Б.ЭНХЗАЯА

Монголын ард түм­нийг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол кино” нэгтгэл уналтад орсон талаар мэр­гэжилтнүүд нь  ярьдаг. Тус байгууллагын захирал Ж.Солонго үйлд­вэрийн эзэмшил газрыг барилгын компаниудтай наймаал­цах болсныг ах­мад уран бүтээлчид нь эсэргүүцжээ. Мөн “Монгол кино” нэгтгэ­лийн ажил урагшлахгүй байгааг бай­гууллагын за­хиралтай хол­бон тайлбар­лаж байна.

Энэ асуудлыг шийд­вэр­лэхээр “Монгол кино” ахмадын зөвлөлийн тө­рийн бус байгууллага бай­гуулжээ. Тус байгуул­лагын тэргүүн, кино най­руулагч Д.Цэнддоржтой ярилцлаа.

-“Монгол кино” нэгтгэл гэх том айл өрхөө татаад 78 дахь жилтэйгээ золгож байна. Сүүлийн үед буурал түүхтэй байгуул­лагын талаар бараан мэдээ­лэл цацагдах боллоо. Үйлдвэрийн захирал Ж.Со­лонго газар наймаалцсан гэх юм. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-“Зүмбэр орд” гэх ба­рилгын компанийнхан өнгөр­сөн арваннэгдүгээр сард “Монгол кино” нэгт­гэ­лийн ахмадуудад ханд­са­­наар асуудал өрнөсөн. Тэд 2009 оны зурга­дугаар са­рын 2-нд “Мон­гол кино” нэгтгэлийн захирал Ж.Со­лон­готой гэрээ хий­сэн байгаа юм. “Зүмбэр орд” компани манай бай­гуул­лагын эзэмшил газар дээр амины орон сууц барихаар тохиролцож, ха­риуд нь  “Монгол кино” нэгтгэ­лийн ажилтнуудад 10 байр өгнө гэсэн гэрээг байгуул­сан байсан. Гэ­рээнд захирал Ж.Солонго газрын болон техникийн асуудлыг шийдэхээр тус­га­сан байж. Гэтэл манай талаас нөхцөлөө бүрдүүлж өгөхгүй байсаар, тухайн компани газраа өөрсдөө хөөцөлдөж, Төрийн өм­чийн хорооноос зөвшөөрөл авч барилгаа барьсан бай­на лээ. Гэтэл захирал Ж.Со­лонго асуудал бос­гож,  байр авахаар Баян­зүрх дүүргийн шүүхэд ханд­сан. “Зүмбэр орд”-ынхон үүргээ биелүүлээ­гүй учир байраа өгөх боломжгүй гэж маргасан ч шүүхийнхэн Ж.Солонгын хүсэлтийг баталгаажуулж өгсөн байгаа юм. Барил­гын компанийнхан шүү­хийн хүсэлтийг биелүү­лэх­дээ зөвхөн ганц хүний эрх мэдэлд биш, “Монгол кино” үйлдвэ­рийг бий болгосон ахма­дууд, инже­нер техникийн ажилчдад олгоё гэсэн санал тавьж бидэнд хандсанаар энэ талаар олж мэдсэн.

-Байраа ажилтнууддаа өгнө гэж тохиролцжээ. Гэтэл “Монгол кино” нэгтгэлийн ажилтнуудад мэдэгдээгүй гэсэн үг үү?

-Тийм. Ахмадууд захирал Ж.Солонгоос гурван жилийн хугацаанд энэ талаар юу ч сонсоогүй байсан. Энэ байдлыг сонсоод бид Ж.Солонго захиралтай уулзсан. Гэтэл дарга бидэнд тодорхой мэдээлэл өгөөгүй. Тэр байрнаас 10 хүрэхгүй жил ажилласан санхүүгийн албаны дарга залууд нэг байр өгсөн байна лээ. Тэр нь ч байрандаа ороогүй, өөр айл суудаг гэсэн. Энэ асуудлаар манай ахмадууд болон залуу уран бүтээл­чид хуралдаж, ярилцсан. “Монгол кино” нэгтгэ­лийг гардан байгуулж, оргил үед нь ажиллаж явсан уран бүтээлчдэд олгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гарга­сан. Тухайлбал, УГЗ Давааням, УГЗ Дамдин, зураач, УГЗ Цогзол, олон жил  ажилласан өрх толгойлсон эмэгтэй ч бий. Тэдэнд байр олгох олгох саналыг  ахмадууд дэмжсэн. Сана­лаа “Зүмбэр орд” компанид хүргүүлсэн. Энэ асуудлыг “Монгол кино” үйлдвэр хамтарч шийдэх ёстой. Тиймээс бид ахмадын албан ёсны байгууллага бий болгоё гэж зөвшилцөөд, кино үйлдвэ­рийн дэргэдэх ахмадын хороог бай­гууллаа. Яахав, өмнө нь ахмадын хороотой байсан. Гэвч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй, жилд нэг удаа ахмадуудыг цуглуулж хоолонд оруул­даг. Гэтэл төр засгаас ахмадаа анхаарч олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Манайханд ийм ажил зохиогдохгүй байгаа учир албан ёсны ахмадын хороог байгуулахаар зорьсон юм. Бид “Монгол кино” үйлдвэрийн эрх мэдлийг булаацалдаж байгаа гэсэн үг биш. Олон жил хүчин зүтгэсэн хүмүүс гавьяа шагналаас хоцорч байна, зарим нь орон сууцгүй амьдарч байна. Бид ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалахаар байгуулагдсан нь энэ.

-Тэгвэл захирал Ж.Солон­го авахаар тохирсон байрандаа хүмүүс оруулаад эхэлсэн гэсэн үг үү. Хэрэв ахмадуудад байр өгвөл үнэгүй орох уу. Энэ талаар судалж үзэв үү?

-Ж.Солонгын дээрх үйлдэлд хардах бас нэг сэжүүр бий. Байшинд орж байгаа иргэн байрны үнийн 40 хувийг төлөх юм билээ. 60 хувийг ком­паниас хөнгөлнө. Харин төлбөрийн 40 хувь нь Ж.Со­лонгын данс руу шилжиж байсан. Өөрөөр хэлбэл, төлбөрөө барилгын ком­панийн дансанд хийнэ. Барилгын компанийнхан тэр мөнгийг Ж.Солонгын данс руу шилжүүлэхээр тохи­ролцсон байсан. Тиймээс тэр хөрөнгийг хувьдаа авах гээд байгаа юм уу, үйлдвэртээ зарцуу­лах юм уу, тодорхойгүй. Энэ талаар нээлттэй байх ёстой шүү дээ. Үүнд их бухимдаж байна. 

-Ахмадын зөвлө­лийн­хөн удирдлагатайгаа уулзсан гэсэн. Байрны талаар ямар хариу өгөв. Ер нь төрийн өмчит газар нутгийг хувь хүн дур мэдэн барилга бариулсан нь хуульд хэрхэн нийцэх вэ?

-Бид өмнө нь хэд хэдэн удаа уулзсан. Өнгөрсөн даваа гаригт уулзахад тодорхой хариулт бас л өгөөгүй. Цагаан са­рын дараа шийдвэрлэнэ. Шүүхийн байгууллагаар явж байгаа гэсэн тайлбар өгсөн. Гэхдээ ойрын хугацаанд дахин уулзаж, байрны асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ ганцхан “Зүмбэр орд”-ын байр байна уу гэвэл үгүй. Үйлдвэрийн хашаанд “Үйзэм” гэх компани бас л таван давхар барилга барьж байгаа. Захирал Ж.Солонго түүнээс дахин 10 байр авах гэрээ хийсэн байна лээ. Тэгэхээр нийт 20 байр авна гэсэн үг. Энэ яриа, хэлцлийг хэн ч мэ­дээгүй байсан. Тиймээс таньдаг хүндээ өгөх болов уу, нааш цааш гувчуулчих болов уу гэсэн хардлага төрж байна. Манай хүн яаж ч мэдэх хүн. Уг нь “Монгол кино” нэгтгэ­лийг алтан үеийн ахмадууд бий болгож, Ж.Солонгын суудлыг бэлдэж өгсөн шүү дээ. Тиймээс тэр ахма­дуудын өмнө бөхийж явах ёстой. Төрийн өмчит газрыг захирал Ж.Солонго дур мэдэн худалдаалж бол­дог юм уу, эсвэл Төрийн өмчийн хороо нь хариуцдаг юм уу гэдгийг бид цаашид гаргаж ирнэ. Энэ бол хоосон хардлага биш, баримттай мэдээлэл. Ер нь ашиг сонирхлын зөрчил их байгаа.

