Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын дунд үеэс эхлэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд жинхэнэ “гал” гарав. Орон сууцны эрэлт ихэсч, үнэ “тэнгэрт хадлаа”. Өрсөлдөөн их байсан тул орон сууцнууд өндөр үнэтэй ч хурдан хугацаанд зарагдаж байв.

Цар тахлын оргил үеэр үл хөдлөх хөрөнгийн компаниуд үйлчлүүлэгчтэйгээ биечлэн уулзаж, байраа үзүүлэх боломжгүй болсон. Тиймээс тэд үйлчилгээндээ “TikTok” цахим сүлжээний платформыг ашиглах шинэ нээлтийг хийснээр дээрх үр дүнд хүрчээ. Тодруулбал, байрныхаа бичлэгийг хийн “TikTok”-т байршуулснаар тэд богинохон хугацаанд худалдан авагчаа олж эхэлжээ. Үүнийг үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьсгал хэмээн нэрийдэж байна. Ийн яг энэ аргаар амжилт олсон хүмүүсийн туршлагаас хуваалцаж байна.

10 минутад 10 өөр орон сууц харах боломжтой юу?

Мэдисон Саттон хэмээх 25 настай агент бүсгүй Америкийн Нью Йорк хотод амьдардаг. Тэрбээр “TikTok”-т өнгөрсөн оны эхээр @TheNYCAgent хэмээх хаяг нээн үл хөдлөх хөрөнгөө сурталчилж эхэлжээ. Гэтэл түүний төсөөлөөгүй үр дүнд хүрсэн байна.

Энэ тухай тэрбээр “TikTok”-т хаяг нээж эхэлснээр нэг орон сууцны талаар 200-400 хүн лавлаж байсан. Ийм зүйл болно гэж амьдралдаа хэзээ ч төсөөлж байсангүй. Энэ бүхэн миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. 10 минутад 10 орон сууцыг “TikTok-оос өөр аргаар харах боломжтой гэж үү” гэж ярилаа.

Мэдисон бизнесээ  100 хувь “TikTok”-т шилжүүлснээр түүний харилцагчид хоёр дахин ихэсчээ. Учир нь “TikTok” хэрэглэгчдийн дөрөвний гурав нь долоо хоногт нэгээс их цагийг тус аппликейшнд зарцуулдаг гэсэн тооцооллыг “Statista”  гаргасан байна.

TikTok”-ийн  бичлэгээ яаж олон хүнд хүргэх вэ?

Илүү олон хэрэглэгчийг татахын тулд үл хөдлөх хөрөнгийн агентууд “For You” гэсэн алгоритмыг бичлэгэндээ тохируулахыг Мэдисон зөвлөв. Учир нь ингэснээр таны бичлэг зорилтот бүлгийн буюу тухайн муж бүс нутгийн хэрэглэгчид харагдах юм.

Техас мужийн нэгэн агент Уайтинг энэ аргыг ашигласнаар түүний бичлэг 2.2 сая хүнд таалагджээ. Тэрбээр энэ бичлэгэндээ ямар ч төлбөртэй сурталчилгаа ашиглаагүй бөгөөд лайк дарсан хүмүүсийн 90 хувь нь түүний дагадаггүй байжээ. Ингэхдээ Уайтинг  #homesforsale, #luxuryrealestate гэсэн хаштаг ашигласан бичлэгүүдийг нь 24 саяаас 556 сая хүн үзжээ. Энэ нь орон сууц маш хурдан зарагдахад тусалсан байна.

Борлуулалтаа дөрөв дахин өсгөжээ

Үл хөдлөх хөрөнгийн агентийн зургаан жилийн туршлагатай, “TikTok”-ийн ямар ч мэдлэггүй  Жозеф Фейлинг тус платформыг ашиглаж үзэхээр шийджээ. Үр дүнд нь тэр АНУ-ын Даллас мужийн хамгийн хямд үнэтэй орон сууцнуудыг худалдаалах зах зээлд хамгийн их амжилт олжээ.

Энэ тухайгаа “COVID-19 цар тахал хүмүүс асар их зүйлийг туршиж үзэх боломжийг олгосон. Өнгөрсөн жил би Калифорниад ямар олон худалдан авагчтай болсон гэж сананаа. Учир нь тэд Калифорниа дахь сая долларын үл хөдлөх хөрөнгөө зараад Техаст 500 мянган доллараар байшинтай болох боломж бий болсон. Хэрэглэгчдийн 75 хувь нь “TikTok”-оос бидний байшинг харсан. Борлуулалт дөрөв дахин өссөн. Бид цахим нийгэмд амьдарч байна. Тиймээс бичлэг бол бидний ирээдүй. Хүмүүсийн анхаарал ч ийшээ чиглэж байна” гэв.

Энэ оны есдүгээр сар гэхэд “TikTok”-ийн идэвхтэй хэрэглэгчийн тоо сард нэг тэрбумд хүрсэн нь том амжилт байв. Эцэст нь  Мэдисон Саттон “TikTok” хэрэглэгчтэйгээ удаан хугацаанд харилцаатай байх боломжийг бүрдүүлсэн. Хэрэв энэ платформ байгаагүй бол бид эдгээр үйлчлүүлэгчдээ хүрч чадахгүй байлаа. Тиймээс хэрэв чи агент бол “TikTok”-ийг ашиглаарай” гэж зөвлөлөө.

Эх сурвалж:CNN