С.САРУУЛ
“Цар тахлын үеийн агаарын бохирдол” зөвлөлдөх уулзалтын үеэр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурахгүй байгаа нь үндсэн гурван шалтгаантайг судалгаагаар гаргасан. Нэгдүгээрт, сайжруулсан шахмал түлшийг стандартын зуухны хэмжээ жил ирэх тусам стандарт бус зууханд түлшээ түлж байна. Хоёрдугаарт, Улаанбаатар хотод түр оршин суугч шилжин ирэгсдийн тоо жил бүр өсч байна. Зарим судлаачдын дүгнэж буйгаар нэг аймгийн хэмжээнд ирж байна. Зургаан дүүргийн хэмжээнд 6510 түр оршин суугч байна. Гуравдугаарт, 2021 оны аравдугаар сарын байдлаар нийслэлд хотод тоологдсон авто тээврийн хэрэгсэл 650 мянга байгаа нь 2019 онтой харьцуулахад 16 хувиар нэмэгдсэн байна. Орон нутагт 2021 оны байдлаар арван аймгийг агаарын чанарын бүст хамруулсан. Цаашид энэ бүсүүдэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх тал дээр бодлогын бичиг баримт боловсруулж, үе шаттай ажил хийж байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн нүүрсний уурхайд түшиглэсэн баригдсан хүчин чадлыг нэмэгдүүлж эхний ээлжид Хархорин хотын 6000 мянган айлыг шахмал түлшээр хангахаар зориг ажиллаж байна. Цаашдаа Могойн голын уурхайд түшиглэж Завхан аймгийн шахмал түлшний үйлдвэрийг барьж байгуулах ТЭЗҮ гарч, холбогдох мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргаж байна” гэлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица “Дэлхий дахинаа covid-19-өөр өвчилсөн иргэдийн уушгины ажиллагааг сэргээх маш чухал байгаа. Үүний тулд амьсгалж байгаа агаар цэвэр байх хэрэгтэй. Ялангуяа агаарын чанарыг сайжруулах биш, бохирдлыг бууруулах талаар авч хэлэлцэж байгаа нь энэ удаагийн хэлэлцүүлгээс олзуурхууштай зүйл. Хог хаягдал, хөрс, усны бохирдол ч агаарын бохирдолд нөлөөлнө. Монгол улсын агаарын бохирдол дэлхийн стандартаас 45 хувиар их байх бөгөөд эрсдэлд хүргэхгүйн тулд өнөөдрийн уулзалт өндөр ач холбогдол үзүүлнэ” гэв.
Зохион байгуулагчдын зүгээс агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн санхүүжилтийг оновчтой, үр дүнтэй, зарцуулах ялангуяа сургууль цэцэрлэг, эмнэлгийн доторх агаарын чанарыг сайжруулах, өрх гэрт болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагад ашиглаж байгаа үр ашиг багатай халаалтын зуухыг халж байгальд ээлтэй цэвэр эрчим хүчний хэрэглээг дэмжсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриаллаа.
Эх сурвалж: www.polit.mn