-Энэ байгууллагын эзэмшил газарт кино бүтээх бүхий л орчин бий болсон байх ёстой. Гэтэл кино үйлдвэрийг тойроод л барилгууд байх юм?

-Нэг хэсэг кино үйлдвэ­рийн хашаа ноос ноолуурын зах шиг бай­сан. Харин одоо барилгын зах шиг болчихоод байна. Тэр сайхан талбайд кино бүтээх бүх орчинг бүрдүүлж өгөх ёстой. Гэтэл кино лабораторийг той­руулаад хашаа барьчих­сан. Яах гээд байгаа нь бас л хардлага төрүүлмээр. Анх кино үйлдвэрийн хашаанд Татварын ерөнхий газрынхан барилга барьж эхэлсэн юм. Тэр үед за­хирал Ж.Солонго ахмадуудаа бамбай болгон түлхчихээд, өрмийг нь идэх болохоор ганцаараа юм уу цөөхөн хэдэн хүмүүстэй хуваалцаж болохгүй. Би санаж байна. Зандраа гуай, Уртнасан гуай кино үйлдвэрийн газартаа барилга бариулахгүй гээд тэмцэж байсан. Гэтэл одоо барилга нь аль хэдийнэ сүндэр­лэчихсэн. Тэр үед Ж.Со­лонго захирал тохиролц­чихсон юм уу, төр нь мэ­дээд авсан юм уу гэдгийг сайн мэдэхгүй юм. Ер нь сүүлд хараад байхад үйлд­вэрийн хашаанд до­торх барилга тохиролцооны шинжтэй болж байна.

-Ард түмнийг соён гэгээрүүлж, кино урлагийг түгээж байсан хамгийн том байгууллага “Монгол кино” нэгтгэл байсан. Харин одоо кино урлагийг залуу уран бүтээлчид хувиараа л хөгжүүлж байх шиг?

-Төрөөс “Монгол кино” үйлдвэрт 6.5 га газрыг өгсөн шүү дээ. Тэр талбайд кинонд шаард­лага­тай бүхий л нөхцөл боломжийг бий болгох боломжтой. Байшин барилга, хотын гудамж гээд кинонд ашиглах юу байна бүгдийг улсаас бүрдүүлж өгсөн байсан. Гэтэл “Монгол кино” нэгтгэл 2000 оноос хойш буруу замаар явах болсон. Одоогийн захирал Ж.Со­лонго 1998 онд Төрийн өмчийн хорооноос томи­логдож ирсэн юм. Шинэ захирал ирснээр УГЗ Дамдин гуай бид хэдийг чөлөөт уран бүтээлч бол гээд халсан. Түүнээс хойш 15 жил өнгөрлөө. Энэ хугацаанд юм өөрчлөгдөх байх, кино үйлдвэр маань өндийгөөд ирэх болов уу гэсэн хүлээлт ахмадууд болон залуу уран бүтээлч­дэд их байлаа. Монголын ард түмэнд ч байсан. Гэтэл одоо бол сайн дурын уран бүтээлчид кино хйигээд Монголын кино урлагийг авч явна шүү дээ. Кино үйлдвэр уран бүтээл хийж байгаа юм алга. Сард ганц удаа аравхан минутын мэдээ бэлтгэж байна.

-”Монгол кино” үйлдвэр мандан бадарч явсан үеийн кино мэдээг алтан үеийнхэн үгүйлдэг юм билээ. Одоогийн кино мэдээ яагаад тэдэнд таалагдахгүй байна вэ?

