Ч.ҮЛ-ОЛДОХ

Уртын дуучин төрмөл байдаг, дуучин болох  өгөгдөл нь төрсөн газар, нутаг устай холбоотой байдаг гэж монголчууд ярьдаг. Бид энэ удаагийн дугаартаа  Улаанбаатарын унаган охин, Үндэсний урлагийн их театрын  дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргалыг урилаа. Тэрбээр СУИС-д анх орохдоо л ардын дуучин болно гэсэн зорилго тавьсан ч дуурийн ангид хуваарилагдан нэг жил суралцаад Ц.Дэлгэр багшийн удирдлагад  таван жил сурч уртын дуучин мэргэжлээр төгсч, Үндэсний урлагийн их театрын тайзнаа 20 жил дуулж  байгаа юм. 

 

-Дөнгөж дуучин болж байхдаа “Ардын аялгуу, ардын манер, айзам нугалааг зөв хадгалж явбал дараа дараагийн уран бүтээлчдэд хэрэгтэй” гэж ярьж байжээ. Түүнээс хойш 20 жил өнгөрсөн байна. Түүнийгээ өөрөө хэр хэрэгжүүлж ирэв?

-Дуучин хүн дуулж буй  дууныхаа  аялгуу, айзам,  нугалааг зөв хийж байж тухайн дуугаа хүмүүст хүргээд зогсохгүй, тэр дуу хойч үед зөв ая дангаар дуулагдаж үлдэнэ. Мөн болж өгвөл дуугаа эвдэхгүй энэ тэнд гоё болгож дуулах гээд дур мэдэж илүү их юм хийж дуулбал тухайн дууны анхны ая дан, хэв маяг алдагдах тал байх.Тэгэхдээ дуучин хүн дуугаа амилуулж өөрийн болгож дуулахдаа өөрийнхөө сайхан зохисон чимэг нугалааг хийж дуулах нь зүйн хэрэг. Миний хувьд  дууг  сурахдаа дээд үеийн дуучдаас суралцаж ирсэн. Очоод аялгууг нь асууна, одоо ч тийм. Дуучин Д.Надмид эгчээс, судлаач А.Алимаагаас асууж, алдарт дуучин Ж.Дорждагва  гуайн бичлэгийг сонсч байж “Энэ дуучин ийм  аялгуугаар дуулжээ. Тэр дуучин тийм ая дангаар дуулжээ” гэж тодруулж, тэгээд би энэ аялгуугаар нь сурвал зүгээр юм байна гэж зүг чигээ гаргахыг  хичээдэг.

-Сурсан, судалж мэдсэн, өөрийн болгосноо уран бүтээлдээ шингээсэн байх. Өөрийн чинь урын санг сонирхвол ямар бүтээлүүд байна?

-“Энх мэндийн аялгуу” нэртэй бие даасан гурав дахь тоглолтоо  үзэгчдэд хүргэсэн. Аливаа хүн нас ахиж  ухаажих тусмаа илүү сайн үйлийг хийхийг хичээж шамддаг гэдэг шиг уран бүтээлчид ч гэсэн олон жил  дуулах тусмаа бүтээлээ улам чанаржуулахыг хичээж, төрөл зүйлийг нь олон болгож баяжуулахад шамддаг. Одоогоос арван жилийн өмнө бол хоолойны бяраар дуулдаг байсан бол одоо бяр дээр урыг эрхэмлэж, дууныхаа үг, утгыг  гүнзгий судалж дуулахыг хичээдэг болсон. Хамгийн сүүлд “Энх мэндийн аялгуу” кино концертоо бичүүлсэн. Энэ концертод хуучны мартагдсан  дуунаас ганц хоёрыг сэргээж  дуулсан. “Өдтэй бичиг”-ийг  хуучны ая дангаар нь буюу  анх дуулсан Ж.Дорждагва  гуайн аялгуугаар дуулж бичүүлсэн.

-Олон жилийн өмнө өөртэй чинь ярилцахад залуу дуучнаас гарамгүй нэг үг хэлсэн нь “Нутаг нутгийн дууг дуулж сурах нь чухал юм байна” гэж байсан. Түүндээ хүрч чадсан уу?

