Ч.ГАНТУЛГА
Яг л энэ сар шиг цастай өвлийн өдөр тоглоомын талбайд өдөржин наадаж, улаан туяатай бондгорхон хацраа алгаараа дарж дулаацуулчихаад, цаг хугацааг умартан гүйдэг хүүхэд нас л хамгийн гэгээн. Хоёр чих час час хийсэн ч даарснаа үл ажран, хөөцөлдөн тоглож, зүүсэн ороолтоо хаана гээснээ ч мэддэггүй зүггүйхэн бага насаа та санадаг уу. Цангинасан инээдээр орчлонг сүлж, цагаахан мөрөөдлөөр жигүүр хийдэг учир хүн бүхэн хүүхэд насандаа хамгийн хайртай байдаг юм болов уу. Балчирхан насандаа бид анх хүн болох суурь, хүсэл мөрөөдлийнхөө эхлэлийг тавьж, тэр л замаараа дардан амьдрах гэж хичээдэг билээ.
Харин энэ л насандаа анх “том толгой” гаргаж, нэг л өдөр өөрийнхөө амьдралыг өөрөө “шийдчихсэн” хүн бол өнөөдрийн миний нийтлэлийн эзэн Монгол Улсын гавьяат жүжигчин, ЦДБЭЧ-ын ахмад бүжигчин Э.Долгормаа билээ. Мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа урлагийн мэргэжил бүр сайхан гэлтэй. Учир нь уран бүтээлч хүн бусдаас илүү гэгээн, сэтгэл догдлол ихтэй, эрч хүчтэй байдаг нь мэргэжлийнх нь онцлог юм билээ.
Насан туршдаа тайзан дээр амьдарч, үзэгчдийн алга ташилт, сайхан энергийг хүртэж явсан хүн ийм гэгээлэг, хүүхэд шиг байх нь аргагүй юм даа гэж түүнтэй уулзахдаа бодож суулаа. 20 гаруйхан настай цэл залуухан байхаасаа ЦДБЭЧ-тай амьдралаа холбож, өөрийн амьдралын 42 жилийг бүжиг гэдэг урлагтай холбосон Э.Долгормаа яг л бүжиглэх гэж төрсөн гэмээр энэ урлагтаа уусан шингэсэн хүн юм билээ. Тиймдээ ч чуулга, уран бүтээл, хамт олныхоо тухай ярихдаа нүд нь сэргэж, дуу нь чангараад л. Алхаа гишгээ нь хөнгөн шингэн. Дүрэмт хувцас нь жигтэйхэн гоё зохихыг нь яана. Хэдийгээр тайзаа орхиж, багшилж эхэлсэн ч хүний эзэмшсэн мэргэжил, дадал гэдэг юутай сайхан юм бэ. Суухдаа хүртэл цэх шулуун, байнга хувцсаа засах нь басхүү тангараг өргөсөн цэрэг гэдгийг нь санагдуулам.
Цэрэг бүжиг үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна
Энэ жил ЦДБЭЧ-ын хувьд түүхэн жил. Учир нь анх цэргийн бүжиг үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байгаа юм. Бидний яриа энэ цэгээс эхэлсэн юм. Тэрбээр энэ амралтын өдрүүдэд залуу насаа “тамгалж” үлдээсэн чуулгынхаа тайзан дээр дахин гарчээ. Учир нь уран бүтээлчид маань ойн баяраа угтаж “Алсран одох он жилүүд” хүндэтгэлийн тоглолтыг амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн тоглолтод дөрвөн үеийн бүжигчид оролцож, өөрсдийн цаг үедээ туурвиж байсан шилдэг бүтээлээс түүвэрлэн тоглосон юм. Анх 1932 оны арванхоёрдугаар сарын 12-нд орос сургагчийн зааснаар хэдэн бүжигчин ардын бүжгийг арай өөр цэрэг дэгд оруулж тоглолт хийсэн нь өнөөдрийн цэрэг бүжиг, ЦДБЭЧ-ын суурь тавигдсан гэж үздэг. Бүжигчин Э.Долгормаа 1979 онд дөнгөж сургуулиа төгсөөд тус чуулгад хуваарилагджээ. Түүнийг ирэхээс өмнө чуулга мэргэжлийн бүжигчдээр ховор байж. Ихэвчлэн сайн дурын уран сайханчдаас бүрдсэн авьяастнууд уран бүтээл ангийг олон жил нуруундаа үүрч явжээ. Бүжигчдийн дунд 1960 оны үед сургууль төгссөн, нэг ахмад бүжигчин, 1977 онд төгссөн хоёр бүжигчин л байв. Тухайн үед Соёлын яамнаас орос сургагч багштай дөрвөн жилийн гэрээ хийж, урилгаар ажиллуулдаг байсан үе юм. Энэ журмаар Зөвлөлтийн сургагч Зубров гэрээ нь дуусаад нутаг буцах үедээ Цэдэнбал Пелатовад “Монголын цэрэг армийн энэ чуулгыг мэргэжлийн уран бүтээлчдээр хангах хэрэгтэй. Та чадахаараа туслаарай” гэж захисан байдаг. Азтай ч юм уу энэ үед нь Э.Долгормаа Хөгжим бүжгийн дунд сургуулийн бүжгийн ангийг төгсч таарсан юм.
