Төмөрбаатарын БАТСАЙХАН
Хүний амьдрал гэдэг таашгүй юм даа. 19-хөн настай цэл залуухан эмэгтэй хаалга татаж ороод л хоёр гаргүй болчихно гэж яаж санах билээ дээ. Үнэхээр харамсалтай цаг үеийн хохирогч нь тэр мөн үү гэвэл мөн. Харин түүнтэй ярилцан, сэтгэлийг нь тэмтрэх тусам Ц.Ариунтуяа хэмээх энэ эмэгтэй амьдарсан шиг амьдарч иржээ гэсэн бодол төрнө. Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат Ц.Ариунтуяаг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа онцлон ярилцлаа.
“Тэр хаалгыг л татаагүй бол...”
Ц.Ариунтуяа тэртээ 1995 онд ахуйн ослын улмаас 6000 вольтын өндөр хүчдэлд цохиулан хоёр гараа тайруулжээ. Энэ харамсалтай үйл явдал болсноос хойш 30 жил өнгөрч байна. Цаг хугацаа харвасан сум шиг явж, энэ он жилүүдэд гандаж, гундах үе бишгүй байсан ч хүний сэтгэлийн гал гэдэг ямар айхтар вэ гэдгийг тэр харуулж яваа. Анх эмчээс “Гарыг нь тайрахаас өөр аргагүй боллоо” гэдэг үг сонсоод л тэнгэр хөмрөх шиг санагдсан гэдэг. Өөрөөр хэлбэл, гарыг нь тайрах уу, амиа өгөх үү гэдэг сонголтоос Ц.Ариунтуяа гараа алдаж, амьдралаа авч үлдсэн эмэгтэй. 1995 оны хоёрдугаар сарын 12-нд өндөр хүчдэлд цохиулсан аймшигт өдрийг тэр мартдаггүй. Тэр өдөр чухам юу болсон талаар түүнээс асуухад “Би тэр өдөр Сайншандад ирсэн байсан. Хоёр найз маань намайг дуудаад Эрчим хүчинд ажилладаг найз дээрээ дагуулж очсон юм. 6000 вольтын хүчдэлтэй өрөө гэхэд анхааруулах, сэрэмжлүүлэх ямар ч тэмдэг тэмдэглэгээ байгаагүй л дээ. Залуу ч байж дээ. Найзаасаа нуугдах гээд л “Намайг ирсэн гэж битгий хэлээрэй” гээд нэг өрөөний хаалга татаад орсон. Тэр хаалгыг нээгээд 1-2 алхсанаа санадаг юм. Тэгээд л нэг мэдсэн эмнэлгийг орон дээр сэрсэн. Миний зүрх зогссон байсан. Тэр үед нөгөө ертөнц рүү очоод буцаж ирсэн дээ” гэв. Ингээд эмнэлгийн орон дээр сэрэхэд хоёр гар нь маш их өвдөлттэй байжээ. Гарыг минь надаас салгаад өгөөч гээд гуйгаад байсан гэдэг. Тэрээр “ Ээж минь ярьдаг юм. Гар минь мах шиг болчихсон байж л дээ. Эмнэлэгт хоёр сар хэвтсэн. Гэсэн ч улам л дордож, идээ тогтоод, өвдөлт нь цаашлаад байгаа нь надад мэдрэгдэж байлаа. Өвчин маань улам нэмэгдээд артерийн судсанд хүрч эхэлсэн. Ингээд эмч нартайгаа ярилцаж байгаад гараа тайруулахад хүрсэн. Амиа аврах уу, гараа аврах уу гэдэг хэцүү сонголтод тулж амиа авч үлдсэн дээ. Анх бугуйгаар тайрах болов уу гэж бодож байсан ч нэлээд хойгуур тайрсан. Гэхдээ тохойныхоо үетэйгээ үлдсэн. Хэрэв тэгээгүй бол өнөөдөр би юм бичиж, нүүрээ будаж, машин барьж чадахгүй шүү дээ. Би болсон явдалд найзуудаа буруутгаж бодож байгаагүй. Бүх зүйл бурхны зурсан зураг төөргөөр болж л дээ. Гэхдээ хааяа харамсалгүй яах вэ. Тэр өдөр би тэр газар очоогүй бол, тэр хаалгыг татаагүй бол гэж уйлан дэр норгож хоносон шөнө, цаг мөч олон. Хүн болгон ярьдаг “6000 вольт бол хүн үнс болдог гэж. Гэтэл өнөөдөр би амьд байгаа нь бурхан намайг хамгаалсан юм шүү дээ. Би өөрөө амьд бурханд итгэдэг хүн” гэлээ.
Ослын дараах тэмүүлэл...
