Д.ДАРАМБАЗАР

 

Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны багш, дасгалжуулагч ОУХМ Б.Хаштогтохыг урьж ярилцлаа. Тэрбээр 1991 оноос хойш дасгалжуулагчийн ажил хийж, тив, дэлхийн шилдэг олон тамирчинг бэлдсэн байна.

 

-Таны хувьд хэзээнээс самбо бөхөөр хичээллэж эхэлсэн бэ?

-Би багаасаа барилдах дуртай хүүхэд байлаа. Олон ах нарын дунд өссөн болохоороо тэдний барилдахыг шохоорхож анх бөхийн спортыг сонирхож эхэлсэн. Харин VII ангиасаа жүдо болон чөлөөт бөхөөр идэвхтэй бэлтгэл хийдэг болсон. Бэлтгэл хийгээд удаагүй байхдаа жүдо бөхөөр хөдөлмөр нийгэмлэгийн хоршооны тэмцээнээд оролцоод II байр эзэлсэн юм. Энэ нь надад их урам зориг өгч цаашид бөхийн спортоор хичээллэх боломжийг олгосон доо. Харин одоо бол самбо, жүдо хоёроор зэрэг хичээллэж, шавь нараа бэлтгэж  байна.

-Бөхийн спортоос яагаад самбо, жүдог онцолсон юм бэ?

-Аав маань бөхийн спортод их хорхойтой хүн байсан. Намайг бага байхаас бөх болгоно гээд үе тэнгийн хүүхдүүдтэй барилдуулна. Би уначихаад их бухимддаг байсан. Анх жүдо бөхөөр хичээллээд хамгийн бага жинд барилдсан л даа. Анхны тэмцээндээ амжилт гаргаад урамшсан болохоор аавынхаа ч хүслийг биелүүлье гээд зориглосон. Хожим нь бодоход тухайн үед аав маань намайг жижигхэн биетэй гэж гололгүй, таарсан хүүхэдтэй барилдуулж эв дүй суулгах гэсэн ухаан байж дээ гэж баярладаг.

-Анхны тэмцээнд оролцохдоо айдастай байв уу?

-Хамгийн бага жинд барилдсан учир өрсөлдөгчид ихэвчлэн миний үеийн, жингийн хувьд хол зөрөөгүй хүүхдүүд байсан. Гэхдээ анхных гэдэг утгаараа жаахан айж, эмээж байсан санагддаг юм. Тухайн үед багш минь зоригжуулж байсандаа сандралаа дарж чадсан болов уу. Энэ амжилт нь намайг олон хүний хараанд өртөх боломжийг олгосон. Үүнээс хойш аймаг, улсын чанартай олон тэмцээнд амжилттай оролцлоо.

-Самбо болон жүдо бөхийн арга техник нь ижил байдаг уу?

-Барилдааны арга барил төстэй. Гэхдээ техник, мэхийн хувьд ялгаатай талууд бий. Самбо бөхийн үндсэн техник нь үндэсний бөхтэй ойролцоо. Шавь нараа аль алийг нь хослуулж барилдуулахыг боддог. Олон улсын жүдо бөхийн холбооноос самбо бөхчүүдийг жүдогийн тэмцээнд орохыг хориглодог. Тэгэхээр аль нэгийг нь сонгох шаардлагатай. Одоогийн байдлаар бид жүдо бөхөөр илүү амжилт гаргасан ч самбо бөхөөр тасралтгүй тамирчин бэлтгэх бодолтой байгаа. Би тамирчдадаа аль болох олон мэхний хувилбартай болоорой гэж захидаг.

-Тамирчидынхаа бэлтгэл сургуулилтыг хийлгэхдээ юуг илүү анхаарч байна?

Өсвөр үеийн тамирчид  өдөрт 6-7 цагийг бэлтгэлдээ зориулдаг. Тухайн тамирчин хурд хүчээ сайжруулахаас гадна толгойгоо ашиглаж барилдах хэрэгтэй. Энэ зарчмын дагуу зөвлөгөө өгч, бэлтгэлийг нь хийлгэдэг. Тамирчин хүн хэчнээн хүчтэй байлаа ч сэтгэж чадахгүй бол амжилт үзүүлэхгүй. Тиймээс миний баримталдаг нэг зарчим бий. Тэр нь биеийн хүчнээс илүү хурдан сэтгэж, ухаалаг барилдах. Энэ л зарчмаар тамирчдаа сургадаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.9 ПҮРЭВ № 241 (6718)