Ч.ҮЛ-ОЛДОХ
Монгол орны баруун хязгаараас 1960-аад онд бага ангийн сурагч “Пионерийн үнэн” сонинд “Намар” хэмээх анхны шүлгээ хэвлүүлснээс хойш Монголын утга зохиол, сэтгүүлзүйд зүрх сэтгэлээ зориулж яваа зохиолч, сэтгүүлч бол Соёлын гавьяат зүтгэлтэн Тугалхүүгийн Баасансүрэн хэмээх бидний сайн мэдэх юм шиг хэрнээ мэдэхгүй эрхэм билээ. Тэрбээр долдугаар ангийн сурагч байхдаа 1965 онд “Анхны пионерийн бүрээн дуу” уран нийтлэлийн номоо хэвлүүлснээс хойш олон өгүүллэг, уянгын тууж бичиж, сэтгүүлзүйн бүх төрөл, жанраар туурвиж, судалгаа шинжилгээний даацтай бүтээлүүд гаргасан хос морьтой уран бүтээлч юм. Түүний зэрэгцээ таван улсыг хариуцсан Элчин сайдаар ажиллахдаа “Их өр”-ийн нэг хэсэг болох "Бага өр"-ийг тэглэхэд хувь нэмрээ оруулсан дипломатч, МОНЦАМЭ-гийн дэд захирлаас захирал, зөвлөх хүртэл бараг 20 шахам жил ажиллаж, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, TV-9 телевизийн захирал байгаад өдгөө уран сайхны зөвлөлийг хариуцаж байгаа гээд амьдралын арвин намтартай түүнийг “Амьдралын тойрог” буландаа урилаа.
Миний өмнө Т.Баасансүрэн гуайн өөрийнх нь дурсамж, нийтлэлийн “Наран,саран, дэлхий” ном, мөн түүний уран бүтээл, эрдэм судлалын ажлын тойм судалгааг багтаасан “Зохиолч, сэтгүүлч, судлаач Тугалхүүгийн Баасансүрэн” гэсэн товхимол байна. “Таныг ярилцлагад урьж байна” гэхэд минь “Сэтгүүлч та нар намайг мэднэ, уншигчид танина, яах юм бэ” хэмээн цааргалангуй байсан юм. Шалсаар байгаад зөвшөөрүүлэхэд “Энэ хоёр ном миний тухай ярьж өгнө дөө, асуух юм гарвал лавлаарай” гэсэн билээ. Ажил ихтэй сууж байгааг нь нүдээр харсан тул өөр яах ч билээ. Гэхдээ өөрөөс нь шууд ярилцлага авах, дурсамж номыг нь уншаад эргэж тодруулах хоёр өөр, бас ч сонирхолтой аж.
Ард Аюушийн удам

Тэрбээр хуучнаар Засагт хан аймгийн Маньбазар гүн /Дайчин бэйлийн/ -ий хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг сумын уугуул. Хоёр жилийн дараа 100 жилийн ой нь тохиох Цэцэг сум бол Монголын анхны сум бөгөөд Ард Аюушийн хөдөлгөөн өрнөж байсан түүхт нутаг. Т.Баасансүрэн гуайн өвөө /ээжийнх нь аавын аав/ тухайн үед Маньбазар гүний хошуу туслах / одоогийнхоор бол Засаг даргын Тамгын газрын орлогч байж/ тайж удмын хүмүүс байсан бөгөөд Ард Аюушийн заргын бичгийг хийж, хөдөлгөөнийг удирдаж байжээ. Хожим ардын тэмцэл гэж үзэх болсон ч тухайн үеийн хөдөлгөөн бол ноёд, тайж, лам, эр эм бүгд орж харийн мөлжигчдийн эсрэг тэмцсэн түүхтэй. Аймаг сумдыг шинэчлэн зохион байгуулахад Цэцэг сумаас гурван багийг шинэ байгуулсан Мөст /эхэн үедээ Мөнххайрхан гэж байсан/ суманд шилжүүлснээр нийтлэлийн зочин маань Цэцэг, Мөст сумаар овоглосон “хоёр нутагтан” болжээ. Түүнийг жаахан байхад аав нь өөд болсон тул үүх түүхийг нь сайн мэдэхгүй. Гэхдээ бичиг үсэг сайтай, нэгдлийн дарга, сумын агентаар ажиллаж, мал маллаж явсан хүн юм. Харин ээжийн талд нь Ард Аюушаас өгсүүлэн түүхт хүмүүсээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд агсан П.Жасрай нарын эрдэм боловсролтой хүн цөөнгүй байсан аж. Нийтлэлийн зочин маань эцэг, эхээс 12-уул, зургаа нь багадаа өөд болсон. Үлдсэн зургаагаас том эгч нь аймгийн төвд ажилд орж, улмаар хот руу шилжин дүү нараа татаж авч сургууль соёлын мөр хөөлгөснөөр малчин болох хувь тавиланг нь өөрчилжээ. Зургуулаа дээд боловсрол эзэмшсэнээс том ах Т.