Ч.ЗОТОЛ

Нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа   Гал унтраах ангийн алба хаагч тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 3-нд  гарсан. Талийгаачийн  эхнэр  хэмээн Ж.Одгэрэл  гэх бүсгүй   цагдаагийн газрын гадна  өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж байв.  Тэрбээр “Миний нөхөр Улиастайн уулзварт  байдаг Монголын цагдаагийн 100 жил гэсэн самбарыг  буулгах гэж байгаад тогонд цохиулж амиа алдсан. Мэргэжлийн бус жолоочийн алдаанаас үүдэж осол гарсан. Камерын бичлэгийг  олон нийтэд ил болгох хүртэл өлсгөлөн зарлана” хэмээсэн.Мөн талийгаачийн ар гэрийнхний талаар ч  янз бүрийн мэдээллийг олон нийтэд цацаад  байгаа юм. Тэгвэл амиа алдсан алба хаагчийн ар гэрийнхэн өнөөдөр /2021.12.15/ тайлбар мэдэгдэл  хийлээ.  Тэд мэдэгдлийнхээ эхэнд “Бид талийгаачаа оршуулах зан үйл, буян номын ажлыг гүйцэлдүүлэх, ёс уламжлалын дагуу  49 хоногийг өнгөртөл  таагүй үг хэлэхийг  тэвчих, өндөр настай аав ээжийгээ амар тайван байлгах гэж хичээж байна. Гэтэл биднийг буруугаар ойлгуулж, нийгмийн сэтгэл зүйг төөрөлдүүлсэн элдэв мэдээллийг Ж.Одгэрэл гэх бүсгүй гаргаж байгаа нь харамсалтай. Иймд   аргагүйн эрхэнд мэдэгдэл, тайлбар хийж байна” гэсэн юм. Тэдний байр суурийг хүргэе.

 

ТАЛИЙГААЧИЙН ТӨРСӨН  АХ Э.МӨНХ-ЭРДЭНЭ:ДҮҮГЭЭ АЛДЧИХААД ДЭЭР НЬ ДОРОМЖЛУУЛЖ ГҮТГҮҮЛЭХ ХЭЦҮҮ БАЙНА

 -Биднийг дайрч давшилсан, доромжилсон байдал сошиалд  хүчээ авч байна. Ээж, аав ах дүү нар төрөл төрөгсөд бидний хувьд   хүнээ алдаад зогсохгүй,  дээрээс нь сэтгэл санааны хүнд хохирол амсаж байна.

Дүүг минь нас барсны дараа Ж.Одгэрэл  гэх  эмэгтэй гарч ирсэн.  Өөрийгөө талийгаачийн эхнэр гээд байгаа тэр эмэгтэй  өмнө нь бидэнтэй огт уулзаж байгаагүй. Бид  танихгүй.  Энэ сарын 3-нд дүүгээ өнгөрснийг сонсоод бид  очсон. Тухайн үед тэр бүсгүйг анх  харсан. Цогцос таниулах явцад  утасдаж дуудсан. Талийгаач дүү маань хоёр сарын өмнө  найз охинтой боллоо  гэж   хэлж байсан. Гэхдээ дагуулж ирж албан ёсоор танилцуулаагүй.  Цогцос таниулахад би нагац ахын  хамт тэр бүсгүйг дагуулан  гурвуулаа орсон. Хуулийн байгууллагаас эмэгтэй хүн болон  ээж аавыг нь оруулахгүй байхыг хүссэн. Бид гурав орж цогцыг нь  харчихаад тойроод гарсан. Гэтэл тэр  эмэгтэй цогцсыг бүтээсэн  бүтээлгийг авч, бүтэн биеэр нь харсан мэтээр ярьж, сошиалд элдэв мэдээлэл цацаж байна. Гол нь  бид  тэр үйл явцыг ээж, аав ах дүү нартаа хэлээгүй, нуусан байсан. Ийм, тийм болсон байна гэж тэр болгоныг  хэлж тэднийхээ сэтгэлийг нэмж шархлуулах зүрх хүрээгүй.

Гэтэл тэр  эмэгтэй дүүгийн маань цогцсыг  тарваганы боолт шиг, хуйхалсан толгой шиг болсон  байсан гэх мэт аймшигтайгаар ярьж олон нийтэд цацаж байна.  Миний эцэг эх хүүгээ ямар байдалтай  болж  амиа алдсан талаар  мэдээгүй байсан, бид мэдүүлэхийг хүсээгүй. Гэтэл ийм мэдээллүүд сонсоод  өнөөдөр сэтгэл санааны  гүн цочролд  орж  байна. Тэр бүсгүй  яагаад ингээд  яваад байгааг манай ар гэрийнхэн ойлгохгүй банйа. Дүүг минь өөд болсны маргааш буюу энэ сарын 4-ний өглөө 6.00 цагаас эхлэн сошиалаар элдэв мэдээлэл цацаж, бидэн рүү дайрч, давшилж эхэлсэн.