Говь-Алтайн хуваариас сугарч үлдэв
Социализмийн үед сургууль төгссөн оюутнуудыг шууд орон нутгийн чуулгад хуваарилдаг байв. Энэ журмын дагуу 1979 оны төгсөлтийнхөн бүгд орон нутгийн хуваарь өвөртөлжээ. Э.Долгормааг Дундговь юмуу Говь-Алтайн чуулга руу явуулна гэсэн сураг сонсогдоно. Унаган хотын хүүхэд учир орон нутаг руу явах болсондоо жаахан сэтгэл гундуу байсан нь тодорхой. Гэтэл энэ ангийн есөн хүүхдийг чуулгын бүжиг дэглээч Ц.Сэвжид авна гэсэн зар тарах нь тэр. Ингэхдээ эхлээд шалгалт авна гэжээ. Бүжигчид монгол, сонгодог бүжгийнхээ дасгалыг хийж, бэлтгэж эхлэв. Шалгалтын бүрэлдэхүүнд Ц.Сэвжид гуайгаас гадна театрын гоцлол бүжигчин Ю.Оюун тэргүүтэй мундагууд сууна. Ийнхүү Э.Долгормаа өдгөө 80 жилийн түүхээ бичиж буй чуулгынхаа босгоор анх алхсан түүхтэй. Тухайн есөн бүжигчин Монголын цэргийн бүжгийн түүхэнд “анхны мэргэжилтнүүд” гэсэн тодотголыг хүртсэн байдаг. Үүнээс хойш дахин сайн дурын уран сайханч авсангүй. Үргэлж мэргэжлийн сургууль төгссөн уран бүтээлчдээр хүрээгээ тэлсээр иржээ. Чуулга маань 1979 онд Э.Долгормааг ирэхэд “Монголын ардын армийн дуу бүжгийн ансамбел” байсан бол 1994 онд Хилийн цэргийн ансамбелтай нэгдэж “Бүх цэргийн дуу бүжгийн чуулга” болов. Харин 2000 оны эхээр өнөөдрийн академич буюу ЦДБЭЧ гэсэн статустай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Уран бүтээлийн гараа нь жагсаалын бэлтгэлээс эхэлжээ
Э.Долгормаа анх чуулгад орсон тухайгаа “Бид дунд сургуульдаа зөвхөн бүжигчин болох сууриа л тавьдаг. Чуулгад орсноор жинхэнэ бүжигчин болох гараа минь эхэлсэн гэж боддог. Анх цэргийн байгууллагад ороход сүрдмээр санагдаж билээ. Учир нь өглөөний ажил маань жагсаалын бэлтгэлээр эхэлдэг байсан. Ансамбел жагсаад гээд л их сүртэй бас бахархмаар. Яг л цэргийн хүн шиг бэлтгэл сургуулилт хийж, дүрэмт хувцас өмсдөг байлаа. Цэргийн бүжиг заахын тулд эхлээд дэг сургаж байгаа нь тэр шүү дээ. Хичээл нь цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, бүжиг гэсэн дарааллаар явна. Бид чинь сургуульд монгол, сонгодог бүжгийн суурь тавиулсан. Гэтэл өглөө жагсахад гар хөл зөрөхөөс эхлээд олон асуудал үүснэ. Бэлтгэл хийж, нухлуулсны хүчинд сарын дараа бараг л цэрэг болчихсон байлаа. Цэргийн бүжгийн онцлог нь ардын бүжгээс илүү техник шаарддаг. Хүчтэй товшилт, үсрэлт, хүнд элемент ихтэй. Эмэгтэй хүнд жаахан ахадсан мэргэжил юм даа гэж хааяа боддог юм. Гэхдээ өөрөө хүсэлтэй, хүчтэй, залуухан байсан болохоор даваад л гардаг байсан” гэж дурссан юм. Үнэхээр чуулгын бүжгийг харахад эргэлдсэн, эрч хүчтэй, жавхаалаг харагддаг. Манай бүжигчид өнөөдрийн