-СУИС-ийг төгсөхөд нэг жилд  7-8 дуу сурдаг, багш нар тэгж шахдаг байлаа. Миний хувьд нэг жил дуурийн ангид сурч, таван  жил нь уртын дууны ангид сурч төгсч байлаа. Намайг ордог жил сургууль маань зургаан жилийн сургалттай болж бид зургаан жилээр төгссөн анхны төгсөгч нь болсон юм. Төгссөнийхөө дараа сургууьдаа  магистрт сурснаар нийтдээ найман жил СУИС-д  сурч төгссөн. Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга /хуучин нэрээр/-д ороод урын сангаа баяжуулсан. Мартагдсан дууг гаргаж ирэх, сэргээн дуулахад анхаарсан. Мөн тэр л үеэс ард түмний дотор нийтлэг дуулагддаг дуунуудыг бүгдийг сурах хэрэгтэй юм байна гэж бодох болсон.  Оюутан байхад “Жаахан шарга”, “Энх мэндийн баяр” дууг заалгасан ч тэр дуунуудаар шалгалт өгөлгүй төгссөн юм.  Сүүлд чуулгад ороод судалж сурсан. Сүхбаатар аймагт нутгийнх нь дуу “Жаахан шарга”-ыг дуулахад халуун дотно хүлээж авч байсан. Тэндээс  нутаг нутгийн дууг дуулж сурах нь хэрэгтэй юм байна даа гэсэн ойлголт авч, түүнийгээ ярьж байж. Уртын дууны хувьд нутаг, нутгийн аялгуугаар дуулагддаг дуунуудыг сурч, түүнийгээ олны хүртээл болгоё гэж боддог юм. Үндэсний урлагийн их театр маань жил болгон уран бүтээлчдээсээ шалгалт авдаг. Тэр шалгалтад 1-2 дуу шинээр сурч шалгуулахаас гадна  өөрийн урын санг баяжуулах зорилго тавьж хэрэндээ хичээж ирлээ. Ер нь бол жилдээ 1-2 ардын болон уртын дуу шинээр сэргээн дуулж урын сангаа баяжуулж байна.

-Уртын дуу дотроо төв халх, баруун нутгийн, зүүн нутгийн аялгуу, боржигон гээд аялгуутай. Алинаар нь дуулж байна?

-Боржигон дууны аялгуу ганган, дуучнаас ихээхэн ур шаарддаг. Төв халхын аялгуу том цар хүрээтэй, дуучнаас дуулах ур чадвар, арга техник, хоолойн бяр шалгадаг.  Ерөнхийдөө миний хувьд төв халх  аялгуугаа  барьж дуулдаг. Гэхдээ заавал төв халх гэлгүй олон дуу сурахыг хичээдэг. Сая шалгалтанд дархадын  мартагдсан уртын дууг сэргээж  дууллаа.

-Дуучид урын сандаа төчнөөн дуутай гээд тоо хэлж байдаг. Таных хэр арвин болсон бэ?

-Тоолсонгүй, төд өд гэж ч  хэлэмгүй. Ямартай ч өнөөдрийг хүртэл мэргэжлийн урлагийн театрт дуучнаар ажиллаад 20 жил болжээ. Тэгэхээр 20 жил дуулсан дуучинд цөөнгүй бүтээл байлгүй яах вэ.

-Дуучид удмаа дагадаг  юм билээ. Танайд урлагийн хүн байв уу?

-Аав маань Төв аймгийн Баяндэлгэр сумын, ээж Завхан аймгийн Идэр сумын уугуул. Монголчууд “Наадамд гурван даваатай, найранд гурван дугараатай” гэлцдэг. Миний аав,  ээж сайхан дуулдаг. Тэгэхээр манайд удмын жаахан юм байсан байх. Харин мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж яваа нь би.

-Уламжлал, шинэчлэлийг хослуулахын тулд  уран бүтээлчид байнгын  эрэлхийлж байдаг. Хөгжмийн хувьд багагүй шинэчлэл хийж байна. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байна?

-Хөгжмийн шинэчлэлийн тухайд асууж байгаа бол аливаа зүйл цаг хугацаа, тухайн орчиндоо тааруулж өөрчлөлт, шинэчлэлт хийдэг. Ингэхдээ тухайн цаг үеийн манер, хэв маягийг  эвдэлгүй дээр нь нэмж  баяжуулсан бүтээлүүд гаргаж байна. Хуучны мартагдсан бүтээлүүдийг сэргээж байгаа  авьяаслаг уран бүтээлчид олон бий. Гол нь бүтээлийн уг чанарыг алдагдуулахгүй авч явбал сайн юм байна  гэж боддог.

