Б.ОД
“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Түгжрэлийг бууруулах зөвлөх үйлчилгээнд яагаад 11 тэрбум төгрөг төсөвлөсөн юм бэ?
-Түгжрэлийг бууруулах зураг төсөл, судалгаа, зөвлөх үйлчилгээ гэж байгаа. Нийслэлд 2022 оноос томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Түгжрэлийг бууруулах зорилгоор нийт 90 байршилд холбоос зам, туслах зам, гол замын зураг төслийн ажлыг хийж байгаа. Мөн 1800 метр гүүрний зураг төслийн төсөв, Улаанбаатар хотод шинээр хийх гэж буй тулгуур байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний суурь судалгаа, урьдчилсан ТЭЗҮ, зогсоол, уулзвар шинэчлэлт, явган хүний зам, дугуйн зам, шугам сүлжээ, ногоон байгууламж, үерийн байгууламж зэрэг бүтээн байгуулалтуудын зураг төсөл, зөвлөх үйлчилгээг цогцоор нь хийхээр оруулсан.
-Туул голын далан дээгүүр авто зам барьж байгаа асуудалд тайлбар өгөхгүй юу?
-“Хан хиллс” хотхоноос баруун тийш гарсан Туулын гүүр хүртэлх нэг км замын ажлын явц 30 хувьтай үргэлжилж байна. Далангийн ажил бол маш нарийн. Үе, шат дараалалтайгаар нягтаршуулах үйл ажиллагаа явдаг. Даланг эвдэж, сүйтгэнэ гэсэн тооцоолол байхгүй. Харин далангийн түвшнийг дээшлүүлж, замынхаа ажлыг дуусгана гэсэн байр суурьтай байна.
-Дүүжин тээврийн төсөл юу болсон бэ?
-Засгийн газрын хэмжээнд Дүүжин тээврийн төсөлд Ажлын хэсэг байгуулсан. Одоогийн байдлаар гурван удаа хуралдсан. Дүүжин тээврийн эхний трасс буюу Баянхошууны эцсээс III хорооллын эцэс хүртэлх шугам бий. Тус шугам нь трасст өртсөн буюу газраа өмчилж авсан айлуудын дээгүүр явах тул тухайн айл өрхүүдийн зүгээс трассыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бусад эрсдэлүүдийг тооцоолоод эхний трассыг өөрчлөх чиглэлийг Ажлын хэсэг гаргасан. Дүүжин тээвэр бол хоёр улсын Засгийн газрын хэмжээнд, нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төсөл. Уг төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд оновчтой байршлын маршрутыг гаргах ажил хийж байна.2022 он гараад дэлгэрэнгүй танилцуулгыг хийнэ.
Эх сурвалж:www.polit.mn