Түүний аав тээврийн жолооч, ээж нь холбоонд залгагч хийдэг байжээ. Дорноговь аймгийн уугуул хүмүүс. Тэднийх зургаан хүүхэдтэй бөгөөд хамгийн том нь Ц.Ариунтуяа. Хүүхэд нас нь Эрдэнэ суманд өнгөрч, 2003 оноос Сайншанд ирж, суурьшин амьдарсан. Аравдугаар ангиа төгсөөд оёдол эсгүүрийн ангид суралцаж, оёдолчин болсон. Гэвч хоёр гаргүй болсноор мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон байна. Тэрээр “Би оёдол эсгүүрийн анги төгссөн ч гэлээ эмч болох мөрөөдөлтэй охин байлаа. Яагаад гэхээр ээж минь тийм мөрөөдөлтэй байсан учраас ээжийнхээ гүйцээгүйг гүйцээх юм сан гэсэн бодол надад байсан. Ингээд аравдугаар ангиа төгсөөд эмчийн анги авч чадаагүй, оёдлоор суралцсан. Харамсалтай нь анхны дээлээ оёж сураад л гаргүй болсон доо” гэв. Осолд орсны дараах он жилүүд эхэндээ хар дарсан зүүд шиг л өнгөрсөн гэдэг. Залуу байсан учраас өдөртөө аль болох өөрийгөө завгүй байлгаж, найз нөхөдтэйгөө инээж, элдвийг ярилцаж өнгөрөөнө. Шөнө болохоор л элдэв юм бодогдож, олон шөнийг дэр норгож өнгөрүүлснээ ярив. Тэгээд Ц.Ариунтуяа хэлтэй бол хөлтэй гэдэг шиг англи хэл сурахаар шийдэж. Ер нь эмч болох, оёдол хийх боломжгүй болсон учраас орчуулагчаар ажиллаж амьдрах юм байна гэдэг бодол төрсөн нь түүний аймшигт ослын дараах анхны зорилго байв. Бие даан англи хэл сурч, өөрийн гараараа хоолоо идэж, бичиж сурах гээд олон шинэ арга барилд суралцаж эхэлсэн нь түүний амьдралын цоо шинэ тэмүүлэл байлаа. Тэрээр “Ер нь хүн хоолоо хүртэл хүнээр халбагадуулж иднэ гэдэг маш хэцүү. Халуун хүйтнийг тохируулна. Удаан идэхээр гар нь чилж байгаа болов уу гэж санаа зовно. Хүн идэж л амьдардаг юм чинь гээд хамгийн түрүүнд халбагадаж сурсан даа. Дараа нь өөрөө гунигт бодолд автахаас сэргийлж юм бичиж сурсан. Англи хэл сурсан. Өөрөө гурилаа зуурч, илдэж сурсан. Ер нь хүн хөгжлийн бэрхшээлтэй болохоороо их хаалттай, өөрийгөө нууж далдалсан байдалтай болж, нийгмээс тусгаарлагдаж эхэлдэг юм билээ” гэв.
“Ээж минь гарын минь оронд гар болж байна даа”
Ц.Ариунтуяа 1998 онд нөхөртэйгөө гэр бүл болж, 1999 онд анхны хүүгээ төрүүлжээ. Одоо гурван сайхан хүүгийн ээж. Сайншанддаа хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч байна. “Ээж болоод би өмнө хийж байсан бүх зүйлээ орхисон шүү дээ. Юун нөгөө англи хэл манатай болсон доо” хэмээн инээмсэглэнэ. Тэрээр “Анхны хүүхэд төрөхөд их зовсондоо. Ээжийг нь аврах уу, хүүхдийг нь аврах уу гэсэн сонголт ч дахин ирж, арай л гэж хоёр яс салсан даа. Хүүхдүүдээ өсгөж бойжуулахад ээж минь л гарын минь оронд гар болж, хүүхдүүдийг минь өсгөсөн. Одоо хүртэл ээж минь бидэнтэй хамт байна даа” гэв. Түүний том хүүг нь Эрболд, дунд хүүг нь Өнөболд, бага хүүг нь Барсболд гэнэ. Хүүхдүүддээ аав нь нэр хайрлажээ. Тэрээр найз нөхдөдөө “Би хүнтэй сууж чадахгүй байх. Хүнтэй суулаа гэхэд тууштай амьдарч чадахгүй. Над шиг хүний гар харсан хүнийг хэн харж суух вэ” гэж ярьдаг байв. Анх нөхрийгөө хоёулаа хамт амьдаръя гэхэд нь ерөөсөө итгэхгүй байсан гэдэг. Гэтэл нөхөр нь нэг өдөр гэрт нь ирж ээжтэй нь ярилцаад “Би Ц.Ариунтуяаг орхихгүй, хаяхгүй. Насаараа амьдраад хамгаалаад явна гэсэн амлалт өгч бид эхнэр нөхөр болсон. Сайхан хань надад таарч би гурван сайхан хүүтэй болсон доо” гэлээ. Тэрээр зах зээлийн хатуухан шуурганы үеэр хөгжлийн бэрхшээлтэй болсон ч зүгээр хийсэхийг хүсээгүй. Бүр хамгийн амаргүй замыг сонгосон нь ганзагын наймаа байв. Замын-Үүд рүү хүмүүст бараа захиж ирсэн барааг нь дэлгүүрүүдээр нийлүүлнэ. Ингэж явахдаа нөхөртэйгөө танилцаж байсан юм билээ. Одоо гурван сайхан хүү нь ээжийгээ харж хандаж, хүний зэрэгт авч яваад ихэд баярладаг нь мэдрэгдэж байв.