түвшинд хүрэхэд Оросын “Александра” ансамбел их хувь нэмэр оруулжээ. Учир нь тухайн үед манайд урилгаар тоглож, уран бүтээлчид маань туршлага солилцдог байж. Хэдийгээр урлаг, уран сайхан хийж байгаа ч цэргийн байгууллага бол дэг, журамтай байх ёстой гэсэн хатуу зарчимтай. Эх орны хилийн манаанд гарч байгаатай адил дуудсан үед бэлэн байх ёстой гэсэн ганцхан зарчим л тэдэнд үйлчилнэ. Тэр үеийн эмэгтэй бүжигчид үсээ задгай тавьж, өөр өнгөөр будуулах ч эрхгүй байв. Энэ үеийг дурсахдаа бүжигчин маань “Намайг залуу байхад Алла Пагучева ид мандаж байсан үе л дээ. Нээх гоё буржгар улаан үсээ задгай тавьчихаад дуулдаг байсан юм. Ингээд л үсээ задгайлаад явахсан гэж мөрөөддөг байлаа” гээд инээмсэглэсэн юм.
“Бүжгийн урлаг цаг үетэйгээ хамт хөгждөг”
1970-аад оны үед “Хөдөө нутгийн залуус”, “Адуучин”, “Саальчин” гээд чуулгын урын сан уламжлалт бүжгээр арвин байжээ. Харин Э.Долгормааг ид бүжиглэж байх үед нэгэн үе солигдсон гэж ярьдаг. Учир нь бүжгийн урлаг орчин үеэ дагаж хөгжиж, өөрчлөгддөг жамтай. 1980-аад оноос тайзнаа орчин үеийн бүжиг ноёрхож эхлэв. Арай чөлөөтэй, модерн урсгалын бүжгүүд тайз эзэгнэх болсон юм. Энэ үед чуулгад н.Даваа багш бүжиг дэглэж байв. Хэдийгээр төр засгийн зүгээс барууны урсгалыг сурталчиллаа гэж шүүмжилсэн ч уран бүтээлчдийн хувьд ухарч няцалгүй зоригтой урагшилсан юм. Харин 1982 оноос гавьяат н.Лхамжав багш урилгаар иржээ. Тэрбээр чуулгад ажиллсан он жилүүддээ жинхэнэ монгол цэргийн бүжгийг хөгжүүлсэн юм. Түүний “Морьтон цэрэг”, “Цэнхэр дурдан алчуур” бүжиг одоо ч тайзнаас буугаагүй хэвээр байна. Эдгээр бүжгээр Монголын хилчин цэргүүд болон монгол эмэгтэйн өдөр тутмын амьдралыг их уран, донжтойгоор бүжгийн урлагт оруулж иржээ. Чуулга маань 1990-ээд он хүртэл энэ л хэвээр дэвжсээр байж. Харин 1990 онд чуулга шинэ бүжиг дэглээчтэй болсон нь Э.Долгормаагийн ангийн хөвгүүн Д.Гонгор юм. Түүний цаг үед шинэхэн бүжиг дэглээч өнөөх цэргийн дэгтэй орчин үеийн бүжгийг түүхэн үйл явдалтай холбожээ. Чингис хааны үеэс эхлээд том, том түүхэн бүжгүүдээр урын сангаа баяжуулж байв. Түүний дараа 1997 оноос бүжиг дэглээч Л.Ганчимэг мөн урилгаар ирж ажилласан байдаг. Тэрбээр жагсаалын бүжгийг илүү нарийн донж, маягийг шигтгэснээр зогсохгүй өнөөдрийн дүрэмт хувцасны загварыг анх гаргасан гэдэг. Ийнхүү жилээс жилд ЦДБЭЧ урын сан, утга агуулга, уран бүтээлчдийн хувьд өсөж дэвжсээр өнөө манай үед иржээ. Өнөөдөр энэ байгууллагын бүжиг дэглээчээр Л.Баттөр ажиллаж байна. Түүний бүтээлүүд өмнөх уламжлалаа бүгдийг нь багтаасан чанартай гэж ахмад бүжигчин Э.Долгормаа ярьж байлаа.
