Ч.ГАНТУЛГА

 

Энэ удаагийн дугаарын зочноор “Тоонот” пикчерсийн үүсгэн байгуулагч, жүжигчин Б.Батбаатарыг урилаа. Тэрбээр өнөөдөр Солонгосын уран бүтээлчидтэй хамтарсан “Сүүдрээр гэтэгч” киногоо нээж байгаа юм. 

 

-Уран бүтээлчид ихэвчлэн нэг төрлийг барьж кино хийдэг. Харин таны хувьд “Адал явдал”, “Триллер”, “Фантастик” гэсэн гурван төрлийг хослууллаа. Бас л зоригтой алхам санагдаж байна?

-Би өөрөө адал явдалт төрлийн кинонд дуртай. Уран бүтээлчийн хувьд энэ төрлийн кинонд тоглож, найруулагчаар ажиллаж байсан туршлага бий. Тиймээс надад хол, хэцүү төрөл санагдаагүй. Ер нь адал явдалт кино ритм ихтэй, зөрчил өндөр байдаг. Энэ хирээр үзэгчдийн сонирхлыг татдаг ч байж болох юм.

-Монголын кино зах зээлийг гадныхан их сонирхох болжээ. Таны хувьд бас Солонгосчуудтай хамтарсан байна?

-Бараг л Монголдоо анх удаа гаднаас ийм олон хүний бүрэлдэхүүнтэй баг ирж зураг авалтад орж байгаа тохиолдол нь манай “Сүүдрээр гэтэгч” кино байх шүү. 10 гаруй жүжигчин Монголд зураг авалтад орсон. Өмнө нь уран бүтээлчид ирж байсан ч нэг жүжигчин юмуу нэг найруулагч л ирдэг байлаа. Манай кинонд Са вэй, И Соль Гү, Ён Дун Хунг, Мин Жү Хүг, Жан Уг зэрэг мундаг жүжигчид тоглосон. Эдгээр хүмүүстээ баярласнаа илэрхийлье.

-Эдгээр уран бүтээлчид өнөөдөр киноныхоо нээлтэд ирж оролцох уу?

-Уг нь төлөвлөгөө ёсоор ирж оролцоно гээд онгоцны тийзээ захиалчихсан байсан. Даанч омикрон вирусийн давалгаанаас болоод энэ удаад ирж чадахааргүй болчихлоо. Уран бүтээлчид маань бүгд цахимаар бидэнтэй холбогдож, баярын сэтгэгдлээ хуваалцсан.

-Солонгос уран бүтээлчидтэй ажиллахын давуу тал нь юу байв?

-Солонгосын кино урлагийн зах зээл өрсөлдөөн ихтэй. Тиймээс уран бүлтээлчид нь их шинийг санаачилдаг, өөрсдийн хувийн бэлтгэлийг өндөр түвшинд хангадаг, хөдөлмөрч хүмүүс байдаг юм байна. Тоглолт, ур чадвар, сэтгэлгээний хувьд задгай, өвөрмөц санагдсан. Мөн өөрт оногдсон дүрийг яаж сайн гаргах вэ гэдэг тал дээр бүх боломж бололцоогоо ашиглаж чаддаг нь үнэхээр таалагдсан.

-Кино зураг авалт нэлээд эрт эхэлсэн гэж сонссон?

-Зураг авалтаа бид гурван жилийн өмнө эхлүүлсэн. Даанч цар тахлын нөхцөл байдлаас гадна график, дууны ажлуудаа чанарын өндөр түвшинд хийхийн тулд нэлээд хугацааг зарцууллаа. Мөн киноныхоо зарим хэсгийг Солонгост авсан.   

-Таны хувьд анх ямар шугамаар Солонгос уран бүтээлчидтэй холбогдсон юм бэ?

-Солонгосын уран бүтээлчид надад анх санал тавьсан. Тэд чинь судалгаа ихтэй байдаг юм билээ. Таны тухай сонссон, хамтарч ажиллая гэхэд нь том боломж гэж бодоод дуртай зөвшөөрсөн. Гадны уран бүтээлчдээс туршлага судлах, өөрсдийн ур чадварыг харуулах сайхан боломж бүрдсэн.

-Таны “Цасан хүн” кино бас нээлтээ хийгээд удаагүй байна. Үзэхэд хүний дотоод сэтгэл рүү өнгийсөн, ухсан юм шиг мэдрэмж төрүүлсэн?

-Энэ бүтээл яг хөл хорионы үед  бүтсэн кино. Киногоор эрчүүдийн дотоод сэтгэлийг илэрхийлэхийг хүссэн. Манай эрчүүд юу ч болоогүй юм шиг яваад байдаг ч нэг мэдэхэд сэтгэл гутрал, хямрал, амиа хорлолт гэсэн олон асуудалд өртчихдөг. Ялангуяа гэр бүл салалтын цаана эрчүүд л байгаа юм биш үү. Эр хүн сэтгэлийн доголдол, ганцаардал, бухимдал ихтэй байхаар энэ нийгэм эвдрэхээс яахав.

-Таныг үргэлж жүжигчний хувьд л үнэлдэг байлаа. Харин найруулагчийн замналаа чанартай уран бүтээлээр эхлүүлж байгаад тань баярлах хүн олон байгаа байх?

