12 (6744)