Урд орой нь цогцос таниулах  шүүхийн  шинжилгээнээс гарахдаа би тэр бүсгүйг “Миний дүү манай гэр бүлийнхэн болон аав ээжтэй маань  уулз” гээд  гэртээ  дагуулаад очсон. Түүнээс хойш биднийг буруутгасан элдэв мэдээг  сошиалаар цацаж байна. Хувийн чатаар хүртэл дарамталсан. Бүх нотлох баримт нь бий. Нөхцөл байдал иймдээ тулсан учир  энэ бүх баримтыг цагдаад өгч шалгуулна.

 

ТАЛИЙГААЧИЙН  ТӨРСӨН ДҮҮ Э.НАНДИНЧИМЭГ : ХЭРГИЙГ ШУДАРГААР ШИЙДЭЖ ӨГӨӨСЭЙ

-Ж.Одгэрэл гэх бүсгүй биднийг сошиалаар буруугаар ойлгуулж, доромжилж байгаа тул болсон процессыг хэлэх нь зүйтэй гэж бодсон юм. Тэр бүсгүйг бид болон манай ар гэрийнхэн  энэ сарын 3-нд  буюу ахыг минь  өөд болсон өдөр л анх харсан. Өмнө нь огт харж байгаагүй, танихгүй.Ах минь найз охинтой болсон гэж  надад хоёр сарын өмнө утсаар ярихдаа хэлж байсан. Тэр  бүсгүй гэрт минь ирээд ээж аав хоёрт минь эмгэнэл илэрхийлж, түшиг болооод суух  байх гэж маш их бодсон боловч тэгсэнгүй.  Бидний эсрэг мэдээлэл цацаж, гүтгэж, доромжилж   байгаа нь бидэнд маш хүнд цохилт болж, ээж аав хоёрт маань маш хэцүү байна. Иймд учир байдлыг тайлбарлаж хэлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ.

“Төрсөн дүү нь зодсон, одон медалийг нь шидсэн, хэрэггүй төмөр хог новшоо аваад яв гэсэн”  гэх тэр бүсгүйн  яриад байгаа зүйлд   би залруулга хиймээр байна. Манай удамд хэзээ ч тийм зүйл байхгүй.  Хүүгээ, дүүгээ, ахыгаа алдчихаад буяны ажилтай байхад  бидний  зүгээс  хэзээ ч тийм үйлдэл гарахгүй. Үүнийг монгол хүн хэн ч ойлгох байх аа.

Тэр  бүсгүй манайд орж ирээд буяны хандив гэж  зулын хажууд тавьсан  мөнгөө буцааж авъя гэхэд нь миний ээж аваад  өгсөн. Мөнгөө авчихаад бурханы авдар дээрх  ахын минь  хөрөг рүү дайрахад нь ээж минь "Одоо би чамайг ийшээ явуулмааргүй байна" гэсэн.

Эхлээд зул барих гэж байгаа юм болов уу гээд гарыг нь харсан. Гэтэл ээжийг минь түлхээд талийгаач ахын минь зурагны хажууд байсан одон медалийг аваад зугтсан. Тэр үед аав минь ухаан алдаж унах шахсан. “Би хүүгийнхээ юмыг авъя, ядаж  алдар гавьяагаар нь бахархаж сууя даа” гээд аав минь уйлаад үлдсэн. Би тэр эмэгтэйд “Чи одоо болно. Ээж, аавыг минь тайван байлгаж өгөөч. Одоо явчих, гуйж байна” гэж хэлсэн.  Гэтэл тэр эмэгтэй "Дүү нь зодсон, одон медалийг нь шидсэн" гэж олон нийтэд буруугаар ойлгуулж ярьж, бичиж байна. Бидэнд нэгийгээ цаг бусаар алдчихаад  хүн зодох  хүмүүжил байхгүй.

Ахынхаа байгуулсан алдар гавьяа,  одон медалиар үлдсэн  бид бахархаад суух байтал дээрэмчин шиг орж ирж авчихаад олон нийтэд ташаа мэдээлэл тараасанд үнэхээр харамсаж байна. Хууль хяналтын байгууллагынхан  хэргийг шалгаад, үнэн зөвийг албан ёсоор мэдээлж өгөхийг хүсэж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж, бидний сэтгэлийг дэвтээж өгөөсэй гэж хүсч байна.