300 гаруй уран бүтээлд оролцсоноос 100 гаруйд нь гоцлов
Э.Долгормаа гавьяат ЦДБЭЧ-д 25 жил ажиллахдаа 300 гаруй уран бүтээлд оролцож, үүнээс 100 гаруйд нь гоцолсон байдаг юм байна. Харин бие даасан тайлан тоглолтоо дөрвөн удаа хийжээ. Бүжигчний мэргэжил хэцүү. Цаг үргэлж үсэрч, харайна. Э.Долгормаагийн хувьд тайзан дээр гарахаараа их эрэмгий, дайчин болчихдог байсан гэж одоо ч энэ салбарынхан нь ярьдаг юм билээ. Ид бүжиглэж байх үедээ хөл чанга, хөдөлгөөн хурдан учир эргэлт их сайтай байжээ. Тэрээр нэгэн тоглолтынхоо тухай дурссан юм. Нэг удаа н.Даваа багш нь “Гаяна” сэлэмт бүжгийг дэглэжээ. Энэ бүтээлд нэг эмэгтэй гоцлооч, 12 эрэгтэй бүжигчин бүжиглэдэг юм байж. Тухайн үед Б.Батбаяр, Б.Шагдар гэсэн эрэгтэй бүжигчидтэй гоцлов. Бүжгийн төгсгөлд эмэгтэй гоцлооч эрчтэй гүйж ирээд хэвтэхэд хоёр эрэгтэй бүжигчин нь хоёр талд нь сэлэм зоогоод дуусдаг аж. Яг энэ үед Б.Шагдар бүжигчний зоосон сэлэм Э.Долгормаагийн хурууг оночихжээ. Үзэгчид ч орилж. Энэ үед Э.Долгормаа цус гоожсон гараа ардаа нуугаад, юу ч болоогүй юм шиг босч ёслоод, гэмтээгүй гараараа үзэгчид рүү даллаад тоглолтоо дуусгаад тайзнаас буусан удаатай. Гарнаас нь цус садарч, тоглолтын хувцас нь нилэнхүйдээ цус болжээ. Тэр өдөр хоёр удаа тоглох байв. Энэ үед багш нь гарыг нь хүйтэн усанд дүрж цусыг нь тогтоож, боогоод дараагийн тоглолтод нь оруулсан гэдэг. Урлагийн хүн ийм л хатуу замыг туулдаг юмсанж. Э.Долгормаагийн амьдралд үзэгчдээ хүндэлж, өвдсөн ч өвдөөгүй юм шиг, уйлмаар байсан ч инээгээд зогсох үе олон тохиолдсон гэдэг. Тэрбээр гавьяаныхаа амралтад суугаад Хөххотод гурван сар ажиллаад иржээ. Залуу наснаасаа эрч хүчтэй амьдралын хэмнэлтэй байсан хүнд ганцхан сар гэртээ суухад их л хэцүү санагдаж. Ингээд ажил хайж эхэлжээ. Энэ үедээ Орос гуравдугаар сургуульд бүжгийн багшаар орсон түүхтэй. Түүнийг очиход аль хэзээний багшаар авах захирлын тушаал гарчихсан байсан гэдэг. Энэ үеэс гавьяат маань Монголын хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад бүжгийн хичээлээр гоо зүй олгож, багш хэмээх алдрыг хүртээд 16 жил болж байна. Тэрбээр одоо “Хүрээ тулга” сургуульд багшилж байгаа юм. Хэдийгээр хүүхэд бүхэн бүжигчин болохгүй ч урлагаар хүмүүжсэн хүүхэд энэрэнгүй зөөлөн, зөв төлөвшилтэй, удирдагч болдог тухай бидэнд ярьж сууна.