Мягмар нь Монгол Улсын гавьяат барилгачин, дараагийн ах Т.Жанлав нь Монгол Улсын төрийн шагнал хүртсэн математикч бол нийтлэлийн зочин маань Соёлын гавьяат зүтгэлтэн болж өнчин өссөн ч мэдлэг боловсролдоо эзэн болж, хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлжээ. Түүний хувьд эрдэм боловсролын замыг Төмөр замын 20 дугаар сургуулиас эхлүүлж, IV бага сургууль, арван жилийн 24 дүгээр сургуулийг дамжин Пионерийн бүлгэмийн зөвлөлийн дарга болсноор үеийнхэн дотроо сурлага хөдөлмөр, удирдах чадвараар толгой цохиж эхэлсэн гэдэг. Аравдугаар ангиа төгсөхөд тус сургуулиас хоёр сурагч алтан медальтай төгссөн бөгөөд түүний нэг, нөгөө нь түүний хань Ц.Чагнаадорж юм. Сурагч насны бэхэн цэнхэр өдрүүдэд үерхэн дассан хоёр сургуулиа төгсөөд ЗХУ-ын нийслэл Москва хотод нэг нь сэтгүүлч, нөгөө нь хэвлэлийн техникч мэргэжлээр суралцахаар хамт явж, тэнд хуримаа хийж, гуравдугаар курст байхдаа анхны хүүгээ өлгийдөж авсан байна.
Ажлын гарааг эхлүүлсэн “Үнэн” сонин
Т.Баасансүрэн 1968-1969 онд Эрхүү хотноо хэлний бэлтгэл хийж, Москвагийн их сургуулийн сэтгүүлчийн ангид таван жил сураад 1974 онд төгсчээ. Хожим аспирантур, докторантурт суралцсанаар түүний амьдралын есөн жил ОХУ-ын Москва хотод өнгөрсөн байна. Харин анхны ажлын гарааг “Үнэн” сонины утга зохиолын ажилтнаар эхлүүлжээ. Тухайн үед тус сонины эрхлэгч нь Монголын сэтгүүлзүйн өндөр хөх уулсын нэг Цэндийн Намсрай агсан байв. “Үнэн” сонин МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Засгийн газрын төв хэвлэл байсан учир дотор нь ажиллаж буй уран бүтээлчид Намын Төв хороо болоод Засгийн газрын ажилтанд тооцогдож байв. “Үнэн” сонин тухайн үед мэргэшсэн шилдэг сэтгүүлчдээс бүрдсэн редакц байсан бөгөөд Монголын хувьсгалт хэвлэлийн түүхээр дагнаж мэргэшсэн нэрт нийтлэлч, доктор Г.Дэлэг, хэл бичгийн ухааны эрдэмтэн, яруу найрагч Н.Жамбалсүрэн, утга зохиолын шүүмжлэгч С.Жамсранжав нар ид бүтээж туурвиж байлаа. Т.Баасансүрэн тэдэнтэй мөр зэрэгцэн хоёр жил ажиллаад МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Соёлын яамны сайдын албыг давхар хашиж байсан н.Сосорбарамын туслахаар ажиллах болов. Энд гурван жил ажилласны дараа дарга нь түүнийг “Нэг бол гадагшаа суралц, эсвэл Москвад “Үнэн” сонины сурвалжлагчаар ажилла” гэсэн зам зааж өгөөд өөрөө Элчин сайдаар яваад өгчээ. Иймд дараагийн дарга Г.Адьяагийн туслахаар гурван сар ажиллаад Нийгмийн ухааны факультетийг сонгон гурван жил суралцаж ирээд МАХН-ын Төв хорооны Соёлын тасгийн эрхлэгч болов. Тэндээс МОНЦАМЭ-гийн дэд захирлаар ажиллах болсон гээд он цагийн дарааллаар дурдаад байвал урт жагсаалт гарна, дурсах дурсамж, дурдах түүх, баримт ч өчнөөн юм. Түүн дотроос нэг түүхийг сонирхуулбал Намын Төв Хороонд ажиллаж байхдаа тэрбээр Ю.Цэдэнбалыг өмөөрсөн хэмээн ажлаасаа халагдаж байжээ. Юу болсон гэхээр 1984 онд Ю.Цэдэнбалыг ажлаас нь чөлөөлж, солих үед тэрбээр тасгийн эрхлэгчээр ажиллаж байв. Тухайн үед Увс аймагт зохиолчдын өдрүүд болж, Орос, Болгар зэрэг орнуудаас зохиолчид ирцгээж Увс аймгийн Давст суманд очиж, Ю.Цэдэнбалын аавын өвөлждөг Тун мэндийн өвөлжөөний хажууд отогложээ. Нутгийнхны ярьснаар тэнд 1930-1940 оны үед түүхэнд тэмдэглэгдэн үлдэхээр зуд болж, зам харгуй хаагдсан бөгөөд Ю.