Мухлаг дэлгүүрийн эгч
Олон жил тэрээр урагшаа наймаанд явжээ. Цүнхэндээ мөнгөө хийгээд л воганд суугаад гарчихна. Тэгээд олныхоо хүчээр бараагаа татаад л хүрээд ирдэг байж. Гэхдээ арилжаа наймааны зам угаас амаргүй. Мөнгөө өсгөж чадна, бүүр шатаж, өрөнд орж байсан удаа ч түүнд бий. Одоо тэднийх Сайншандад хүнсний мухлагтай. Өөрөө ч “Мухлаг дэлгүүрийн эгч” нэртэй болжээ. Мухлаг дэлгүүр хэдийн 20 орчим жилийн түүхтэй болсон байна.
“30 жилийн мөрөөдлөө биелүүлмээр байна”
Ц.Ариунтуяа гэх энэ эмэгтэй ахуйн ослын улмаас 6000 вольтын өндөр хүчдэлд цохиулан амиа алдчихалгүй үлдсэн зол заяандаа баярлаж явдаг. Өнөөдөр амьтайгаа үлдсэн би азтай хүн юм даа гэж бодсон ч алаг үрсээ тэврэх боломжгүй болж, гучин жил явна. Өөрийн хүч чадал, авьяас чадвар, нөөц боломжоо дайчлан гаргүй ч гэсэн гартай юм шиг зориглон 30 жил өөрөө өөрийгөө дайчлан, өөрөө өөртэйгөө тэмцэж явжээ. 30 жил гэдэг багагүй цаг хугацаа. Өдөр бүр хүний царай харж аяга, хоол цайгаа идэж ууж, хүний царай харалгүй уучих юм сан гэж өдрийн бодол шөнийн зүүд болж яваа нь мэдрэгдэж байлаа. Өөрийн сайн дураараа усанд орж, өмд хувцсаа өмсчих юм сан гэж бодохоор өөрийн эрхгүй өр зүрхэндээ шаналсан өдрүүд тоймгүй олон байсныг тэр нуугаагүй. Ядаж л гэрийнхээ хаалгаа нээгээд орчихдог болох сон гээд холын мөрөөдөл зүрхэнд нь үргэлж уяатай явдаг юм билээ. Орчин үед эрүүл мэндийн салбар хөгжсөн. Түүний энэхүү мөрөөдөлд биелэх боломж бий билээ. Түүнд алс хотын АНУ-аас боломж байна шүү хүрээд ирээрэй гэх дуудлага ирсэн нь сайхан. АНУ-ын Калифорн мужийн Сакраменто хотын эмнэлэг хамгийн боломжтой буюу 200 мянган долларын өртөгтэй портезийг санал болгожээ. Тиймээс өнөөдөр тэр 30 жилийн турш мөрөөдсөн мөрөөдлийнхөө зүг хүлгийн жолоогоо залан гүйж явна. Энэхүү портез нь мэдрэг чадвар сайтай, биед ачаалал үзүүлэх нь бага, орчин үеийн мэдрэмтгий чанартай юм. Гэхдээ энэхүү портезын үнэ нь гурван хүүхэдтэй, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй, эмэгтэй хүнд үнэндээ өндөр өртөгтэй, зардал их гарах болсон тул аргагүй эрхэнд Монгол түмнээсээ тусламжийн гараа сунгахыг уриалж хандивын аяныг хүртэл өрнүүлж яваа билээ. Түүний 30 жилийн мөрөөдөл биелэх нь гарцаагүй биз ээ. Үр хүүхдийн минь мөрөөдөл ургаж нисэх цаг болжээ. Ээжийгээ асрах ёстой гэх нэрийдлээр хажуудаа байнга уях эрх надад байхгүй гэх түүний үгээр нийтлэлээ өндөрлүүлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 16 (7512)