С.САРУУЛ

Цахим үндэстэн, хүний хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо “Зууны мэдээ” сонинд ярихдаа “Цахим үндэстэн гэхээр хүмүүс зөвхөн E-Mongolia төслийг ярьж байна гэж ойлгодог. E-Mongolia бол цахим үндэстэн болохоор зорьж хэрэгжүүлж буй олон ажлын зөвхөн нэг нь юм. E-Mongolia -н хувьд товчхондоо төрөөс иргэнд, бизнесийн байгууллагад, төрөөс төрд үзүүлдэг үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгаа томоохон ажил гэж ойлгож болно. Цахим үндэстэнг улс орнууд янз бүрээр тодорхойлж байна. Монгол Улсын хувьд эх орны өнцөг булан бүрд харилцаа холбооны дэд бүтэцтэй, хүн бүр цахим сүлжээг тодорхой хэмжээгээр ашигладаг буюу хөгжлийн гадна хэнийг ч үлдээхгүй байх зарчмыг баримталж байгаа. Цахим үндэстэнг байшин гэж харвал уг байшингийн суурь нь гэж хэлж болно. Дунд хэсэгт нь мэдээллийн аюулгүй байдал, түүнийг зохицуулах хууль эрхзүйн зохицуулалт байх юм. Дараа нь иргэдийн тоон бичиг үсгийн мэдлэг чадвар, хэрэглээг багтааж байгаа. Мөн цахим засаглал буюу төрийн байгууллагуудын харилцааг бүрэн цахим болгохыг зорьж байна. Ингэснээр салбар бүрийг мэдээлэл харилцаа холбооны технологиор дэмжих, бүтээмжийг нэмэгдүүлж инновац, дижитал эдийн засгийг нэмэгдүүлэх боломж нээгдэж буй. Үүний цаана стратегийн зургаан зорилт тодорхойлсон.

Эхний зорилт болох дижитал дэд бүтцийн хүрээнд 331 сумаас 226 нь шилэн кабельд холбогдлоо. Үлдсэн зургаан сумыг ирэх жилүүдэд холбож дуусгана. Цаашид сум суурингаас гадна аялал жуулчлалын бүс нутаг, олон улсын А зэрэглэлийн зам дагуу байнгын сүлжээ оруулахаар төлөвлөсөн. Мөн 2023 оны нэгдүгээр сараас Улаанбаатар хотод 5G сүлжээг оруулна. Манай байгууллагаас бодлогын баримт бичиг гарч, хувийн хэвшил нэвтрүүлнэ. Дижитал дэд бүтцийн хүрээнд олон жил ярьж байгаа үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийг урагшлуулна” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn