С.САРУУЛ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал  “Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарт нийт 18664 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын улмаас учрах хүндрэл бэрхшээлийг хөнгөвчлөх, иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс нийслэлийн зүгээс 17 чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Хариуцлагын гэрээ байгуулан ажилласан. Гэрээний дагуу үе шаттайгаар үйл ажиллагааг нь нээгээд явсан.

Нийтлэг үйлчилгээний журмыг шинэчлэн боловсруулж байна.  Уг журмыг гурван удаа шинэчилсэн бөгөөд хамгийн сүүлд 2016 онд өөрчлөлт оруулсан байдаг. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Нийтлэг үйлчилгээний журмыг нийслэл өөрөө баталж, дагаж мөрдөх боломж бүрдсэн. Журмын шинэчлэлийг ирэх оны эхэнд НИТХ-д өргөн барьж батлуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Шинэчлэн боловсруулж буй Нийтлэг үйлчилгээний журамд хэд хэдэн шинэлэг зүйлсийг тусгаж байгаа. Ая тухтай дэлгүүр гэсэн шинэ төрөл, шинэ нэр томьёог журамд оруулсан. Урьд нь энэ чиглэлийн үйлчилгээ манайд нэвтрээгүй байсан бол шинээр бий болсон CU, GS-25 зэрэг сүлжээ дэлгүүрийн үйлчилгээг ая тухтай дэлгүүрт багтааж байгаа. Мөн томоохон зах, худалдааны төв, түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн зохицуулалтыг оруулж байна.  Иргэд нийтлэг үйлчилгээний журмын төсөлтэй танилцаад, саналаа өгөх боломжтой” гэнэ.

Эх сурвалж: www.polit.mn