 

ТАЛИЙГААЧИЙН НАГАЦ АХ Ж.ЭРДЭНЭЦОГТ: ТЭР ЭМЭГТЭЙ ӨМНӨ НЬ Ч СЕНСАЦ ТАРЬЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ

-Ийм зүйл болсонд харамсч байна. Талийгаачийнхаа буян номын ажил, 49 хоногийг өнгөрүүлтэл амар тайван байж чадахгүй, энд ирж тайлбар хийх болж байгаа минь ч харамсалтай байна.  Ж.Одгэрэл гэх эмэгтэйг бид танихгүй. Анх удаа албан байгууллага дээр нь очихдоо тааралдсан.  Талийгаач дүүдээ  “Найз охинтой болсон” гэж хэлж байсан гэсэн. Дүүг   минь хайрлаж байсан хүн гэж бодож, нээлттэй харилцаатай байхыг хүссэн. Гэтэл  эсрэгээрээ янз бүрийн юм ярьж, байж боломжгүй муу муухайгаар гүтгэж доромжлоод  яваад байгаа.  Иймд ямар учиртай хүн болохыг судлаад үзэхэд  хоёр жилийн өмнөөс интернэт, сошиал орчинд  янз бүрийн шуугиан тарьж,   сенсац үүсгэж байсан бүсгүй  байна лээ. Өмнө нь нөхөртэй байсан, зодуулсан, жирэмсэн байж байгаад зулбасан гэхчлэн ярьж, бичиж, цагдаа, шүүхийн гадаа өсгөлөн суулт хийж байгаагаа ярьж, бичиж байсан юм байна лээ. Бид  осол гарснаас нь эхлээд  хэргийг  хуулийн байгууллагаар нэгд нэгэнгүй  шалгуулж байгаа. Өмгөөлөгч авсан, осол юунаас болсон гэдгээс эхлээд хуулийн дагуу шалгуулж байгаа. Уг нь бид талийгаачийнхаа араас буян үйлдээд байж байх ёстой. Гэтэл тэр эмэгтэй  10 гаруй хоног бидэн рүү дайрч давшилж, доромжиллоо. Бид тэвчлээ, хүлээлээ. Аргагүйн эрхэнд өнөөдөр энд ирж мэдээлэл хийж байна. Биднийг ойлгоорой.

 

