Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ахуйн үйлчилгээний салбарт 50 дахь жилдээ ажиллаж байгаа Готовын Жавзмаад төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртээв. Түүний шагналыг ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан гардууллаа.  

Гэрэл зурагчин Г.Жавзмаа салбартаа 1975 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд хар цагаан халсны гэрэл зургаас эхлээд өнөөгийн дижитал камер хүртэл хөгжлийн амьд гэрч болж яваа нэгэн юм. Тэрбээр 50 жилийн өмнө Aхуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургуулийг гэрэл зурагчнаар, тухайн үеийн ЗХУ-ын Куйбышев хотноо мэргэжил дээшлүүлэх курст суралцан төгссөн байна. Үүний зэрэгцээ улсын гэрэл зургийн дөрөвдүгээр салбар болон III хорооллын ах ахуйн үйлчилгээний төвд гэрэл зурагчнаар ажиллаж байжээ.

Шагнал гардуулах үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан ахуйн үйлчилгээний салбарт олон жил үнэнчээр хөдөлмөрлөж байгаа Г.Жавзмаа болон түүний гэр бүл, үр хүүхдэд эрүүл энх сайн сайхныг хүсэж баяр хүргэлээ гэж ХХААХҮЯ-ны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.