-Ардын болон уртын дууны тухайд дуучид өөрсдөө судалгаагаа  давхар хийдэг болсон нь ажиглагдаж байна. Энэ чиглэлээр хэр ажиллаж байна?

-Хамтарсан  судалгааны багт орж ажилласангүй. СУИС-ийн багш, судлаач Юндэнбат, уртын дуучин, судлаач М.Дорждагва нартай хамтран судалгааны баг, экспедицээр явдаг уран бүтээлчид бий. Тэдэнтэй хамтраад явж чадахгүй ч гэсэн ганц нэг дууг  түүх домгоос нь  эхлэн судалж, сурч өөрийн урын санд оруулж байна. Оюутан байхад судалгаа талаас анхааралгүй багшийн зааснаар сурч дуулж байсан бол ажлын талбарт гараад дуугаа судалж, миний өмнө  хэн гэдэг  дуучид ямар ая дангаар дуулж байж вэ, үгийн хувьд гурван бадагтай гэдэг бол судлаад ирэхээр хэчнээн хувилбар, хэдэн бадаг гарч ирж байна вэ гэдгийг харьцуулж хардаг болсон.

-Уртын дуу хөгжлийнхөө оргил үед ирсэн гэлцэх нэгэн байхад үгүйсгэх нь ч байна. Өнөөдөр тулгарч байгаа бэрхшээл гэвэл  юу хэлэх бол?

-Энэ талаарх ончтой хариултыг судлаачид л  хэлэх байх. Ж.Дорждагва гуай уртын дуу үүнээс цааш хөгжих боломжгүй байх гэсэн утгатай зүйл хэлсэн байдаг. Дээд үеийн алдартай дуучид дуулж  өндөр түвшинд нь хүргэж ирсэн. Тэгэхээр уртын дууны  одоо байгаагаас дээш нугалаа хийх ч юм уу ийм ойлголт байхгүй болов уу. Харин  дуучид сайн дуулаасай, энэ сайхан  өв соёлоо мартагдуулахгүй  авч яваасай гэж боддог. Өнөөдөр уртын дуугаа дуулж байгаа мэргэжлийн дуучид ч, ардын авьяастнууд, ер нь  дуулдаг хүн олон болжээ. Миний үеийнхэн л гэхэд СУИС-ийг төгсөөд 20 жил дууллаа. Одоо сургууль төгсч байгаа хүүхдүүд 20 жил дууллаа гэхэд өөрийгөө хөгжүүлэх түвшин нь  өндөр байгаасай. Уртын дууныхаа ая данг зөв дуулж  хойч үедээ үлдээгээсэй гэж бодож явдаг.

-Монголчууд уртын дуугаа сурах идэвх сэргэж, наадам, найр хуриманд түлхүү дуулах болсон. Энэ нэг талаар дэвшил. Нөгөө талаар монгол хүн бүрийн  дуулж сурах дуу гэвэл ямар дуунуудыг нэрлэх бол?

-Хуучныг бодвол СУИС-ийн багш, бөх тайлбарлагч Батболд санаачлан мэргэжлийн сургууль төгсөөгүй ч уртын дуу дуулах дуртай, сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг өөр дээрээ авч хичээллүүлснээр уртын дуугаа сайхан дуулдаг нэгэн үе бий болж  төлөвшиж байна. Мэргэжлийн дуучдаас дутахгүй сайхан дуулж байгаа хүн ч тэдний дотор олон бий. Тэд янз бүрийн дууг судалж, сурч, өөрийн болгон дуулж байгаа. Тэгэхээр ийм, тийм  дууг  юуны өмнө сурах ёстой гэж нэр заах нь учир дутагдалтай. Миний дуулах дуртай дууг тэр хүн таалахгүй ч байж болно шүү дээ. Харин монгол хүн өөрийн мэддэг, дуулж сурснаар найранд гурван дуутай байгаасай. Уртын дуугаа том, жижиг гэлтгүй сураасай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (6736)