ӨМГӨӨЛӨГЧ Г.ОЮУНЦЭЦЭГ: ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛСЭН 

-Амь хохирогчийн ар гэрийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрэг бүртгэлийн шатанд хийгдээд явж байна. Үүнтэй холбогдуулан миний зүгээс мэдээлэл хийх боломжгүй. Сошиалаар явж байгаа “камерын бичлэгт ийм зүйлүүд дурдагдаж байна” гэдэгт хуулийн байгууллагууд өөрсдөө тайлбараа хийх байх. Ар гэрийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой хүсэлт, шаардлагуудыг тавиад оролцож байгаа. Үүнд ямар нэгэн албан тушаалтан, эрх бүхий байгууллагаас нөлөөлөх гэсэн, хэргийг хаах гэсэн, тухайн үед үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг буруушаасан гэх мэт нөхцөл байдал одоогоор тодорхой болоогүй байна. Тогтоолууд гарч байгаа, шинжээч томилсон, амь нас хохирсон асуудалтай холбоотой шинжээчийн дүгнэлт гарна. Хэрэг осолтой холбоотой МХЕГ-ын дүгнэлт гарч байж хэн хариуцлага хүлээх вэ, осол юунаас болов, гэм буруугийн асуудалд хэн оролцогч, хариуцагч болж орох нь тогтоогдоно. Энд тэр буруутай, энэ буруутай гэж урьдчилсан байдлаар, сэжиг таамгаар ярих боломжгүй. Холбогдох байгууллагууд шалгаж, тогтоож байж буруутай этгээдийг тогтооно. Шударгаар шалгаж, тогтоож, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэдэгт ар гэр нь найдаж байна. Онцгой байдлын газраас оршуулгын үйл ажиллагаанд нь оролцсон. Өөр байдлаар харилцсан зүйл байхгүй. Хэн буруутайг тогтоогоогүй тул нэхэмжлэлтэй холбоотой асуудал яригдаагүй. Ар гэр тохирсон,мөнгө авсан, иймээс дуугүй байна гэх зүйлийг Ж.Одгэрэл гэх хүн ярьж, сошиалд бичиж байгаа нь ор үндэслэлгүй мэдээлэл гэдгийг хэлье. Камерын бичлэгийг  устгаж, хэрэгт зүй бусаар нөлөөлж байна гэсэн зүйлийг тэр эмэгтэй бас ярьсан. Үүнийг шалгуулна. Үнэхээр тийм зүйл байвал шалгуулж, хариуцлага тооцож, эргэж мэдэгдэх шаардлагыг холбогдох байгууллагуудад тавьсан. Ийм мэдээллүүдийг Ж.Одгэрэл гэх эмэгтэй ямар эх сурвалжаас авч нийгэмд цацаж байгаа нь эргэлзээтэй. Иймд шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг ар гэрийн зүгээс тавьсан. Мөн ар гэрийн зүгээс эргэлзээтэй зүйлүүдийг тодруулж өгөөч гэсэн хүсэлт тавьж буйн дотор, тэр эмэгтэй өмнө нь маргаантай хэрэгт хохирогчоор орж байсан байна. Хэвлэлээр явагдсан мэдээлэл дунд  өөрийгөө жирэмслэлт явагдах боломжгүй болсон. Хавдартай болсон учир цаашид жирэмслэх боломжгүй гэх мэдээлүүдийг тарааж байсан байна. Гэтэл одоо өөрийгөө жирэмсэн гэхээр амь хохирогчийн ар гэрийнхэн эргэлзэж, яагаад хүүгээ алдсан бидний уй гашуу, гэнэтийн ослын хэрэг дээр энэ бүсгүй гэнэт  ороод ирэв гэсэн байдлаар хандаж байгаа. Хэрэгт тэр эмэгтэй оролцогч болоод явахад ямар ч хориг саад байхгүй. Түүнийгээ цагдаагийн байгууллагад хандан албан ёсоор хүсэлтээ  яагаад гаргаагүй юм бол.  Яагаад сошиалд янз бүрийн мэдээлэл цацаад байгаа юм бол. Хуулийн дагуу бол тэр эмэгтэйд хэрэгт оролцогч болоод явах нөхцөл бүрдэхгүй байгаа. Тийм болохоор сошиалд олон нийтийг төөрөлдүүлж, нийгмийн уур амьсгалыг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэсэн нөхцөл байдал гэж ар гэрийнхэн болон бид хардаж дүгнэж байна. Мөн сошиалд олон дагагчтай Нара, өмнө нь хуулийн салбарыг тэргүүлж байсан сайд асан Х.Тэмүүжин нар пост хийж байна. Шадар сайдын ажлын албанаас үүрэг чиглэл өгсөн гэх мэдээлэл, пост оруулж байгаа явдал байна. Энэ бүхнээс үндэслэж хэлэхэд, өнөөдөр хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хэний ч нөлөөгүй явах үүрэгтэй. Гэтэл улс төрийн шинжтэй, сошиалд аливаа асуудлыг нийгэмд түгээдэг хүмүүсийн зүгээс мэдээллийн эх сурвалжаа тодруулаагүй, нөхцөл байдал яагаад үүссэн, үнэхээр энэ эмэгтэй хохирогчоор тогтоогдох эрх бүхий этгээд мөн үү гэдгийг тодруулаагүй, амь хохирогчийн ар гэрээс тодруулаг авалгүй, тэгш бус мэдээлэл цацаад постлоод түгээгээд байгаад харамсч байна. Энэ хүмүүс мэдээллийн эх сурвалжаа зааж өгөх ёстой. Үгүй бол үүнтэй холбоотой хариуцлагын асуудал үүснэ, ийм гомдол, хүсэлтийг бид эхнээс нь хуулийн байгууллагад өгч байгаа. Энэ хэргийн хууль ёсны оролцогч, хохирогчоор ээж нь Мөнгөнчимэг гэж хүн тогтоогдоод явж байгаа. Ар гэрийн хувьд сэтгэл зүйн байдал маш хүнд байна. Хүүхдүүд нь аав, ээжийнхээ гар утсыг бараг л хураасан, сошиалын элдэв мэдээг харж шоконд орж, түүнээс үүдэж даралт ихсэх, зүрх өвдөх хүндрэл гарах вий гэж айж байна. Өнөөдөр энд суух ёсгүй хүмүүс сууж байна. Аргагүйн нөхцөл байдлын улмаас, нийгэмд энэ хүмүсийн тухай буруу ташаа мэдээлэл цацагдаад байгаа учраас, зайлшгүй шаардлага үүссэн учраас  арга буюу   тайлбар мэдэгдэл хийж байна. Монгол хүн өөд болоочийнхоо 49 хоног дотор элдэв юм ярихгүй, буян номын ажилд шамддаг атал аргагүй нөхцөл байдал үүссэн тул энд ирээд тайлбар мэдээлэл өгч байна.

Эх сурвалж: www.polit.mn