Цэдэнбалын аав тэнд өвөлжин нэг ч малын хорогдолгүй зудыг давсан түүхтэй. Бүхий л амьдралаа Монголын ард түмний төлөө зориулчихаад насны эцэст нутаг заагдан хөөгдөж, эх орондоо ирэх эрхгүй болсон Ю.Цэдэнбалыг өрөвдөхдөө Намын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч Чингэл гэдэг хүнд “Бал даргад Монголын ард түмэн хайртай шүү дээ. Хүндэтгэдэг. Та ч бас арга байхгүй доор нь ажилладаг байсан хүн” гээд хэлчихэж. Нөгөөх нь Намын Төв Хороонд “Тугалхүүгийн Баасансүрэн гэдэг хүн Цэдэнбал даргад хайртай дуртай гээд ярьж явна” гэж матсанаар Төв Хорооны тасгийн эрхлэгчээс халагдаж, Улсын гэрэл зургийн хороо руу томилолт өвөртөлжээ. Энэ үйл явдлаас хэдэн жилийн дараа түүнийг цагаатгаж, Сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр томилсон түүхтэй.
Амьдралын урт замд туждаа хамт яваа МОНЦАМЭ

Т.Баасансүрэн гуай өөрийгөө би улсад 47 ажил ажилласан хэмээн дурсамж номдоо тэмдэглэжээ. Үүнээс дөрвөн удаа томилолт өвөртлөн очиж, хамгийн олон жил ажилласан нь МОНЦАМЭ агентлаг бөгөөд “Миний нэр-миний гэр” хэмээн дотно сайхнаар дурсдаг юм билээ. Арга ч үгүй биз эндээс Элчин сайдаар ажиллах томилолт өвөртлөн таван улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, “Их өр” тэглэх түүхэн үйл явцын хажуугаар өөрийн хувь нэмрийг орууж явсан түүх түүнд бий. Тэр үед “Их өр”-ийн зэрэгцээ манай улс “Бага өр” бүхий улсууд байсны дотор Польш улсад 30 сая ам.долларын өртэй байсан гэдэг. Түүнийг Элчин сайдаар явахад Монголын төрийн өндөрлөгт байсан эрхмүүд, Ерөнхий сайдын зүгээс “Их өр”-ийг бид тэглэнэ, та харин Польшид төлөх “Бага өр”-ийг өрийг тэглэнэ шүү гэсэн даалгавар өгч байсан гэдэг. Энэ даалгаврыг биелүүлэхэд тэрбээр тэнд ажилласан хугацааныхаа ихэнхийг зарцуулжээ.
Түүний хувьд МОНЦАМЭ агентлагт газрын даргаар хоёр удаа, дараа нь дэд даргаар ажиллаж байсан бол 2000 онд дахин очиж ажиллах үед манай улс, Вьетнам улсын мэдээллийн агентлагуудын хооронд хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу Ханойд айлчилжээ. Тэндээс буцах үед нь Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Ч.Батжаргал утас цохиж “Таныг БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулах саналтай байна” гэжээ. Ийнхүү тэрбээр МОНЦАМЭ-гаас гадаадын улс оронд томилогдсон хоёр дахь Элчин сайд болж, Польш улс руу хөлгийн жолоог залж, 2002 оны арванхоёрдугаар сарын 15-нд Польшийн Ерөнхийлөгч Александр Квашьневскийд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаар ажлаа эхлүүлжээ. Тухайн үед БНПУ-д ажиллах Элчин сайд Балтын гурван орон, Эстони, Латви улсыг хамаардаг байсан бөгөөд нийтдээ таван улсыг хариуцсан Элчин сайдын хариуцлагатай албыг тэрбээр хашиж, хугацаат албаа дуусган эргэж ирэхэд нь МОНЦАМЭ агентлагийн даргаар ажиллах урилга угтсан гэдэг. Ийнхүү тус агентлагаас гавьяаны амралтаа авсны дараа TВ-9 телевиз түүнийг захирлаар урьж ажиллуулсан бөгөөд өдгөө тэрбээр залууст ажлаа шилжүүлэн өгөөд уран сайхны зөвлөх болсон байна. Мөн 15 жил ажилласан төрөлх байгууллага МОНЦАМЭ агентлагтаа сүүлийн дөрвөн жил захирлын зөвлөхийн албыг хашиж байгаа бөгөөд үүнийг нэмбэл нийтдээ 19 жилийг тус хамт олонтой өнгөрүүлжээ. Ирэх онд энэ ажлаа өгнө хэмээн тэрбээр дурссан.