-Кино мэдээг 1950-иад оны дундуур хийж эхэлсэн. Кино мэдээ бол түүхийг авч үлдэх ёстой. Монгол оронд болж байсан түүхэн үйл явдлыг хадгалж үлдэх үүрэгтэй. Гэтэл бас л Ж.Солонго захирал томилогдсон үе буюу 1998 оноос кино мэдээ утгаа алдаж, сард ганцхан удаа 10 минутын мэдээгээр Монголын түүхийг бичих болж. Гэтэл төрөөс кино мэдээнд зориулж жил бүр 120 сая төгрөг төсөвлөдөг. Нэг мэдээнд 10 сая төгрөгийг зарцуулж байна гэсэн үг. Тэр мэдээ нь шаардлага хангаж байна уу гэвэл үгүй. Түүхэн мэдээнд ямар киног үлдээх ёстой юм, шилэлт сонголт бүх л юм байх ёстой. Улстөржиж, намчирхаж болохгүй. Энэ тал дээр маш их уналтад орсон. Шаардлага хангахгүй хальсаар авдаг, зураглаач нь авч байгаа үйл явдлаа ойлгодоггүй, ийм л байдалтай байна. Мөн хэтэрхий их нурш­ан, мэдээлэх хандлагатай болсон. Тиймээс мэргэж­лийн комиссынхон өнөө­гийн нөхцөл байдалд хүр­гэх талаар олон шаардлага тавьсан. Кино нэгтгэлийн удирдлагууд ажил хэрэг болгодоггүй юм.

-Энэ байгууллагыг ор­чин үеийн техник техно­логиор хэрхэн хангадаг юм бол?

-Одоог хүртэл мэдээ­гээ хальсан дээр хийж байгаа гээд бод л доо. Хаягдал хальс энд тэндээс олж ирж угаадаг. Сүүмийсэн, цасан шуурга шуурч байгаа шиг, утаатай Улаанбаатар шиг зураг гарч байна. Сүүлийн үеийн мэдээг үзэж байхад ийм л зураг гардаг. Өмнө нь одоогийн зурагт шиг гардаг байсан юм. Хяналт шалтгалт ч өндөр төвшинд байж. Зураглаачийн дүрс тэнцэх үү үгүй юу, тэнцэхгүй бол хэний буруу вэ гээд хариуцлага хүлээдэг байлаа. Харин одоо тийм юм алга. Кино мэдээг 10 минут буюу 300 метр хальсанд буулгадаг байсан. Харин одоо бол 200 метр флёнк дотор хоёр мэдээ багтаачихдаг болж. Мөнгө төгрөгөө хэмнэх аргыг бодож олсон нь тэр юм уу, бүү мэд. Өнөөдрийн телевизүүдийн кинонд ашиглаж байгаа дижитал системийг ашиглаад DVD хуурцаг, хальсан дээр хад­­га­лах боломжтой бол­сон үе шүү дээ. Тэгээд ч заавал 10-хан минутын мэдээ биш, нэг сард 2-3 цагийн материал хадгалах боломж байна. Энэ талаар яриад байдаг, одоо ч шийдэгдсэн зүйл байхгүй. 15 жил удирдсан удирд­лага нь сэтгэл гаргахгүй байна.

-Захирал Ж.Солонгыг мэргэжлийн найруулагч хүн гэдэг юм билээ. Энэ олон жилийн хугацаанд “Монгол кино”-г хөл дээр нь босгох хангалттай хугацаа байсан байх?

-Тийм. Зах зээлийн нийгэмд шилжиж байхад Драмын театр, дуурийн театр ямар төвшинд байлаа даа. Харин өнөөдөр тэд зөв менежмент, зөв бодлогоор хэрхэн гялалзаж байна. Гэтэл Монгол кино үйлд­вэр муухан компанийн жорлон шиг болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл, “Мон­гол кино”-г Ж.Солонго нурааж байна. 1998 онд Ж.Солонгыг томилогдоход дорвитой бүтээл хийгээд гараад ирэх болов уу гэсэн хүлээлт их байсан. Гэтэл  15 жилийн хугацаанд өөрийн байр суурийг бэхжүүлэх, хувийн эрх ашгийн төлөө ажилласан болов уу. Учир нь кино үйлдвэрт болж байгаа бүх үйл явц нууц, далдуур явагддаг. Засгийн газар, Тагнуулын ерөнхий газар ч олон нийтэд нээлттэй болсон байхад кино үйлдвэр хаалттай байна. Нэг эзний хоёр зарц гэдэгчлэн тэр хоёр давхар албатай. Кино урлагийн дээд сургуулийн захирал, бас Монгол киноны захиралын албыг хашдаг. “Монгол кино” нэгтгэл гурван том үйлдвэртэй байсан. Баримтат киноны студи гээд бие даасан байгууллага 1990-ээд он хүртэл ажиллаж байлаа. Тэр студи явсаар байгаад Киноны улсын сургууль болж хувирсан. Гэтэл саяхан улсын сургуулийг нэгтгэх үеэр нөгөө сургууль маань хувийнх болж таарсан. Хэн, хэдийд улсын сургуулийг хувьч­лаад авчихсан юм. Сур­гуулийн захирал, эсвэл “Монгол кино” нэгтгэ­лийг удирдах хэрэгтэй. Нэг эзний хоёр зарц гэдэг шиг болчихоод байна. “Монгол кино” идэвхтэй оргил үедээ Соёлын яамны харъяа байсан. Тэр систем рүүгээ одоо яагаад орж болохгүй гэж. Эцсийн бүтээгдэхүүн соёл урлаг, уран бүтээл төрнө. Төрийн өмчийн хорооныхон байшин савыг хариуцаж байна. Захир­лыг нь ч тэндээс томилдог. Үүнийг салбарын шинэ сайд шийдэх ёстой.