-Би СУИС-ийг Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Лхасүрэн багшийнхаа удирдлага дор найруулагч, жүжигчин гэсэн хос мэргэжлээр төгссөн. Монголчууд Шагдар дүрээр нь сайн мэднэ. Сургуулиа төгсөөд жүжигчнээр ажиллахын зэрэгцээ 17 жил багшилсан байна. Одоо өөрийгөө найруулагчаар ажиллах цаг нь болсон гэж үзэж байгаа. Учир нь туршлага, насны хувьд энэ үе ирсэн. Дотоод хүн минь ч найруулагчаар ажиллах илүү сонирхолтой байна. Мэдээж жүжигчин, найруулагч хоёр асар том ялгаатай. Би жүжиглэхдээ зөвхөн тухайн дүрийнхээ тухай л бодож, өөрийгөө чилээдэг. Харин найруулагч бол тухайн киноны хувь заяаг нуруундаа үүрч яваа хүн. Тухайн кино багийг ахлахаас гадна өөрийн эмзэглэлээ уран бүтээлдээ шингээж, түүгээрээ хашгирдаг, нийгэмд нэгийг бодогдуулах үүрэгтэй.

-Таны багш “Гарын таван хуруу” кинонд эсрэг дүрийг тамгалчихсан хүн шүү дээ. Шавийнх нь хувьд ч ихэвчлэн эсрэг дүрд тоглосон байх шүү?

-Миний эерэг дүр дээр ажилласан нэг уран бүтээл нь “Нар гарнаа аз жаргал минь” кино. Ер нь өөр эерэг дүр санаанд буухгүй байна. Ихэвчлэн найруулагч надад эсрэг дүр санал болгодог. Гэхдээ би эсрэг дүр дээр ажиллах дуртай шүү.

-Хийх юм ихтэй, амттай байдаг байх даа?

-Амттайгаас гадна их шатаж ажилладаг. Уг хүн минь оргилсон, буцламтгай учир эсрэг дүр илүү дөхөм байдаг юм болов уу. Надад даруухан, дурлалт залуугийн дүр зохигүй байх гэж бодогддог юм. Харин амьдрал дунд тэмцэж байгаа, тэр тэмцлээсээ болоод эвдэрчихсэн хүн ч юм уу. Нэг талаараа эдгээр дүр эсрэг юм шиг харагдавч нөгөө талаас нь бодоод үзэхээр нийгмийн сүүдрийг л илэрхийлдэг.

-Та нэг ярилцлагадаа миний гадаад төрхийг хараад найруулагч эсрэг дүр санал болгодог байж болох юм гэж хэлсэн байдаг. Ер нь дүр сонгоход гадаад байдал тийм чухал юм уу?

-Янз бүрийн шалтгаан бий. Найруулагч хэрхэн харснаас л хамаарах байх. Тухайн жүжигчний өгөгдлийг хараад хэрхэн эвдэж, өөрчлөх вэ гээд олон ажиллагаа бий. Харин театрын найруулагчид жүжигчинтэй яг тулж ажилладаг. Жүжигчин хүнд хамгийн ундарга, өгөөж ихтэй хүн нь театрын найруулагч байдаг. Кино бол асар хурдтай, зохион байгуулалт дунд зураг авалт өрнөдөг. Миний хувьд жүжигчнээ сонгохдоо тэр жүжигчний хэний ч нээгээгүй өөр чадварыг нь гаргах юмсан гэж хичээдэг. Урьд нь ажиллаж байсан дүрүүдээс нь тэс өөрөөр харуулахыг зорьдог доо.

-Та театрт жүжиг тавихыг хүсдэг үү?

-Мөрөөдөл байлгүй яахав. Ялангуяа хүүхдэд зориулсан жүжиг тавихсан гэж хүсдэг. Хүүхэд бол гайхашигт ертөнц. Би юу ч хийсэн миний уран бүтээлд шууд автаж, амталж чадах гэгээхэн ертөнц шүү дээ. Урлагаар дамжуулаад хүүхдийн гоо зүй, хүмүүжилд хувь нэмрээ оруулахсан гэсэн нууцхан хүсэл бий. Тиймээс “Тоонот” пикчерсийн уран бүтээлчид маань тайзны, тэр дундаа хүүхдэд зоруиулсан бүтээл хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. 

-Зарим найруулагч бусад найруулагчийнхаа киног үздэггүй гэх хүмүүстэй таарч байсан. Харин таны хувьд шинэ, нээлтээ хийсэн бүтээлүүдийг хэр зорьж үзэж байна?

-Би гадны нээлтээ хийсэн болон бусад уран бүтээлчдийнхээ бүтээлийг аль болох үзэхийг хүсдэг. Учир нь энэ бүтээл ямар утга агуулгатай болоод залуус шуураад байна вэ. Би дараа нь ямар уран бүтээл хийх ёстой вэ гэсэн эрэл хайгуул хийдэг л дээ. Киног үзээд сайхан мэдрэмж авна. Заримдаа үзсэндээ гутарна, бүр уран бүтээл хийх шар гозойгоод гарч ирэх ч үе тохиолдоно. Өнөөдөр авьяаслаг, залуу найруулагч олон байна. Улам их болоосой гэж би хүсдэг. Тэд бүтээл хийж, хоорондоо өрсөлдөж байж л энэ салбар илүү хөгжинө гэж боддог.       

-Дараагийн уран бүтээлийн тов гарсан уу?

-Бид “Цасан хүн”, “Сүүдрээр гэтэгч” киноныхоо дараа мөн Солонгосын уран бүтээлчидтэй хамтарсан “Зургаан шулам” гээд киногоо нээхээр бэлдэж байна. Гурван жилийн өмнө зураг авалтаа хийсэн. Одоогоор графикийн ажил хийгдэж байна. Энэ бүтээл маань зомбитой, 100 хувь Монголд зураг авалт хийснээрээ онцлог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 10 (6742)