“Монголын уран зохиолын сан хөмрөгийг баяжуулсан зохиолч”

“Т.Баасансүрэн бол уран зохиолын авьяас чадавхи, бяд чадал шалгасан туульсын зохиолын төрөл хүүрнэл зохиолд хүчээ сорьж, өгүүллэг, тууж, роман бичиж, Монголын уран зохиолын сан хөмрөгийг баяжуулсан зохиолч” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар тодорхойлсон нь бий. Тэгвэл нийтлэл роман гэх өвөрмөц жанрт багтах “Тэрбумтан” роман, түүний гол баатар Яримпил хэмээн содон дүрийн тухай Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч Бидэрийн Баярсайхан “Зохиолч цаг хугацаа, орон зайн өргөн дэвсгэр дээр хувьсан өөрчлөгдөж буй үйл явцын хөгжил хөдөлгөөн дунд Монголын уран зохиолд нэг тийм онцгой араншин, этгээд үзэл санаатай шинэ дүр бодож, боловсруулж түүнээ романыхаа үндсэн шугам, гол баатар болгож, уран сайхны хувьд туйлд нь хүртэл урлажээ” гэж дүгнэсэн байдаг. Тэрбээр уран зохиолын болон сэтгүүлзүйн судалгаа, шинжилгээний олон арван бүтээл туурвисны дотор Монголын уран зохиолыг үндэслэгч С.Буяннэмэхийн амьдрал, уран бүтээлийн талаар урд өмнө өөр хэний ч хийгээгүй иж бүрэн судалгаа хийснийг Соёлын гавьяат зүтгэлтэн, судлаач Л.Норовсүрэн, “Монголын нууц товчоо”-г өөр өнцгөөс асуудал дэвшүүлэн судалж нийтлэлийн дурсгал хэмээн тодорхойлсныг доктор М.Наранчимэг нар онцлон тэмдэглэжээ.
Он цагийн уртад олон байгууллага, газарт ажиллахад зарчимч, хариуцлагатайгаараа өөрийн удирдах хэв маяг, дэгийг бий болгосон зохиолч, сэтгүүлч, дипломат Т.Баасансүрэн гуайн тухайд “Ажлын цагаар зохиол бичиж суухыг нь нэг ч удаа харж байгаагүй. Ажлын цагийг ягштал баримталдаг хүн дээ” гэдэг үгийг хамт ажиллагсад, уран бүтээлчдээс сонсч байлаа. Уншигчдад үнэлэгдсэн олон зохиол бүтээл туурвисны дотор тэрбээр “Монетан бөгж”, "Дэнгийн цагаан эрвээхэй”, “Тал” зэрэг 100 гаруй өгүүллэг, “Алтай”, “Нүдэн булаг”, “Өвгөн цохио” зэрэг уянгын арав гаруй тууж, “Уулс, үүлс туульс”, “Тэрбумтан” роман /хоёр боть/ бичжээ. Тууж, өгүүллэгүүд нь “Монголын уран зохиолын дээжис-108 боть”-ийн 71, 82 дахь ботид тус тус хэвлэгдэж, 1996 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 2000 онд Д.Нацагдоржийн нэрэмжит утга зохиолын шагнал, 2005 онд Донровын Намдагийн нэрэмжит шагналыг тус тус хүртжээ. Зохиол, бүтээлээрээ Монголын ард түмний оюуныг цэнгүүлэгч эрхэм зохиолчийн “Амьдралын тойрог”-оор цухас аялахад ийм байна. Уран бүтээл нь улам оргилж байг гэсэн ерөөлийг уншигчдынхаа хамтаар өргөн дэвшүүлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.20 ДАВАА № 248, 249 (6725, 6726)