-Дээр үеийн кинонд хэрэглэж байсан эдлэл, хэрэглэл хомсдсон гэж ярих юм?

-Кино бол улсын үе үеийн түүхийг бичиж үлдээдэг. Тиймээс улсаас учир жил бүр бодлоготойгоор юм авч өгдөг байсан. 50-иад оны тавилгууд, 50-иад оны гэр, эхнэр хувцас, 60-аад оны цэргийн хувцас, хаадын барьж байсан хөөрөг зэрэг бүх эдлэл хангалттай, каталогижуулсан байсан. Дайн байлдаантай кинонд олон машин хэрэглэдэг байлаа. Тухайн үед Батлан хамгаалах яамнаас өгч байсан. Гэтэл одоо манай зураачид үгээ хэлдэг. Бидний жил бүр мөнгө төсөвлөөд худалдаж авдаг байсан гэр, тавилга, хөөрөг байхгүй болчихож. Тэр олон машин хаана байна. Ганц нэг машины рам үйлдвэрийн хашаанд хэвтдэг. Уг нь байлдааны төрөл бүрийн машин үйлдвэрийн хашаанаас хөдлөөд гардаг байлаа. Түүнээс гадна уран бүтээлийн машин ч олон байсан. Дээрээс зураг ав­даг задгай машин, цахил­гааны эх үүсвэр гаргадаг дөрөв таван цахилгаан станцын машин бүгд байхгүй болсон.

-Эдлэл, хэрэглэлийн тооллого хийдэг байлгүй дээ?

-Одоо бол зуун цэрэг хувцаслаадах гэвэл чадахгүй. Арван эхнэр хувцасла гэвэл чадахгүй. Дээр үед цэргүүдийг хэдэн зуугаар нь хувцасладаг. Жад сэлэм, буу олон зуугаар гаргадаг байлаа. Уг нь улам баяжуулж, сэргээж байх ёстой юм. Тэр олон эд материалыг хэндээ өгсөн юм бүү мэд. Жил бүр тооллого явагддаг гэсэн. Бидэнд үзүүлдэг ч үгүй. Ийм хэмжээнд хүр­сэн байгууллагыг удирдаж чаддаг хүндээ өгөөд, сургууль руугаа очих хэрэгтэй. Эсвэл энд суугаад байх ашиг сонирхол байгаа юм уу. Монголын киноны хөгжлийг тодорхойлж яваа залуучууд хамтран ажил­лая гэхээр таарч тохир­доггүй гэсэн.  Кино зөвлөгөөн болоход залуу уран бүтээлчид жаргал зовлонгоо ярьдаг. Таарах­гүй юм, доромжилж, загнах юм гэдэг. Манай хүн ч өөрөө тийм ааштай. Удирдах хүн тийм байж болохгүй шүү дээ. “Монгол кино” нэгтгэл 1935 онд байгуулагдаад, 1945 он гэхэд үйлдвэртэй болчихсон байсан. Гэтэл XXI зуунд шилжчихээд байхад юу ч хийхгүй, Төрийн өмчийн хорооноос ирсэн манаач шиг л сууж байна.