Спортын гимнастикаар хичээллэдэг нь бүжигчний суурь болжээ

Э.Долгормаа унаган хотын хүүхэд. Тэрбээр бүжигчин болно гэж мөрөөдөж байсангүй. Нийслэлийн 75 дугаар сургуульд дунд ангиа төгсжээ. Үеийнхэн дундаасаа ялгарах зүйлгүй, дундаж сурлагатай охин байсан гэдэг. Харин тавдугаар ангиасаа спортын гимнастикийн дугуйланд орсон нь түүнийг бүжигчин мэргэжилтэй холбох гүүр болсон гэлтэй. Учир нь нэг өдөр ангийн найз Б.Энхтуяатайгаа дугуйлангаа тараад явж байтал Хөгжим бүжгийн дунд сургуульд хүүхэд авна гэсэн зар харжээ. Хоёр жаахан охин шалгуулая гэж ярилцаад шууд тэр өдрөө яваад очсон юмсанж. Тухайн үед Б.Жав багш хүүхэд шалгаруулж байхтай нь таарав. Танхимд ороод зогстол хөлөө өргө гэхэд нь гимнастикаар хичээллэдэг хоёр охин хөлөө бараг чихнийхээ хойно аваад ирж. Найзынх нь хувьд их уян зөөлөн хөдөлгөөнтэй бол Э.Долгормаа их хатуу байж л дээ. Зарим багш Э.Долгормааг үлдээгээд Б.Энхтуяаг нь авья гэсэн санал гаргаж. Тэр үед Б.Жав багш “Энэ хүүхдийг заавал авна. Жаахан хатуу л юм байна. Гэхдээ ийм хүүхдийг зөөллөх нь чи бидний ажил биз дээ” гэж зөрөлдсөнөөр Э.Долгормаа гэнэт л бүжигчний ангид орчих нь тэр. Ийнхүү тэрбээр ганцхан өдрийн дотор өөрийнхөө ирээдүйг өөрөө шийдээд, Хөгжим бүжгийн дунд сургуулийн хуваарь өвөртлөөд гэртээ харьсан “адтай” охин. Түүний аав хурандаа цолтой, хөгжим тоглодог цэргийн хүн байжээ. Харин ээж нь шанз хөгжим тоглодог байсан тухай дурсаж байв. Э.Долгормаа зургаан хүүхэдтэй айлын отгон охин ажээ. Тэдний гэр үргэлж л дуу хуур цалгисан, инээд хөөрөөр дүүрэн байдаг байж. Анх бүжигчний ангид ороод ирэхэд нь ээж нь “Бүжигчний мэргэжил их хэцүү дээ. Ядахдаа ард нь хөгжим тоглоод сууж байдаг хүн болчихгүй дээ” гэж охиныгоо нэг их хайрласан харцаар харсан нь одоо ч түүний сэтгэлд хадаастай явдаг ажээ.
Тээврийн жолоочтой хувь заяагаа холбов
Хүний амьдрал гэдэг сайхан. Үр үндэсээ цэцэглүүлж, эцгийн голомтоос галаа тасалдаг нь жам. Э.Долгормаа энэ насны амьдралаа эгэл даруухан тээврийн жолоочид даатгасан юм. Тэд гурван сайхан үрийн ижий аав болж, өнөөдөр ач зээгээ тойруулан өнөр өтгөн, аз жаргалтайгаар инээж сууна. Уран бүтээлч хүний хань гэдэг асар их тэвчээрийн ундарга байдаг гэлтэй. Өнөөдрийн гавьяатын өдий зэрэгтэй яваа нь түүний ханьтай салшгүй холбоотой. Бүжигчин гэргийгээ ойлгож, ар гэрээ хариуцлагатай дааж чадсаных нь гавьяа. Хот хөдөөгөөр аялан тоглолт хийж, олон сараар явахад нь нэг ч удаа ундууцаж үзээгүй ханьдаа үргэж талархаж амьдардагаа Э.Долгормаа онцолж байсан юм шүү. Анх чуулгад ороход эмэгтэй бүжигчдийг гурван жилдээ хүүхэд гаргахгүй гэсэн гарын үсэг зуруулдаг байжээ. Энэ л гэрээнийхээ дагуу Э.Долгормаа гурван жил бүжиглээд том хүүгээ өлгийдсөн гэдэг. Төрөөд 56 хоноод л эргээд ажилдаа орж байсан нэгэн. Тэрбээр 42 жилийн амьдралаа зориулсан бүжгийн ертөнцөөс олон зүйлийг сурчээ. Ямар ч үед илүү тэвчээр зааж, амьдралын шуурганд нурахгүй байх хатан ухаан, сэтгэлийн хатыг урлаг, армийн амьдрал түүнд сургасан ажээ.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.13 ДАВАА № 243 (6720)